ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Энхболд & У.Хүрэлсүх

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-11-28

Улс төрд хаалга тогшихгүй орж ирсэн цэргийн бага дарга У.Хүрэлсүх, урилга заллагатай морилсон тэрбумтан М.Энхболд нарын тулаан улс төрийн рингэн дээр ид өрнөж байх юм. Хоёр өрсөлдөгчийн бэлтгэл хэдийнэ ханаж, сүүлийн шатны тоглолтоо сүр дуулиантай эхлүүлжээ. Төрийн ордон өдөржин улстөрчдийн уухай, хоёр тамирчны хөгжөөн дэмжигчдийн алга ташилтаар “нүргэлж” байна. Хотын фракциар дам­жуулж, улс төрийн бүх л өндөрлөгт морилсон тэр ч байтугай Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж хүртэл үзсэн М.Энхболд энэ өдрүүдэд үндсэн имиж болох аядуу зөөлөн зангаа огтхон ч гээсэнгүй. Гэвч хөшигний цаана бол олон өдөр тэсэрч, У.Хүрэлсүхийг унагах гэж бүх чадлаараа тийчилж байгаа. Соошл орчинд сэтгэгдлийн баг ажиллуулж, мөнгөөр зодсон бүүст, постууд ар араасаа хөвөрч байх юм. Ямартай л У.Хүрэлсүх “Надад мөнгө алга. Тиймээс шударга ёсны төлөө хийж буй тэмцлийг минь дэмжээрэй” хэмээн гуйж суух билээ.

90 гаруй жилийн түүхтэй улс төрийн намд хэн нь ирэх өдрүүдэд зангаргаа хадгалж үлдэх вэ гэдгээ шийдэх энэ торгон мөчид ард түмний дэмжлэг хэний талд байгаа нь бас л сонирхолтой. Олон нийтийн сүлжээ, иргэдийн ярианаас ажвал энэ тулаанд үзэгчийн саналаар У.Хүрэлсүх илүү оноотой явж байх юм. Хэдийгээр багтарч, бас бухимдаж суугаа ч ТББХ-ны хуралдаанд “Албан тушаалаас буулгасан ч миний ард нь намын үнэнч гишүүд, бас ард түмэн байгаа” хэмээн бардамнахаас өөр яах билээ. Улс төрд төдийгөөс өдийг хүртэл зүтгэж, нэг завин дээр хамт сууж байсан М.Энхболд, У.Хүрэлсүх нар эргэж хэзээ ч эвлэхгүйгээр салах эсэх нь 2020 оныг хүлээхгүй нь тодорхой болов. Чуулганы шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалж, У.Хүрэлсүх үү, эсвэл М.Энхболд уу гэдэг сонголтыг Монгол Ардын нам хэзээ нэг өдөр хийх нь нэгэнт тодорхой болжээ. Яг л 2008 онд урт шар дээлтэй улстөрчөөс намаа салгах гэж тэмцэж явсан У.Хүрэлсүхийн имиж энэ өдрүүдэд эргээд ирчихэж. Хоёр дахь авлигачаас намаа салгахыг хүсч буйгаа ингэж илэрхийлэв. Хоёр дахь удаагаа намаа аврахын тулд тулаанд орсон гэдгээ ч ил тод хэлж байх юм. Тэгвэл У.Хүрэлсүх, М.Энхболд нар хувь хүнийхээ болоод улстөрчийнхөө хувьд яг хэн юм бэ. Хэн нь ямар алдаа оноотой замаар өгсөж явна. Ярьсан шигээ шударга явж ирэв үү. Ял, гавьяа хоёрыг нь адилхан эдэлж яваа МАН-даа ямар нэр хүндтэй, яаж амжилт авчирсан улстөрчид юм бэ гэдгийг эргэж нэг санацгаая. 

 

Гитар, сэлэм, нударга 

У.Хүрэлсүхийг улс төрийн хүрээнийхэн “улс төрд хаалга тогшихгүй орж ирсэн” гэж ярьдаг. Цэргийн бага дарга цолтой залуу намын туг болж, бас барьсан тугаа урах хэмжээнд өгсөхөд тусалсан хүмүүс бол Н.Багабанди, Б.Даш-Ёндон, Н.Энхбаяр нар байжээ. Үүнийгээ ч нэгэн ярилцлагадаа хэлсэн удаатай. Армийн улс төрийн орлогчоос намын төв хорооны улс төрийн ажилтан болтлоо мандаж явахдаа хожмоо хоёр ч удаа намынхаа хувь заяаг шийднэ гэдгээ мэдэхгүй явсан биз. У.Хүрэлсүх бусад шиг газар зарж баяжаагүй. Тэрбумаар тоологдох хөрөнгө, хурдан морь түүнд алга. Гагцхүү улс төрийн алдаа оноо дунд цэргийн командаар асуудлыг шийдэх гэж яваад буруудаж байсан үе олон бий. Намынхаа гал тогоог хариуцаж, генсек хийж байхдаа олон ч хүмүүсийг нударганы хүчээр номхон командад оруулж явсан гэдэг. 2008-2012 онд АН, МАН хоёр хамгийн хүчирхэг генсектэй байсныг одоо ч хүмүүс ярьдаг, хэлэлцдэг. Ангийн анд Э.Мөнх-Очирыг зодсон, Г.Баярсайханд чуулганы үүдэнд шанаа өгчихсөн, танхимын сайд С.Бямбацогттой барилцаж авсан гэх мэтээр улстөрчийнх нь өгсөх замд саад болдог ганц зүйл нь “нударга”. Гудамжны улс төрийг намд оруулж ирсэн алдаагаар нь тулхтай улстөрчид түүнийг буруутгаж байна, өдгөө. Эрчүүдийн хувьд байж болох зүйл мэт боловч улстөрч гэдгээрээ нударгаасаа болж буруудаж явлаа. Өмнө бичсэнчлэн Улс төрийн товчооны ажилтнаас МАН-ын дарга болтол өгсөх замдаа Зүүний хүчний холбоог нам дотроо байгуулж, өдгөө нөлөө бүхий фракцийн эсрэг тэмцэж явах юм. Түүнд алдаанаас гадна амжилт олон бий. Хэмжээлшгүй эрх мэдэлтэй шар дээлтэй улстөрчийн гарт намаараа орчихоод байх үед тугийг нь ураад тэмцсэн гавьяа бол түүнийх. Өгсөхөд нь тусалсан улстөрчийнхөө өр лүү өшиглөх сонголт хийхэд ч амаргүй байсан нь мэдээж. Гэвч том, жижиггүй Н.Энхбаярт “бөлдөгдүүлчих”-ээд байхад У.Хүрэлсүх л тэмцэж гарч ирсэн. Түүний тэмцэл ч талаар болоогүй юм. МАХН гэх нэрийг МАН болгон өөрчилж, Н.Энхбаяраас намаа салгаж байв. Эхнэр О.Цолмон, Н.Энхбаяр хоёрын харцаар хөдөлж байсан олон ч лидер улстөрчид түүнд өртэй үлдэж байлаа. Гэвч энэхүү ялалт нь 2012 онд ялагдал болон эргэн ирж билээ. Намаа ялагдалд хүргэсэн буруутнаар нэр цохож, нам дотроосоо зайлуулах ажиллагаа өрнөж эхлэхтэй зэрэгцээд УИХ-ын гишүүний суудлаа өгчихөөд эхнэрээ эмчлүүлэхээр гадагшаа явчихаж билээ. Үүнийг нь “Ялагдсан үед зугтчихаад ялсан үед гитараа бариад гарч ирсэн” хэмээн Ж.Мөнхбат нарын гишүүд эсэргүүцдэг. Гэвч У.Хүрэлсүх өнөөдөр гол тоглогч хэвээр л явна. Гитар, сэлэм хоёр түүний имиж болж, нударгаар эхлүүлсэн шинэчлэлээ нударгаар дуусгахаар шийджээ. 2008 онд Н.Энхбаярыг зайлуулах гэж зүтгэж явахад олон ч улстөрчид түүний эсрэг зогсож байлаа. Гэвч цаг эргэх бүрт У.Хүрэлсүхийн зөв байсныг МАН-ынхан хүлээн зөвшөөрсөн. Өдгөө 64 суудал авчихаад даналзаж суугаад тэд Н.Энхбаяртайгаа үлдсэн бол ямархан эргүүлэгт орох байснаа санахаас ч айдаг биз. Яг л тэр замналаар М.Энхболд ба түүний нөхдөөс намаа цэвэрлэх гэсэн У.Хүрэлсүхийн шинэчлэлд дахиад 10 жилийн дараа талархах эсэхийг хэлэхэд эрт байна. 

 

Аядуу зөөлөн имиж 

“Хотын фракци”-ийн ил атлаа нууцлаг байхыг эрхэмлэдэг ноёнтон болох М.Энхболдод ганц том гавьяа бий. Түүнийгээ ч УИХ-ын даргаас буулгана гэсэн улс төр өрнөж эхлэхтэй зэрэгцэн ярьж эхэлсэн байна. 2012 онд УИХ, нийслэл, орон нутагт нам нь ялагдал амсаж, Ж.Мөнхбатын хэлдгээр шившгийн хөндийг туулж байхад  М.Энхболд намтайгаа үлдсэн юм. Тусгаар тогтнолын ордонд нь цэвэрлэгч, үйлчлэгчээс өөр холхих хүнгүй, тэрбумаар нь хандивлаж байсан бизнесмэнүүд нь нүүрээ буруулж, ялагдсан залуус нь гитараа бариад алга болчихсон үед тэр мөнгө, зангараг хоёроор намаа хамгаалж үлдсэн гавьяатай. Хэн ч булааж чадахгүй, бас түүх ч баллуурдахгүй. 2013 онд намынхаа XXVII Их хурлаар үнэмлэхүй ялж, зангаргаа гээхгүй явсаар 2016 онд 65 суудал буюу 2000 онд 72 суудал авч байсан рекордыг эвдэх шахсан гавьяа М.Энхболдоор нэрлэгдэнэ гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. Бусдаар бол дандаа алдаж явсан улстөрч. Улс төрд 1990 оноос алхаж, ердөө л есөн жилийн дараа “Хотын фракци”-ийг намдаа байгуулж байв. Төрийн албан тушаалын шатаар торох юмгүй дээшилж, тэрбумтан болохдоо буруу замаар өгссөн нь түүний алдаа. Үүнийхээ горыг ч хангалттай амсаж, элссэн намынхаа лидерүүдэд өнгөрсөн 28 жил дандаа адлуулж ирлээ. “Газрын наймаачин” гэдэг цолыг түүнд ард түмэн биш намынх нь улстөрчид өгснийг мартуузай. “60 тэрбумын бүлэглэлийн толгойлогч” гэх нэр алдрыг өрсөлдөгчид нь биш өөрийнх нь намын улстөрчид өгсөн гэдгийг ч бас өөрөө санаж яваа байх. Ярьсан шигээ аядуу зөөлөн явсангүй гэдгийг энэ түүх гэрчилнэ. “Элсний-13” бүлэглэлд далаараа цэвэр тавиулж, эхний удаа намдаа гологдсон юм. 2017 онд дахиад “60 тэрбум”-аас үүдэж намдаа гологдов. Албан тушаалаас нь хүчээр буулгасан залуус одоо түүнийг улс төрөөс нэг мөр холдуулахаар хичээж байгаа. Улс төрд ариун замаар дээшилж, улстөрчийн замналаа аядуу зөөлнөөр хийж байсан юм бол яагаад түүнийг улс төрөөс арчих гэж ингэтлээ улайрах болов. Д.Лүндээжанцан шиг, Ц.Нямдорж шиг улстөрч байж чадаагүй учраас, хор болгоны ард чимээгүйхэн заларч байдаг учраас л өсөж яваа залуус нь түүний өрлүү өшиглөөд байгаа юм. Түүнээс биш М.Энхболд намаа босгодог, бусад нь буталдаг гэсэн аядуу зөөлөн пиар түүнийг энэ өдрүүдэд аврахаас илүү алж буйг хашир бурхи харж суугаа байлгүй дээ. Улс төрд зөв замаар урагшилж, ялагдсан намаа авардаг лидер, “авралын элч” нь байсан бол тулааны рингэн дээр бэлтгэл хурандаатай гарчихаад үзэж байгаа энэ үед түүний талд хуйгаараа гараа өргөх ёстой юм, уул шугамандаа. Гэвч Л.Оюун-Эрдэнэ гишүүний хэлдгээр өртэй гэж бодсон 27 улстөрч, өр лүү нь өшиглөхөөр алга ташиж буй АН-ын долоон улстөрч л түүнийг хамгаалж байна. Намаа босгодог, дараа нь чимээгүй явчихдаг цикль гэхээс илүү яг одоо түүний улс төрийн карьер дуусах эгзэгтэй мөч тулж ирээд байх шиг. М.Энхболдгүйгээр нам урагшилдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх цаг болсон ч юм билүү.