Нийслэлийн ИТХ-аас Баянзүрх, Сонгинохайрхан гэсэн хоёр дүүргийг хоёр хуваах тухай шийдвэр гаргасан билээ. Улмаар, 2019 оны нийгэм эдийн засгийн зорилтод тусгаж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болоод байгаа. 325 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийг хоёр хувааснаар эрүүл мэнд болон бусад нийгмийн үйлчилгээ иргэдэд илүү ойртоно гэж үзэж буйгаа ИТХ-ын төлөөлөгчид хэлсэн байдаг. Тэгвэл энэ талаарх санал асуулгыг Сонгинохайрхан дүүрэгт явуулж үзэхэд иргэдийн 60 гаруй хувь нь дүүрэг хуваахыг дэмжээгүй аж. Хуваах бус эсрэгээрээ хорооны тоог нэмэгдүүлж, иргэндээ ойртох ёстой. Төсвийн үргүй зардал болох вий гэсэн болгоомжлол байгаа гэдгийг хэлсэн байна. Энэ талаар тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн ярихдаа “Сонгинохайрханыг дахин хуваачихвал мөн л төсвөөс татаас авдаг хоёр дүүрэгтэй болно гэсэн үг. Иргэдийн хүсдэг төрийн үйлчилгээний дийлэнх нь хорооны түвшинд байгаа юм.
Халамжийн үйлчилгээ авах, өрхийн эмнэлэгт үзүүлэхийн тулд хол явдаггүй баймаар байна. Хорооны даргатай уулзах гэж автобусаар хэдэн буудал явмааргүй байна. Харин иргэний бүртгэл, газар өмчлөх, эзэмших зэрэг дүүргээс авдаг үйлчилгээ нэг иргэний хувьд байнгынх биш. Тиймээс иргэдэд төрийн үйлчилгээг сайжруулахын тулд дүүрэг хуваах биш, хорооны тоог нэмэх юм гэсэн саналыг манайхаас боловсруулаад нийслэл рүү өгсөн. Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох нь тулчихсан асуудал. Харин дүүрэг хуваах процесс аажуу явна. Бидний гаргасан тооцоогоор дүүрэг хуваагдсаны дараа иргэдийн үл хөдлөх хөрөнгийн эрх шилжинэ. Зөвхөн үүнд 700 гаруй сая төгрөг шаардлагатай юм билээ. Иргэний үнэмлэхийн харьяалал солиход 400 орчим сая төгрөг гээд зардлууд өснө л дөө” хэмээн ярьжээ. Баянзүрх дүүргийн иргэд ч ийм саналтай байгаа аж.