ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

TheGuardian: “Би дарангуйлагч биш”

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-12-03

Манай улс уул уурхай, ашигт малтмалаараа дэлхийн хөрөнгө оруулагчдын анхаарлыг хэдийнээс татах болсон. Тэр утгаараа эдийн засаг, улс төр, аж амьдралд өрнөж буй олон үйл явдлууд ч дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын гадуур өнгөрдөггүй. Тэдний бэлтгэсэн мэдээ мэдээллээр тив дэлхийн иргэд Монгол Улсыг төсөөлөн хардаг билээ. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт манай улсын улс төрд өрнөсөн чухал үйл явдлыг томоохон хэвлэлд хэрхэн мэдээлсэн хийгээд үйлчлүүлэгч олонтой “Аблосют” дэлгүүрийн талаарх ямар таагүй мэдээлэл ОХУ-ын хэвлэлд нийтлэгдсэнийг уншигчиддаа ямар нэг нэмэлтгүйгээр  орчуулан хүргэж байна.

 

У.Хүрэлсүх болон түүний кабинет авлигын дуулианыг тэсч үлдлээ

Монгол Улсын парламент ЖДҮХС-гаас төрийн өндөр албан тушаалтнууд бага хүүтэй зээл авсан гэх авлигын хэргийн дуулиантай холбогдуулан  Засгийн газраа огцруулах асуудлыг хэлэлцсэн ч, Ерөнхий сайд болон түүний кабинет тэсч үлдэж чадлаа. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх УИХ-ын чуулган дөрвөн цаг орчим үргэлжилсэн бөгөөд энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би дарангуйлагч биш. Та нарын зарим нь намайг дарангуйлагч болчих вий гэж айж байх шиг байна” хэмээсэн юм. Өнгөрсөн сарын эхээр болсон удирдах зөвлөлийн хурлын үеэр Ерөнхий сайд зарим төрийн өндөр албан тушаалтнуудыг чадваргүй гэх мэт шалтгааны улмаас албан тушаалаасаа огцрохыг шаардсан байдаг. Энэ дагуу түүний кабинетын нэг сайд авлигын дуулианы улмаас огцорч буйгаа мэдэгдсэн юм. Одоогоос яг нэг жил гаруйн өмнө У.Хүрэлсүх экс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулан тус албан тушаалд томилогдсон. 

Тодруулбал, 2017 оны есдүгээр сард Ж.Эрдэнэбат болон түүний кабинетыг  ч сонгогчдод хууль бусаар бэлэн мөнгө тараасан гэх авлигын хэргийн улмаас парламентаар хэлэлцэн огцруулж байв. Коммунист дэглэм хэдэн арван жил ноёрхсоны эцэст 1992 онд анхны Үндсэн хуулиа баталсан Төв Азидаа харьцангуй залуу ардчилалтай энэ улсын хувьд улс төрийн тогтворгүй байдал асуудал болж байна. 1992 оноос хойш өнөөдрийн хүртэлх хугацаанд Монгол Улс Засгийн газраа 15 удаа сольж, нэг Засгийн газар нь  1.5 жил л ажиллажээ. 

 

Xinhua: Монголын Ерөнхий сайд УИХ-ын даргаа огцруулахаар Цэцэд ханджээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх УИХ-ын дарга Миеэгомбын Энхболдыг ажлаас нь чөлөөлүүлэхээр Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр одоогийн УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалын суудлыг үнэлэх замаар 60 тэрбум төгрөг босгох талаар ярьж буй бичлэг цацагдсан нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа аж. 

Мөн М.Энхболд тухайн асуудлыг зохих ёсоор шийдвэрлэхэд саад учруулахыг оролдсон гэдгийг хүсэлтдээ дурьдсан байна. У.Хүрэлсүх “УИХ-ын даргыг үүнээс илүү удаан хугацаанд бүрэн эрх эдлэхийг зөвшөөрөхгүй  гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ.

 

daily03.ru: Абсолют эрүүл ахуйн шаардлага хангахгүй бүтээгдэхүүн Монгол руу ачуулахыг завдлаа

ОХУ-ын улсын хил дээр хорио цээрийн хяналт, хорио цээрийн хяналтын газар, Буриад улсын Росселковнадзор дахь дотоодын ургамлын хорио цээрийн алба нь “Абсолют” худалдааны төв Монгол руу ачуулсан тээвэрлэлтээр баталгаажуулсан гэрчилгээжүүлэлтийн бүтээг­дэхүүнд хорио цээрийн объект илрүүл­жээ. Тодруулбал, Узбекистанд үйлдвэрлэсэн 0.0372 тонн жинтэй хушга болон хальсалсан самартай, импортлогч орны авгалдай халдварлагдсан бүтээгдэхүүн илгээхийг оролдсон байна. Цагаан эрвээхэй нь хүрэн, хүрэн толботой хучигдсан мөнгөн далавчтай бөгөөд үр тарианы хортон шавьж юм. Түүгээр ч зогсохгүй ургацыг бууруулж, ургац хураалтад сөргөөр нөлөөлдөг байна.

Мөн Санкт-Петербург, Новосибирскт үйлдвэрлэсэн  0.6128 тонн гурвалжин будаанаас хориотой хогийн ургамал илэрчээ. Эл ургамал нь үр тарианы ургалтыг бууруулдаг аж. Улаанбуудайнаас ч мөн  хортон шавьж илэрсэн байна. Тодруулбал, Саратовт ургуулсан есөн тонн үр тарианаас конволвулатагийн төрлийн хортон шавьжийг илрүүлж хураан авчээ.