ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Золбаяр: Захиргаа, хуулийн хэлтсийн дарга заавал хуульч хүн байх албагүй

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-05-24

“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийг МАН-ын генсек Д.Амарбаясгалан өөрийнхөө хүмүүсээр дүүргэж эхэллээ гэх мэдээлэл манай сонинд ирсэн юм. Мөн тус компани их хэмжээний мөнгийг ажилтнууддаа урамшуулал нэрээр олгож байгаа асуудлыг АТГ-аас зургаан сарын өмнө гарган тавьж байсан билээ. Эх сурвалжаас ирүүлсэн мэдээллийг “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн захирал Ч.Золбаяраас тодруулж, хоёр эх сурвалжийн өгсөн мэдээллийг зэрэгцүүлэн хүргэж байна.

АЖИЛТНУУДДАА 4.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОСОН  

-Төрийн албан хаагчдад, төрийн өмчит үйлдвэрийн газар, ТӨХК-ууд шагнал урамшууллыг хавтгайруулан олгодог тохиолдлууд нэлээн их байна. Тухайлбал, "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨК 2015 онд 2.2 тэрбум, 2016 онд 2.7 тэрбум, 2017 оны нэгдүгээр улиралд 381 сая төгрөгийн урамшууллыг ажилчиддаа олгосон. Тухайн байгууллага сар бүр албан хаагчдадаа үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний урамшуулал олгодог тогтолцоог бий болсон байна. Энэ байгууллага нэг онд л гэхэд төрийн байгууллагуудын бүтэн жилийн төсөвтэй тэнцэхүйц хэмжээний урамшууллыг олгосон байна.
 

Авлигатай тэмцэх газар
 

-АТГ-аас манайхыг судалчихаад биднээс тайлбар мэдээлэл авалгүйгээр буруу ойлголтоор мэдээлэл цацсан асуудал гарч байсан. Тэр урамшуулал гээд байгаа мөнгө чинь манай компаний дотоод журамд заасан цалин байхгүй юу. Төрийн байгууллагуудад улирал бүр өгдөг үр дүнгийн шагнал гэж байдаг шүү дээ. Манай компани 2009 оноос хойш дотоод журмын дагуу улирал бүр урамшуулал олгодог болсон. Тэр урамшуулал нь үндсэн цалингаас 1.5 дахин их буюу 150 хувьтай тэнцдэг. Энэхүү урамшууллаа жилд дөрвөн удаа буюу улирал бүрийн төгсгөлд өгдөг. Бид үүнийг судалж үзээд улирлаар өгөх нь учир дутагдалтай юм байна гэж үзсэн. Хүмүүс эхний хоёр сард зүгээр байж байгаад улирлын төгсгөл болонгуут аймар их ажил хийсэн болоод яваад байдаг асуудал гарсан. Иймээс  сар болгон үр дүнг нь үнэлж, үндсэн цалин дээр нь 50 хувийн нэмэгдэл урамшуулал олгодог болгон өөрчилсөн. Одоо ч энэ урамшууллаа олгож байгаа. Манай компанийн ажилтнуудын 2018 оны тавдугаар сарын дундаж цалин л гэхэд 553.7 мянган төгрөг байсан. Үүн дээр нэмж олгож байгаа урамшууллын дундаж нь 140.6 төгрөг байгаа. Нэг хүнд аймар их мөнгө өгчихсөн зүйл байхгүй.

“МЭДЭЭЛЭЛ ХОЛБООНЫ СҮЛЖЭЭ” КОМПАНИ Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХҮМҮҮСЭЭР ДҮҮРСЭН 

-“Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК МАН-ын мэдэлд бүрэн шилжсэн. Учир нь тус компанийн удирдлагаас үйлчлэгч, харуул, жолооч хүртэлх бүх орон тоог МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шийдэж байна. Тухайлбал, Д.Амарбаясгалан жолоочоор ажиллаж байсан н.Сүхбат гэдэг залуу 2016 онд тус байгууллагын Захиргаа, аж ахуйн албаны дарга болсон. Д.Амарбаясгалангийн хэвлэлийн төлөөлөгч байсан сэтгүүлч эмэгтэй “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн Захиргаа, хуулийн хэлтсийн дарга болсон. 

Нууц эх сурвалж

-МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан дарга миний сурч төгссөн ШУТИС-ийн Мэдээлэл харилцаа холбооны сургуульд суралцаж төгссөн. Миний доод ангийн залуу. Манай салбараас сайн явж байгаа улс төрч хүн. Хэрвээ нэг сургуульд сурснаар нь хамаатуулна гэвэл манай шар байшинд сууж байгаа бүх хүн ШУТИС-ийн Холбооны сургуулийн л бүтээгдэхүүн. Би н.Сүхбатыг 2007 оноос хойш мэднэ. Би өөрөө н.Сүхбаттай хамтарч ажиллаж байсан. Тэр хүн машин барьдаг, жолооч байсан. Гэхдээ тэр хүн холбооны угсралтын ажил дээр сайтын менежер хийгээд явж байсан дээд боловсролтой хүн. Би 2007 онд Өмнөговь аймгийн Баян-Овоо, Номгонд суманд шилэн кабелийн угсралт хийгээд явж байхад энэ хүн менежер хийдэг байсан. Тиймээс бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор халаа сэлгээ хийгдэх үед энэ хүн даргаар томилогдсон. Манай Захиргаа, хуулийн хэлтэст гурван хуульч ажиллаж байгаа. Дээр нь захиргааны ажилтнууд байна. Тэгэхээр Захиргаа, хуулийн хэлтсийн дарга заавал хуульч хүн байх албагүй. 
 

ДОРНОД АЙМГИЙН МАН-ЫН ХОРООНЫ АЖИЛТАН ТУС КОМПАНИЙ ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ДАРГА БОЛСОН
 

-Дорнод аймгийн МАН-ын хорооны ажилтан, 2016 оны УИХ-ын сонгуульд Х.Болорчулууны сонгуулийн менежерээр ажиллаж байсан Л.Баярмагнай “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга болсон. Өмнө нь Л.Баярмагнай дээрх албан тушаалыг хашиж байхдаа доод тушаалынхаа ажилтан эмэгтэй ёс зүйгүй хандсан хэргээр ажлаас халагдаж байсан хүн. Ийм хүнийг эргүүлэн удирдах албан тушаалд томилсон.   
 

Нууц эх сурвалж
 

Л.Баярмагнай дарга өмнө нь холбоо мэдээллийн салбарт 30-аад ажил ажилласан. Тэр хүн өмнө нь энэ байгууллагад Захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан хүн. Тэгж байхдаа ямар шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөнийг би мэдэхгүй. Л.Баярмагнай дарга сонгуулийн менежер хийж байсныг ч би мэдэхгүй. Өмнө нь Дорнод аймгийн холбооны дарга байх үед нь би хамтарч ажиллаж байсан. Туршлагатай ийм хүнийг дарга болгож томилсон.
 

“Ч.ЗОЛБАЯР ЗАХИРАЛ ОЛОН ХҮНИЙГ АЖЛААС НЬ ҮНДЭСЛЭЛГҮЙ ХАЛСАН”


-Ч.Золбаяр 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн захирал болоод олон хүнийг ажлаас нь үндэслэлгүй халсан. Хууль бусаар халагдсан хүмүүс нь шүүхэд гомдол гаргаж, үндэслэлгүй халдсан хүмүүстээ 300-аад сая төгрөгийн нөхөн олговор өгч байгаа. 
 

Нууц эх сурвалж
 

-2016 онд би энэ байгууллагын захирлаар томилогдоод бизнес төлөвлөгөө, стратеги төлөвлөгөөг өөрчилсөн. Тэрнийхээ дагуу бүтцийн өөрчлөлт хийсэнтэй холбогдуулан шинэ томилгоо хийсэн. Тэр үед манай бүх дарга нар томилогдсон. Хуучин удирдлагуудаас нэлээн хэдэн хүнийг явуулсан. Багцаагаар хэдэн хүн явсныг шууд хэлж мэдэхгүй байна. Одоогийн байдлаар шүүх дээр манай байгууллагатай холбоотой хөдөлмөрийн маргаан байхгүй. Харин намайг 2016 онд энэ байгууллагын даргаар ирэхэд нэг хэлтэс гурван Захиргааны даргатай л байсан. Энэ бүхнийг би цэгцэлсэн. Хүн амьтанд мөнгө төлөөд явж байгаа зүйл байхгүй.