ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

“Хагарсан Монгол”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-27

“Монголын түүхийн бүхий л ялагдлууд дотоод тэмцлээс үүдэлтэй” байдаг талаар түүхч Д.Өлзийбаатар гуай маш олон жишээ татаж ярьсан. Монголчууд 220 жил Манжийн дарлалд байсны эцэст тэмцэж, 1911 онд эрх чөлөөгөө олж авсан.  100 гаруйхан жилийн өмнө болсон үйл явдал. Манжийн дарлалаас гарсны дараа эвлэлдэж чаддаггүй зангаараа дахин хагаралдаж, ар болон өвөрлөгч ноёдын дунд хагарал гарсан. Ялахын төлөө нэгдэж тэмцчихээд дараа нь ялалтаа хадгалж чаддаггүй ард түмэн гэж түүхчид дүгнэжээ.  1911 онд тусгаар тогтнолоо зарлачихаад ердөө наймхан жилийн дараа дахиад алдсан. Хятадын эрхшээлд орсон.  Монголчууд дахин нэгдэж, 1921 онд ахиад ардын хувьсгал хийсэн. Дараа нь, бүх лам, сэхээтэн, эрдэмтдээ хилс хэргээр буудаж, хэлмэгдүүлж байна.

Монголчууд гуравхан сая хүнтэй  байгаа нь хоорондоо байлдаж, эрх мэдэл, эд хөрөнгө, газар нутгийн төлөө тэмцсэний л гай. Энэ тэмцэл өнөөдөр дуусаагүй л байна. 1990 онд монголчууд тайван замаар хувьсгал, ардчилсан нийгмийг цогцлоож, эрх чөлөөг олж авсан. Тэр эрх чөлөө Монголыг сайн сайхан болгосон уу гэвэл тийм. Гэхдээ ард түмний амьдрал өөдлөөгүй, сайжраагүй. Өнгөрсөн дөрвөн жилд АН анх удаа олонхи болсон. Гэхдээ үнэмлэхүй олонхи биш. Тэд Засгийн газраа нэг удаа огцруулж, хагаралдсан. Монголчууд төр барьж байгаа хүмүүсээс эв нэгдэл шаарддаг. Тиймдээ ч МАН-д итгэж, эв найртай ажиллана гэж, 65 суудал өгч байлаа. Харамсалтай нь тэд дотроо хагарч, намын хагарал нь төрийнх болж хувирлаа.  Дахиад л эрх мэдэл, эд хөрөнгө, сандал суудлын төлөө тэмцэл эхэлжээ.  Тэд ялахын тулд сонгуулийн өмнө ямар сайхан эвлэлдэн нэгдлээ. 1996-2000 онд гаргасан АН-ын алдааг давтахгүй. Түрүү жилийн алдааг ч давтах ёсгүй гэж сонгуулиар амласан, ялаад гарч ирээд ч хэлсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах асуудлыг ярьж байхад ч хэлсэн.

Харамсалтай нь давтлаа. Давтахаар барах уу бүр “байлдаж” байна. Энэ дайнд хэн ялах вэ. Монгол Улс лав биш. Сандал суудлаа өгөхгүй зууралдах нь зууралдаж, авах гэж дайрах нь дайрч байна.  Монголд хагаралгүй салбар гэж алга.  Шашныхан нь хоорондоо хагаралдчихсан. Шарынх, улааных л гэнэ. Сүүлдээ Шүгдэн ч гэнэ үү нэг урсгал ярьсан баян лам гарч ирээд, Далай ламыг хэн хүлээн зөвшөөрсөн юм гэж дайрч үзлээ. Бөхчүүдийн хуваагдал газар авч, өргөөгөө цоожилчихоод, гадаа барилдаж байна. Мөнгө орлого олж өгдөг Бөхийн өргөөг авах гэсэн хоёр талын “дайн” одоо болтол үргэлжилсээр. Чөлөөт бөхийнхөн нь бас хуваагдчихсан. Хуваагдлаас болж тамирчид хохирсоор л. Ард иргэд нь нам дэмжээд хэд хэд хуваагдчихсан. Өөрийнх нь дэмждэг намын гишүүн, албан тушаалтан, дарга л бол хулгай хийж, дээрээс нь шээж, хүн алж байсан ч дэмждэг улаан дэмжигчид Монголоор дүүрэн. Гэтэл хагараагүй болов уу гэж харж байсан ганц намынх нь байж байгааг хар.  60 тэрбумынхан болон ЖДҮХС-гаас зээл авагчид гэсэн хоёр талд гарчихлаа. Үнэндээ хоёулаа “хулгайч”. Нэг хэсэг нь төрийг бусармаг аргаар авахаар ярилцсаныхаа төлөө насаараа хоригдох ялтай. Нөгөө хэсэг нь татвар төлөгчдийн мөнгөнөөс хумсалсан шийт­гэлээ авах ёстой ёс зүйгээ умартагсад.  Ийм л хүмүүс хоёр тал болчихоод “дайтаж” байна.

Бүхэл бүтэн 90 жилийн түүхтэй, өнөөдрийг хүртэл эв найртай явсан намын дарж, булж байсан бүхэн нь далдайж, бултайж гарч ирлээ. Хэн нь ч биш зөвхөн шударга ёс л ялах ёстой.  Шударга ёсыг хэн тогтоохоор зүтгэж байна, тэр талд нь нийтээрээ гарч зогсох цаг болжээ. Монголчууд ганц ч болов шийдвэртэй алхамд нэгдэх хэрэгтэй байна. Нефть боловсруулах үйлдвэрээ ч барья. Хэрэггүй зүйлд үрэх гээд байгаа 500 тэрбумаа хэмнээд, аж үйлдвэртэй орон болох зорилгыг яагаад биелүүлж болохгүй гэж.  Ердөө л энэ зорилгын төлөө улстөрчид, улсынх нь иргэд нэгдэж болохгүй юу. Хэзээ болтол эвдрэлцэж, 76 тойрогт хэдэн төгрөгөө хувааж цацчихаад, байшингийн шав балгас хоёртой л үлдэх ёстой гэж. Саяхан 4, 5 хоног Хятад руу аялж, аялал жуулчлалыг яаж хөгжүүлж болдгийг нүдээрээ хараад ирлээ.  Хятадын Хунань мужийн нутаг Жанжиажэ хотод байх “Аватар” киноны зураг авалт хийсэн байгал­ийн үзэсгэлэнт тогтоцтой танилц­сан юм.

Тэнд бүтээн байгуулалтыг тултал нь хийж, шилэн гүүр барьж, аялал жуулчлалыг хөгжүүлж чаджээ. Уулан дээр барьсан шатаар алхаж, байгалийн сайхныг үзэж явахад тэнд ажилладаг хүмүүс хогийн саваа савандаж угааж байна. Ганц ширхэг тамхины иш, гялгар уут алга.  Хүн бүр аялал жуулчлалаа хөгжүүлэхийн төлөө чадах чадахаа хийж байна. Гэтэл манайд хагарч болох бүх хэсгээрээ хагараад, тун удахгүй бутрах гэж байгаа шаазан аяга шиг л болчихож. Бидэнд, төр барьж байгаа намд, сөрөг хүчинд, улстөрчдөд, иргэдэд бүгдэд нь эвлэлдэх нэг цэг байж болохгүй юу. Тэр нь улсдаа ядаж нэг том үйлдвэртэй болох. Яагаад болохгүй гэж.  МАН-ынхан нэг уриаг сонгууль болгоноор хэрэглэж ирсэн. “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдэг уриа. Тэр эв нэгдэл чинь одоо л хэрэгтэй байна, МАН-ынхан.