Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ‘’Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс дагаж мөрдөх’’ журмын хүрээнд энэ сарын 17-ны өдөр буюу ирэх бямба гарагийн 11:00 цагт бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулахаар болжээ.
Тус цэвэрлэгээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллага орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх бол сууц өмчлөгчдийн холбоод орц болон хариуцсан газрын хог хаягдлыг цэвэрлэж, барилга байгууламж ус хуримтлагддаг гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд хуримтлагдсан ахуйн гаралтай хог хаягдлыг цэвэрлэх юм байна.
Цэвэрлэгээний үйл явцад дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хяналт тавьж ажиллах бөгөөд хангалтгүй зохион байгуулсан хороо, аж ахуй нэгж байгууллагуудад холбогдох хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авах аж.