ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Нефтийн үйлдвэр бариулахгүй гэж зүтгэдэг хүмүүсийн зарим нь энэ танхимд сууж байгаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-11-29

УИХ-ын чуулганаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын Ц.Гарамжав:  У.Хүрэлсүх анх гарч ирэхдээ Монгол Улсад 30-аад жил хүлээж байгаа шударга ёсыг тогтооно гэж зоригтой хэлж гарч ирсэн. Ингэж хэлж гарч ирсэн анхны Ерөнхий сайд. Өнөөдөр бид ардчилсан биш анархист нийгмийг байгуулсан. Ядуурсан, шударга ёсгүй болсон, 5-6 удаа ОУВС-д хамрагдсан улс орноо өөд нь татъя, аваръя гэж зүтгэж байгаа Засгийн газраа яагаад унагах гээд байгаа юм. Өнөөдөр уул уурхай л Монголыг авч явж байна. Уул уурхайд өнөөдөр 3700 лиценз байгаа. Гэтэл үүний хажуугаар хууль бусаар олборлолт явуулж байна. Түүний ард дандаа улстөрчид бий. Нөхөн сэргээх нэрээр газар ухдаг. Хувиараа алт олборлогчид гээд баахан хүмүүст журам гаргаад ухуулдаг. Тэд чинь зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс илүү байгаль орчныг сүйтгэж байна. Намайг “Ц.Гарамжав Монгол Улсын бүх өрийг тавьсан. Баахан мөнгө авчихсан” гэж гүтгэсэн. Шинэ гишүүн байсан болохоор няцаалт яаж хийх учраа олоогүй. Одоо бага багаар учраа олж эхэлсэн. Харин ч шударга үнэнчээр хөдөлмөрлөж яваа учраас бардам байх ёстой юм байна. Шударга ёсыг тогтоох гэж байгаа Засгийн газрыг яагаад унагах гээд байгаа юм. Би шударга ёсыг, ард түмнээ бодсон төр засгийг байгуулахын төлөө УИХ-д орж ирсэн. Гэтэл шударга ёс ярьсан хүн болгоныг зайлуулж байна. 1400 төгрөг байсан ам.долларын ханшийг гадны хөрөнгө оруулалтуудыг аврахын тулд 2500 болгосон. Ард иргэд 2500 төгрөгөөр ам.доллар авах гэж зовж байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Ц.Гарамжав гишүүний араас үг хэлж байгаадаа баяртай байна. Сайхан үг хэллээ. Гэхдээ Сэлэнгийн ард түмэн надаар дамжуулж танд хэлээрэй гэсэн. Таны алтны уурхайгаас болоод ард иргэд шороотой ус ууж байна гэсэн. Би судлаад үзсэн, асуудалтай байна билээ шүү. Тийм болохоор хэлсэн үг шигээ байгаарай. Тэгээд би нэг асуудлыг сануулъя. Гадаад харилцааны асуудалд анхааралтай хандаарай. Ярихдаа зөв яриарай. Хэдэн баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчид рүүгээ дайраад байхаа боль. Тэр бүхэн чинь гадаад орчинд мэдээлэл болж очиж, валютын ханшинд нөлөөлдөг юм шүү. Ерөнхий сайдад хандаж нэг үг хэлье. Таны огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Хэрвээ та огцрохгүй үлдвэл Сангийн сайдаа соль. Сангийн сайд аа, та гадаадад сургууль төгссөн юм гэсэн. Тэг сурталчилгаа хийлгэдэг. Би дотоодод сургууль төгссөн. Гэхдээ би юм мэднэ. Таныг төрийн мөнгийг хулгайчдад өгөхгүй гэж хэлж байгаад чинь ичиж байна. Бүх мөнгийг хамж аваачиж, дарж хэвтчихээд байгаа. Тэгж ярьвал гадаадын улсууд мөнгөө гадны банкинд байршуулж, хүүлдэг. Тэгж ярьвал та эдийн засгийн зөв бодлого явуулж чадаагүй болохоор валютын ханш өсөөд байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Засгийн газрыг огцруулна гэдэг парламентын засаглалтай оронд байдаг л асуудал. Би С.Батболдыг намын дарга, Ерөнхий сайд байхад нь огцруулах бичигт гарын үсэг зурсан. Өрөөнд нь ороод огцор гэж хэлээд сууж байсан. Буруу байгаагүй нь мэдэгдсэн. Тэр үед огцроогүй учраас бид 2012 онд 20 гаруйхан суудал авсан биз дээ. Дараа нь Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг гээд огцруулсан. Бүгд л огцроод явж байсан. Гэтэл өнөөдөр жигтэйхэн сүр болоод байх юм. Парламентын засаглалтай орон учраас олонхоороо ажлаа хийгээд яв гэвэл цаашид ажиллаад л яв. Өнгөрсөн жил Засгийн газрыг огцруулахад үнэмлэхүй ялалт байгуулсан МАН дундуураа тасарсан. Улмаар Ерөнхий сайдыг томилоход манай намын тал нь орж ирээгүй. Би орж ирээд “У.Хүрэлсүх ээ, 4000 орчим уул уурхайн зөвшөөрлөө цэгцлээрэй. Асуудлаа шийдээрэй” гээд хэлж байсан. Жил гаруйн хугацаа өнгөрлөө. Урагшаа ахисан юм алга.  Өнөөдөр Хэрлэнгийн хөдөө аралд алт ухаж байна. Хятадын компани Хэнтийд алт ухаж байгаа. Бид өрөм доор нь орж хэвтэх холгүй байж байгаад зогсоосон. Гэвч ахиад л ухаж байна. Энэ Засгийн газраас элдвийн юм гарч байна. Зодоон, нүдээн, алаан, хядаан, хулгай. Өнөөдөр ихэнх нь хэргээ хүлээн зөвшөөрчихсөн. Яагаад дор дор нь хариуцлага тооцохгүй байгаа юм. Хариуцлага тооцоод явбал ийм асуудалд хүрэхгүй л байсан.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Өнөөдөр бие биенээ идсэн ууснаар нь дуудаад, баахан л нэгийгээ гөвлөө. УИХ Засгийн газраар ажлыг нь хийлгэх боломж өг. Нефть боловсруулах үйлдвэр, цэвэрлэх байгууламжийн ажил хэдэн хувьтай байна. Бид шатахууны боловсруулаад явж чадах нь уу. Ирэх зун бид өмхийгөөсөө салж чадах уу. Тэгэхийн тулд УИХ-аас ямар дэмжлэг хэрэгтэй байна гэдгийг асууя. Дээрээс нь, ам.долларын ханш хэдхэн сарын дотор хурдтай өсч байна. Энэ зохиомол өсөлт гэж бодож байгаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирт санал тавьж, ирэх долоо хоногт ам.долларын ханш яагаад өссөн талаар судалж, эдийн засагчидтай ярилцана. Хэрвээ зохиомол өсөлт байвал хариуцлага тооцох хэрэгтэй. Одоо ууж, идсэнээ битгий ярь. Ажил ярья. Уул уурхайтай холбоотой асуудал дээр нэг зүйл хэлье. Би Өргөдлийн байнгын хорооны даргын хувьд уул уурхайтай холбоотой асуудлаар ажиллах гэж үзсэн. Гэтэл мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй хүмүүс нь ажил зогсоогоод байна. Бүх зүйл замбараагаа алдлаа. Хууль хүчний байгууллагыг улстөрчдийн хэрүүл, зодоондоо татаж оролцуулж болохгүй. Үнэнийг хэлэхэд, мэргэжлийн сэтгүүлчдийн амыг барих гээд Зөрчлийн хуулиар өгдөг болчихсон. Нэр, нүүрээ нуусан хүмүүс улс төрийн зорилгоор гүтгэдэг байх. Мэргэжлийн сэтгүүлчид арай өөр шүү.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улстөржилтөөс болоод Засгийн газар 14 хоногийнхоо ажлыг алдлаа. Баруун аймгуудад гамшиг болж байна. Өвөлжилтийн бэлтгэлээ хангах гээд ажил бий. ХХААХҮ-ийн сайдаа томилж чадаагүй байгаа. Гэтэл улстөржөөд л байна. Засгийн газар гурван зүйлд анхаарч байгаа. Иргэдээ эрүүл хүнсээр хангах. Энэ бол бүх хүмүүсийн мөрөөдөл байх. Хоёрдугаарт, улс орноо эрчим хүчээр хангах. Гаднаас эрчим хүч авмааргүй байгаа юм. Тавантолгойн цахилгаах станцаа баримаар байна. 10 аймагт дулааны станц барьж байгуулмаар байгаа юм. Гэтэл бүгдийг нь унагадаг. Үүний илрэл нь өнөөдөр Засгийн газрыг унагахаар дайрч байгаа нь. Гуравдугаарт, дотооддоо нефтийн үйлдвэр барих. 60 жилийн мөрөөдөл. Энэ ажил гайгүй сайн явж байгаа. Гэтэл нефтийн үйлдвэрийг бариулахгүй гэж зүтгэдэг далдын хар хүч бий. Түүний зарим нь энэ танхимд сууж байна. Тэд дотроо битгий баригдаасай гэж залбирч байгаа. Жилдээ 1.5 сая тонн нефть боловсруулах үйлдвэр юм. Барьж чадвал бид ам.доллараар шатахуун авахгүй. Төгрөгөөр авна. Цэвэрлэх байгууламжийн ажил одоо явж байна. Хавраас барилга байгууламжийн ажил эхэлнэ. Энэ бүх бүтээн байгуулалтыг зогсоох гэсэн далдын хүч байна. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажил зогсч болзошгүй байна гэдгийг би энд зориуд хэлье.