ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Зүүний хүч & Хотын фракци

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-12

“Нам дотроо тун удахгүй шинэчлэл эхлүүлнэ. Чадахгүй бол ард түмнээсээ тусламж хүснэ. Ингээд хийж чадахгүй бол би өөрөө албан тушаалаасаа огцорно” гэсэн мэдэгдлийг чуулганы танхимд хийчихээд гарч одсон Ерөнхий сайдын үг олон хүнийг амралтын өдрөөр ч амар тайван суулгасангүй. Нөгөөтээгүүр, У.Хүрэлсүхийн хэлсэн эдгээр үгс “Амь насаа алдахаас ч айхгүй байна” хэмээн ёсолж зогсоод хэлж байснаас тэр өөр сонсогдов. Тэр юу хэлэхийг хүсэв. Түүний хэлээд байгаа нам доторх шинэчлэл гэдэг нь яг юу байх юм. Хэдэн хүн хөөх, эсвэл АН шиг ротаци хийснээр шинэчлэл явах уу, эсвэл Ардын намыг дахиад задлах уу гэдэг нь сонихон. Цаашлаад ард түмнээсээ тусламж хүснэ гэсэн үг нь хөвөнд ороосон чулуу байв уу гэх мэтээр дөрвөн өдрийн амралтын хугацаанд намынх нь олон гишүүн таавар оньсого хэлэлцэж, намын даргынхаа учир битүүлэг үгний учгийг тайлах гээд завгүй байлаа. Өнгөрөгч долоо хоногт  МАН-ын бүлгийн хурал дээр ч У.Хүрэлсүх “Тун удахгүй ард түмэнтэй хамт шинэчлэл хийнэ. Тэр цагт та нар хэлсэн үгэндээ байгаарай” гэсэн утгатай үг хэлчихээд гарч одсон гэх. 

Ард түмний дэмжлэг нэрээр төрийн эргэлт хийх вий дээ, арай нөгөөх чинь Ерөнхийлөгчтэй нэгдээд биднийг тараана гэж давхих юм биш биз гэсэн айдас МАН-ын 65 улстөрчийг нойргүй хонуулж байгаа. “Чадахгүй бол би өөрөө огцорно” гэсэн үг амиа алдахаас ч айхгүй байна гэдгээс жинтэй сонсогдсон учраас шинэчлэлээ эхлүүлэхээс нь өмнө явуулчихъя гэх бодол 32-ын бүлгийнхэнд төрж, ардын засгийг унагах төлөвлөгөө ч саарал ордонд зурагдаж эхлэв. Ядахад, “Уучлалт гуй чадахгүй бол 2020 онд тойрог өгөхгүй шүү” гэсэн түүний үг олон улстөрчийн уурыг хүргэж, томилж болсон чамайг унагаж бас болдог юм гэсэн хэгжүүн занг нь өдөөж орхижээ. 2020 оны сонгуулиар У.Хүрэлсүхэд хадаг барьж мөргөж байснаас бүдэрчихээд байгаа энэ үед нь нэмж дэвслээд унагачихвал илүү даацтай харагдах төлөвлөгөөг найрлаж цэнгэсэн энэ дөрвөн өдөрт хэдийнэ зурж амжсан нь тодорхой байна. Үе үеийн Ерөнхий сайд нар парламентын өмнө “гэрийн үйлчлэгч” шиг ажиллаж ирсэн. Хий гэснийг нь дуулгавартай гүйцэтгэж, тэдний дохио зангаагаар ажлаа явуулдаг байв. Харин У.Хүрэлсүх тэгж чадаагүй учраас танхимтайгаа хамт огцрох эсэх нь 32-ын бүлгийн кнопоор өнөө маргаашгүй шийдэгдэх нь ээ. Жижиг, дунд үйлдвэрийн зээлийн дуулиан ч түүнд өгсөн хамгийн том сануулга байлаа. Учир нь тэр шүдгүй арслан шиг сууж чадаагүй юм.

Намын даргын суудлыг авчихсан атлаа аядуу зөөлөн нэгнийг байх суух газаргүй болгосон үе олон. 60 тэрбумаар нээлттэй сонсгол хийх ёстой гэсэн улс төрийг ил далд явуулж, М.Энхболдын уурыг хангалттай барж байлаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хотын фракцийг онилсон түүний сум олон ч удаа амжилттай ниссэн дээ. Тэр болгонд удтал тэсч, явуулсан суманд нь амин бус газраа олон удаа шарх авсан учраас М.Энхболд энэ удаа илүү даацтай тэсрэв. Гэхдээ одоо ч тэр хөшигний цаана байгаа. Улс төрд илүү удаан оймс элээсний хувьд У.Хүрэлсүхийн эмзэг цэг хаана байсныг мэдэрч, түүнийгээ ч амжилттай гүйцэтгэв. Ерөөс Засгийн газрын бүх санг шалгавал ямархуу булхай луйвар илрэх, 33 гишүүний дэмжлэгээр Ерөнхий сайд болохдоо өгсөн шагнал нь юу байсныг удтал дарж байгаад гаргаад ирлээ. 33 гишүүний 15 нь сайдын суудлаар шагнуулчихсан. Харин үлдсэн 18 нь  кнопоо үнэлсэн шагналд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 950 сая төгрөгийн ижил тэнцүү зээл авсан дуулианыг сэвэх нь өөр хэнд ашигтай байх билээ. Улсын бүртгэлд л байдаг нууцын зэрэглэл бүхий эдгээр мэдээлэл зөвхөн хууль, хүчний байгууллагад байх учиртай юм. Овог нэр, удам судар, бүр авсан зээл нэг бүрээр нь илчилсэн энэ мэдээлэл шилэн дансанд байсан гэдэгт тийм ч олон хүн итгэхгүй.

Тиймдээ ч нууцын зэрэглэлтэй материалыг дэлгэсэн буруутныг олох гэж намын бүлгийн хурал дээрээ ч багагүй маргалджээ. Хууль хүчний байгууллагын удирдлагуудыг томилох эрх хэнд байдаг нь ойлгомжтой учраас ЖДҮХС-гийн зээлийн булхай дээрээс биш дэргэдээс нь онилсон сум болж таарав. Хотын фракцийн толгойлогчийг дэндүү басаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн биз. Тэр эмзэг цэгээ атгуулчихлаа. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг 33-ын бүлгийн гишүүдээ ч гомдоож “уучлалт гуй” гэх мэтээр улстөржсөн нь даарин дээр давс нэмсэн үйлдэл болов. Тиймдээ ч хоёр талдаа гарчихаад байсан МАН-ын 64 улстөрч яг энэ цаг мөчид У.Хүрэлсүхийгээ дарж авах том эрх ашгийн төлөө нэгдэхээс өөр аргагүйд хүрч байх шиг. Гэхдээ “могой гурав тасравч гүрвэлийн дайтай” гэгчээр хурандаагийн сэлэм мохох болоогүй байна. Тэр ард түмнээс дэмжлэг авна гэсэн ганцхан үгээрээ л МАН-ын 65 улстөрчийн нокаутад оруулсан. Тун удахгүй МАН-ын Их хурлын тов ч дуулдаж эхэлсэн бөгөөд энэ хурлын шийдвэр ирэх өдрүүдийн хувь заяаг тов тодорхой зураглана.

Хурандаагийн ухаанд Ангела Меркэль, Шинзо Абэ шиг эрх мэдэлтэй Ерөнхий сайд болох холын бодол хэдийнэ зурагдчихсан. Тиймдээ ч танхимаараа туг тахиад ч хамаагүй тэр өөрчлөлтийг хийх гэж улайрах, түүндээ ард түмний дэмжлэгийг авах гэж зүтгэх нь цаг хугацааны асуудал болов. Харин тэр хүслийг нь “чөдөрлөх” 32-ын бүлгээс сөргүүлсэн сум хэрхэн жинтэй тусахыг хүлээх л үлдлээ. “Зүүний хүч”, Хотын фракци”-ийн тулаан тун удахгүй дуусах гэж байна. Энэ тулаанд хэрвээ хурандаа илүүрхэж чадвал Үндсэн хуулийн өөрчлөлтийг өөрт ашигтайгаар эргүүлж “Төрийн ордоны танхимд зүгээр л зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд байхыг хүсэхгүй байна” гэсэн үгнийх нь үнэ цэн илүү тодрох биз ээ. Тэгж чадахгүй бол ЖДҮ-ийн дуулианаа чимээгүйхэн дарчихаад “гэрийн үйлчлэгч”-ийн ажлаа дуулгавартай гүйцэтгэх сонголт түүний өмнө ирээд байна.