ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр: Ерөнхий сайд өөрөө өргөдлөө өгөхгүй бол огцруулах гарын үсэг цуглуулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-12-18

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийж, Ерөнхий сайдыг ЖДҮХС-гаас зээл авсан талаар мэдэгдлээ. Мөн өөрөө өргөдлөө өгөхийг шаардаж, болохгүй бол огцруулах гарын үсэг цуглуулна гэв. Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа. 

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ЖДҮХС-гаас зээл авсан гэдгийг ямар баримтаар баталж байгаа юм бэ. Хэн танд баримт өгсөн бэ?

-ЖДҮХС-тай нэр холбогдсон сайд, гишүүдийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгаалаад байсны учрыг би олсон. МАН-ын дарга, Ерөнхий сайд хүн өөрөө ЖДҮ-чдийн бүлгийн загалмайлсан эцэг гэдгийг саяхан олж тогтоолоо. 2016 оны арванхоёрдугаар сарын 23-нд У.Хүрэлсүх өөрийнхөө төрсөн дүү Ухнаагийн Давхарбаярын нэрээр “Жаргалант махимпекс” компанийн нэр дээр тэрбум 326 сая төгрөгийн зээл авах гэрээнд гарын үсэг зурсан. Улмаар 2017 оны хоёрдугаар сарын 15-нд 327, мөн оны наймдугаар сарын 3-нд 236 сая төгрөг авсныг олж тогтоолоо. Үлдэгдэл 800 орчим сая төгрөгийг авсан нь тодорхой. Энэ баримтыг надад шударга ёсыг эрхэмлэсэн нэгэн эмэгтэй өгсөн. Монгол Улс ЖДҮ-чин Ерөнхий сайдтай болчихлоо.  МАН бас ЖДҮ-чин намын даргатай болчихлоо. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ У.Хүрэлсүх 1.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай. Хоёр орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө. Олон зуун саяар үнэлэгдэх автомашин, мотоциклтой. Горхи тэрэлжийн тусгай хамгаалалттай газар байгаа өндөр зэрэглэлийн амралтын газартай. Гэх мэт олон тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө, орлогыг амьдралдаа бизнес эрхэлж үзээгүй хүн яаж олж авснаа тайлбарлах цаг болсон. Ард иргэд үүнийг хүсч байгаа. Тийм болохоор Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийг үндэслээд өөрөө өргөдлөө өгөхийг шаардаж байна.  Хэрвээ өөрөө өргөдлөө өгөхгүй бол нөгөөдөр /маргааш/ ЖДҮХС-тай холбогдуулан дахин огцруулах асуудлыг гарган тавьж, өргөн барина. Өөрийнхөө бланк дээр гарын үсэг цуглуулж, өргөн барина.  Ц.Нямдорж сайд ажлаа хиймээр байна, бас. Эрх мэдэлтний өмнө хоёр нүүр гаргаж болохгүй. Байр сууриндаа хатуу байх болов уу гэж итгэж байна. Итгэж байгаагаа хэвлэлээр дамжуулж Ц.Нямдорж сайдад хэлье. Хууль, хяналтын байгууллагынхан ажлаа хиймээр байна.  Ингэж мэдэгдсэний төлөө нэлээд хүнд цохилт авах байх. Ялангуяа хэвлэлийн хар хонгилоор чирэгдэж явах биз.  Ойрд шинэ жилийн баяр их өргөн дэлгэр болж байгаа. Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шинэ жилийн бэлэг болгоод огцрох өргөдлөө өөрөө өгчих болов уу гэж итгэж байна. 48 цаг харна. Энэ хугацаанд өргөдлөө өгөхгүй бол огцруулах үйл ажиллагаа руу орно. Маргааш /өнөөдөр/ намын Бага хурал болно. Хурлын үеэр намын дарга ажлаа өгөх боломж бас бий.

-Намын Бага хурал болохын өмнө та мэдээлэл хийж байна. Хурлын өмнө мэдээлэл хийж байгаа чинь улс төрийн зорилго­той харагдаад байна. Таныг намаас хөөнө гэдэг мэдээлэл гарсантай холбоотой мэдээлэл хийж байгаа юм уу?

-Энэ мэдээллийг өнгөрсөн долоо хоногт баталгаажуулж авсан. Ерөнхий сайд ЖДҮХС-гаас зээл авсан гэх асуудлыг сонсоод удаж байна. Гагцхүү нотлох баримтыг олж чадахгүй байсан юм. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт хэвлэлийн хурал зарлах гэж байсан. Гэтэл Ерөнхий сайд Японд айлчилж, Шинзо Абэтай уулзах гэж байгааг мэдээд, больсон. Монгол Улсын Засгийн газрын тэргүүн гадаадад айлчлахын өмнө ЖДҮХС-тай холбогдсон нэр зүүвэл муухай биз дээ. Тэгж бодоод мэдээлээгүй. Тэгж явсаар цаг хугацаа нь ингээд таарчихлаа. Бага хурлаар намайг хөөх шийдвэр гарч магадгүй гэж ч хэвлэлд хандаад байгаа юм биш. Тэртээ тэргүй намайг намаас хөөх шийдвэрийг арваннэгдүгээр сарын 20 хавьцаа гаргачихсан шүү дээ. Тогтоолоо одоо болтол албажуулаагүй болохоос. Хөөвөл хөөнө л биз.  

-Хэрвээ өөрөө өргөдлөө өгөхгүй бол та гарын үсэг цуглуулж, огцруулах асуудлыг өргөн барина гэсэн. Саяхан л нэг гишүүн гарын үсэг цуглуулаад, огцруулах гэсэн ч УИХ аваад үлдээ биз дээ. Дахин, дахин гарын үсэг цуглуулаад, өргөн бариад байж болдог юм уу?

-Болно, ямар ч хамаагүй.  Төрийн тогтвортой байдал, эв нэгдэл нэрийн дор иймэрхүү зүйлтэй эвлэрч ажиллаж чадахгүй.  Өөрөө өргөдлөө өгөхгүй бол огцруулах ажлаа хийнэ. ЖДҮХС-гаас Ерөнхий сайдаасаа эхлээд гишүүд хүртлээ бүгд зээл авсан нь зохион байгуулалттай хэрэг. Цаг хугацаа нь давхардаж байгаа нь, бөөнөөрөө авсан нь ч гэсэн гэмт хэрэг.  Надад байгаа мэдээллээр 31 гишүүн ЖДҮХС-гаас зээл авсан. Тэд өмнөх Засгийн газрыг унагасан. Сая У.Хүрэлсүхийн Засгийн газрыг хамгаалсан.  Ерөөсөө энэ Засгийн газар, У.Хүрэлсүх ЖДҮ-чдийн эрх ашиг дээр тогтож байна.

-Та ЖДҮХС-гаас зээл авсан гэгдэх 31 гишүүнээ нэрлэж болох уу?

-Тэрийг хууль, хяналтын байгууллага нотлох биз. Надад тэднийг бүгдийг нь баталгаатай, нотолгоотой гэж хэлэх үндэслэл алга. Ямар ч байсан тийм мэдээлэл бол бий.   

-Та намаасаа хөөгдчихлөө. Цаашдын улс төрийн замналаа юу гэж харж байна?

-Надад бодсон зүйл бий. Цаг тухайд нь миний улс төрийн үйлдлийг харна биз. Одоо энэ талаар яриад яахав. 

-У.Хүрэлсүх 2016 онд ЖДҮХС-гаас зээл авсан гэж байна. Тэр үед Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд байсан биз дээ?

-Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед У.Хүрэлсүх Шадар сайд байсан. Шадар сайд байхдаа тодорхой шийдвэр гаргагч хүмүүстэй өөрөө ярьж, зээл шийдээд өгөөч гэж хөөцөлдөөд явж байсан. Хууль хяналтын байгууллага шалгаад, чухам хэн нь үүнийг гэрчлэхийг тогтооно биз. Надад тогтоох эрх байхгүй шүү дээ.

-Уулзаад, зээл хөөцөлдөөд явж байсныг нь та мэдэж байсан юм уу?

-Би тэрийг нь сүүлд олж мэдлээ. 1.3 тэрбум гэдэг маш их хэмжээний мөнгө. 300, 200 саяар нь олон хуваагаад л өгсөн юм байна. Хамгийн сүүлд 2017 оны наймдугаар сарын 3-нд олгосон юм байна. Миний мэдэж байгаагаар шүү. Түүнээс хойш 2018 онд хэдэн төгрөг олгосныг нь би олж мэдэж чадаагүй байна.  Одоогоор 561 сая төгрөг олгосон нь тодорхой болсон.