ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Нямдаржаа: Шинжаан Уйгараас ирсэн хятад хүн Монголын газрыг зарж байна

С.БУДРАГЧАА (сэтгүүлч)
2018-05-25

Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, “Богд Ар” хорооллын оршин суугч Г.Нямдаржаатай ярилцлаа. Баянгол дүүргийн жишиг хороолол болно хэмээн анх төлөвлөгдсөн “Богд Ар” хорооллыг БНХАУ-аас орж ирээд, улмаар Монгол Улсын иргэншилтэй болсон Х.Идэнбаяр гэх хүн бусниулж, оршин суугчдын эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа асуудлаар түүнтэй ярилцсан юм.

Х.Идэнбаяр оршин суугчдын эрхийг ноцтойгоор зөрчсөн

-2000 онд “Богд Ар” хорооллыг барих ерөнхий төлөвлөгөө батлагдаж байлаа. Энэ хорооллын шавыг тухайн үед Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан М.Энхболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Бадамжунай нар тавьж байсан. Уг хорооллыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Богда Холдинг” ХХК барьсан юм. Анх энэ хорооллыг 1088 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн байр, ногоон байгууламж, орчны тохижилттой, автомашины хүрэлцээтэй зогсоолтой Баянгол дүүргийн жишиг хороолол болгоно гэсэн төлөвлөлт зурагтайгаар эхэлж байв. Гэтэл 2000-2005 оны хооронд “Богда Холдинг” ХХК I, II, III, IV орон сууцыг өөрсдөө барьж ашиглалтад оруулаад 2006 оноос эхлэн туслан гүйцэтгэгчийг барилгын ажилд оролцуулж, өөрсдөө ерөнхий захиалагчийн үүргийг гүйцэтгэх болсон. Яг энэ үеэс эхлэн туслан гүйцэтгэгч нар нь орон сууцнуудаа маш чанаргүй барьж, дутуу хагас ашиглалтад оруулсан болоод хаяж явдаг болсон. Тэдний хийсэн дутуу ажлын үйл лайг орон сууц худалдан авсан хүмүүс л эдэлж байна. Анх 1088 айлын орон сууц барина гэсэн төлөвлөгөө нь явцын дунд хоёр дахин нэмэгдэж 1730  айлын орон сууц болж өөрчлөгдсөн. Хорооллын дундах ногоон байгууламжийн газрыг булаасан, хоёр урсгалтай замыг нэг урсгалтай болгосон. Түүнчлэн явган хүний зам талбайг нь огт байхгүй болгоод орон сууцнуудыг нэмж барьж эхэлсэн. Орон сууцнуудын тоог нэмснээс үүдэн ногоон байгууламж, автомашины зогсоол, явган хүний зам, тоглоомын талбай бүгд байхгүй болж энэ хороололд орон сууц худалдан авсан иргэдийн эрх ноцтойгоор зөрчигдөх болсон юм. Иргэд “Богд Ар” хорооллыг Баянгол дүүргийн жишиг хороолол болно хэмээн итгэж тухайн үедээ маш өндөр үнээр буюу нэг мкв талбайг нь нэг сая, түүнээс дээш үнээр худалдан авч байсан. Гэтэл жишиг хороолол бус хэт шамбааралдсан орон сууц болоод хувирчихлаа. 

Тан барьдаг хятадыг барилгачин болгон өргөмжлөөд иргэдээ доромжлуулж байна

-Энэ бүх будлианыг хутгасан гол буруутан бол нэгдүгээрт төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд, хоёрдугаарт “Богда Холдинг” ХХК-ийн захирал Х.Идэнбаяр. Х.Идэнбаяр 1990 онд Шинжаан Уйгараар дамжин Монголд ирсэн хятад хүн. Тэрбээр анх ирэхдээ хүний судас барьж, тан өгдөг уламжлалт анагаах ухааны эмч байсан бол одоо Монгол улсын иргэн барилгачин болж хувираад байна. Тан барьдаг хятадыг Монголын төр барилгачин болгож өргөмжилснөөрөө олон мянган иргэнийхээ эрхийг зөрчүүлж байна. Х.Идэнбаяр 2007 онд албан ёсоор Монгол Улсын иргэн болсон хүн. Ингэхдээ ганцаараа бус ах дүүтэйгээ ирсэн. Монгол Улсын иргэн болсон цагаасаа хойш хууль, дүрэм, журмыг уландаа гишгэж эхэлсэн. Барилга бариад таван цаастай болчихсон, дээр нь иргэнийг авчих­сан учраас яавал ч яана гэж даналздаг болсон. 

Барилгачин хятад газрын наймаачин болж хувирсан

-Х.Идэнбаяр 2006 оноос эхлэн Эрээнээс нэг хужааг авчирч түүндээ барилгын гүйцэтгэгч компани байгуулж өгөөд “Богд ар” хорооллын барилгын ажлын гүйцэтгэгчээр ажиллуулах болсон. Нэг барилга барих газар, зөвшөөрөл олж өгснийхөө шанд 700 саяас нэг тэрбум төгрөгийн хахууль авч эхэлсэн. Х.Идэнбаяр сүүлдээ барилгачин биш газрын наймаачин болж хувирсан. “Богд Ар” хороололд туслан гүйцэтгэгчээр оролцсон нөгөө хужаа нар тэрбум төгрөгийн хахуулийг Х.Идэнбаярт өгчихсөн учраас өөрсөддөө ашиг гаргахын тулд хамгийн чанаргүй, хямд төсөр материалаар барилга барьж эхэлсэн. Оршин суугчдын дундын өмчлөлийн эд зүйлс болох дээвэр, коридор гэх мэт бүх зүйлийг дутуу хагас чанаргүй гүйцэтгээд хаяж эхэлсэн. 

Сургууль барьж өгнө  хэмээн оршин суугчдыг хуурчээ

-“Богд Ар” хорооллын шав тавигдсанаас хойшхи найман жилийн хугацаанд анх төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэгийн барилгын ажил огт хийгдээгүй. Энд ирээд олон жил болсон иргэд хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт хамруулж чадахгүй болмогцоо сургууль, цэцэрлэгээ бариач хэмээн шаардаж эхэлсэн. Тэгмэгц “Богда Холдинг” ХХК хорооллын өрхийн тоонд нийцүүлээд цэцэрлэг барихыг нь болиулж, оронд нь дэргэдээ сургалтын төвтэй, 930 хүүхдийн сургууль барихаар болж зураг төслийг өөрчилсөн. Үүнийг холбогдох эрх бүхий байгууллагууд зөвшөөрч баталсан. Бид нар ч том сургуультай болох нь гээд баярлатал хуурсан байсан. Иргэдийг хуурч тайвшруулж байгаад 2012 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга н.Хүрэлбаатар гэдэг хүнээр сургуулийн зураг төслийг хүчингүй болгуулж өөрчлүүлсэн. Яаж өөрчилсөн бэ гэхээр 930 хүүхдийн сургууль барих газар дээр 16 давхар хоёр орон сууц барихаар болгуулаад үлдсэн буланд нь цэцэрлэг барихаар өөрчилсөн байсан. Үүнийг нь бид мэдээд маргаан үүсгэж, хүчингүй болгуулсан. Гэтэл 2013 онд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж, сургууль цэцэрлэгийн газрын зориулалтыг орон сууц үйлчилгээний барилга болгон өөрчилсөн байсан. Х.Идэнбаяр газрын зориулалтыг өөрийнхөө хүссэний дагуу өөрчлүүлж чадсаныхаа дараа түүн дээрээ барилга барих зөвшөөрлөө хөөцөлдөж эхэлсэн байдаг. 2016 оны НИТХ-ын сонгуулийн өмнө Э.Бат-Үүл иргэдэд таалагдах шоу хийж, манай доод албан тушаалтнууд намайг хуурч гарын үсэг зуруулсан байна гэж хэлээд уг захирамжаа хүчингүй болгож байсан. Гэхдээ орон сууцны үйлчилгээний барилга, цэцэрлэгийн зориулалттай газар болгосон хоёр утгатай захирамж гаргасан байдаг юм. Уг захирамж одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа.  Тийм ч учраас Х.Идэнбаяр Засгийн газар, хотын захиргаа зэрэг байгууллагад байнга бичиг явуулж байгаа. Тэр нь ямар учиртай бичиг вэ гэхээр нэгдүгээрт, сургууль цэцэрлэгийн зориулалттай 3515 мкв газрыг “Богда Холдинг” ХХК-ийн нэр дээрээс иргэн Х.Идэнбаярын нэр рүү шилжүүлэх, хоёрдугаарт уг газрыг хоёр хувааж, 2515 мкв талбайд нь үйлчилгээний зориулалттай барилга барина, харин үлдсэн 1000 мкв газарт нь БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар цэцэрлэг барьж өгье хэмээн хөөцөлдөөд байгаа юм билээ. Хятадаас орж ирээд Монгол Улсын иргэн болсон энэ хүний бусармаг үйл ажиллагаанд үе үеийн хотын удирдлагууд оролцож дэмжсээр ирсэн. 

“Чи чаддаг юм бол сургууль бариулаарай”

-Одоо Улаанбаатар хотын газрын албаны дарга хийж байгаа Х.Болорчулуун түүний талд ажиллаж байгаа гэж би хардаж байгаа. “Богд Ар” хорооллын оршин суугчдын 90 хувь нь гарын үсгээ зураад Х.Идэнбаярын хууль бус ажиллагааг зогсоож өгөөч гээд хүсэлт гаргахаар бидэнд хариу өгөхгүй байна. Уулзах цаг аваад очихоор зугтаад явчихдаг. Хэрвээ энэ чигээрээ үргэлжилбэл сургууль цэцэрлэгийн зориулалттай газрын 2515 мкв талбайд үйлчилгээний зориулалттай барилга барь гэсэн зөвшөөрөл гарах магадлал тун өндөр байгаа. Монголын төр сургууль цэцэрлэгийн зориулалттай газрыг 17 жил хашаалж, зориулал­тынх нь дагуу барилга барихгүй байгаа “Богда Холдинг” ХХК-аас газраа эргүүлэн авч, төсвийн хөрөнгөөр цэцэрлэг сургуулиа барих ёстой. Х.Идэнбаяртай би гудамжинд таараад сургуулийн цэцэрлэгийн зориулалттай газарт сургууль цэцэрлэгийг нь бариулаач гэхэд “Чи чаддаг юм бол тэгүүлээрэй. Хөлөө хүрэх газраа хүртэл яваад амжилтад хүрэхийг чинь харъя” гэж намайг “даапаалсан”.

 “Богд Ар” хорооллын оршин суугчид хувийн цэцэрлэгт хүүхдээ хамруулж байна

-Манай хороололд 1730 айлын 6000 хүн амьдарч байна. Эдгээр оршин суугчдын хүүхдүүд улсын сургууль, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа. Энэ бүсэд төмөр замын гэх нэртэй гурван ч улсын цэцэрлэг байдаг боловч зөвхөн УБТЗ-д ажилладаг хүмүүсийн хүүхдийг л авна гээд халгаадаггүй. Тиймээс оршин суугчид сар бүр өндөр төлбөр төлж хувийн цэцэрлэгт хүүхдээ өгч байна. Сургуулийн насны хүүхдүүд нь хамран сургах тойргийнхоо хүрээнд 20 дугаар сургуульд хамрагдах ёстой боловч багтахгүй байгаа. Нэг ангид 50-60 хүүхэд суралцаж байна. Хэрвээ зориулалтынх нь газарт зориулалтынх нь дагуу сургууль цэцэрлэгээ л бариад өгчихвөл эдгээр оршин суугчдад ямарч асуудал гарахгүй байх байсан.