Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч, Байгаль орчин, ногоон хөгжлийн хорооны дарга Л.Нарантуяаг “Ярилцах танхим” буландаа ярьж, утааны асуудлаар ярилцлаа.
-Утааг бууруулах чиглэлээр янз бүрийн л хурал хийж байгаа. Нийслэлийнхэн ч бас хурал хийж, судлаачид илтгэл тавиад байна. Өмнөх хурлуудаас юугаараа ялгаатай юм. Тодорхой үр дүн гарах уу?
-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр олон ажлыг хийж байгаа гэдэг. Гэвч өчигдөр тодорхой үр дүнд хүрсэн зүйл алга. Тиймээс өнөөдрийн хурлаар агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажлуудын үр дүн ямар байгаа юм, одоогийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд яг ямар ажил хийх, ямар дэс дараатай хийвэл болох юм бэ, үүнд зориулж хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг ярьж байна. Цаашид төрийн байгууллагууд эрдэмтэн, судлаачдын судалгаанд үндэслэж шийдвэр гаргах ёстой гэдэгт санал нийлж байгаа. Утааны эсрэг чиглэсэн янз бүрийн л ажил хийдэг. Гэвч үр дүнг нь нэгтгэж, дүгнэдэггүй. Янз бүрийн ажил хийгээд л байдаг. Аль нь илүү үр дүнтэй юм. Алийг нь илүү хэрэглэвэл агаарын бохирдол бодитоор буурах юм гээд нэгдсэн дүгнэлт гаргадаггүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцны дулааны алдагдлыг бууруулах, цахилгааны урамшуулал гэх мэт хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудыг тоочвол олон. Гэхдээ энэ ажлуудыг хийж хэрэгжүүлснээр агаарын бохирдол хэдэн хувиар буурч байгаа юм. Алинд нь илүү хөрөнгө оруулалт хийж, агаарын бохирдолтой тэмцвэл зөв юм гэсэн нэгдсэн дүгнэлт, мэдээллийн сан ч алга. Засгийн газрын дэргэд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулсан. Энэ хорооноос цаасаар ирүүлсэн танилцуулгыг харахад, ийм ийм ажил хийсэн гэдгээ тоочсон байна. Харин агаарын бохирдлыг бий болгож байгаа эх үүсвэрийг хэдэн он хүртэл хэрхэн бууруулах юм. Агаарын бохирдлоос болж хүний эрүүл мэнд муудаж, өвчлөл ихэсч байгаа. Үүнийг яаж бууруулж, орчныг сайжруулах вэ гэдэг бодит үр дүнгийн талаарх мэдээллийг бид хаанаас олж харахгүй байгаа. Нийслэл, Засгийн газар, салбарын яамдууд ч бай орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлуудынхаа талаар мэдээлдэг нэгдсэн мэдээллийн сантай болох ёстой. Улмаар нэгдсэн байдлаар дүгнэдэг байх хэрэгтэй юм. Цаашид Засгийн газар нь юуг, нийслэл ямар ажлаа хариуцах юм гэдгээ нарийн төлөвлөж, ажлынхаа хуваарилалт, уялдаа холбоог сайжруулахгүй бол 10 жилийн дараа бид өнөөдрийн асуудлаа яриад байж байна. Та нар бод доо, жилдээ 200-гаад байшин л дулаалаад байгаа. Цаашид үлдсэн байшингуудаа дулаалах юм уу. Дэд бүтцийг нь яах юм. Ямар ч нэгдсэн бодлого, төлөвлөгөө алга. 2030 он хүртэл дулааны алдагдлыг бууруулна гэвэл жилдээ хэдэн айлын байшинг засах вэ гэдгээ нарийн төлөвлөсөн байх ёстой биз дээ. Бид өнөөдөр хуралдаж байгаагийн гол зорилго нь үүн рүү л чиглүүлэх гэсэн юм.
-Нэгдсэн шийдвэр гаргаж, санаагаа дэвшүүлээд холбогдох газруудад өгөх байх. Тэгээд яаж Засгийн бодлогод оруулах юм бэ. Тийм боломж бий юу?
-Энэ хуралд Засгийн газраас төлөөлөл оролцож байгаа. Засгийн газрын дэргэд байгуулагдсан Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо гэж бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдууд багтсан байгууллага байна. Бид саналаа тэр хороонд танилцуулъя гэж бодож байгаа. Агаар, хөрс, орчны бохирдлыг нийслэл дангаараа шийдэх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн боломжгүй, бие даасан шийдвэр гаргадаггүй. Монгол Улс төвлөрсөн төсөвтэй орон. Тиймээс хөрөнгө мөнгө, төсөвтэй холбоотой асуудал явж явж Засгийн газар, УИХ-д очиж шийдэгддэг. Тиймээс нийслэл дээрээ бодит байдал ийм байна, ийм ажлыг хийвэл агаарын бохирдлоосоо салж чадах юм гэдэг саналаа эхний ээлжинд явуулбал шийдвэр гаргах түвшиндээ хуралдаад, шийдэх байх. Дээрээс нь утааг бууруулахад чиглэсэн төсвийн бодлого, гадны зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа бүх хөтөлбөрөө нэг зүг рүү чиглүүлбэл илүү үр дүнтэй. Одоо болохоор БОАЖЯ нэг, ЭХЯ өөр нэг, нийслэл бас нэг төсөл хэрэгжүүлэх гээд байдаг. Хоорондоо ямар ч уялдаа холбоогүй. Агаарын бохирдлыг Үндэсний хорооны гишүүнээр баахан дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар ажиллаж байна. Гэтэл дор нь байгаа мэргэжлийн багууд нь нэгдсэн байдлаар ажиллаж чадаж байна уу, үгүй юу. Жишээ нь, нийслэлд байгаа мэдээлэл гэж бараг алга, хомсхон. Тийм учраас мэдээллүүдээ нэгтгэж авах нь зөв. Хоёрдугаарт, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо руу нэгдсэн саналаа явуулах зорилготой байна.
-Агаарын бохирдлыг бууруулахад зориулж 75 тэрбум төсөвлөж байгаа гэсэн. Тэр мөнгөнөөс нийслэлд төсөв ирэх үү?
-Мөнгө ирэхгүй. Салбарын яамдуудын багцанд хуваарилагдаад явчихдаг. Тиймээс нийслэлд тэр бүх мэдээллийг авдаг болмоор байна. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ийм ажил хийж байгаа. Тэгвэл нийслэл ямар чиглэлээр ажиллаж, хувь нэмрээ оруулах ёстой юм гэдэг уялдаа холбоогоо тодорхой болгох шаардлагатай. Засгийн газрын түвшинд хийж байгаа утааны эсрэг чиглэсэн ажлын мэдээллийн нэгдсэн санг яаралтай бий болгох шаардлагатай. Ямар ч эрдэмтэн судлаач, иргэн танилцчихдаг. Бодлого, шийдвэр гаргаж байгаа төрийн байгууллагуудын мэргэжилтнүүд хүртэл тэр мэдээллийг хараад, манайх энэ чиглэлээр нь ажиллаж, ийм зүйлийг нь авах ёстой юм байна гэж зохицуулалт хийх боломжтой болно. Одоо болохоор бөөн ажил хийгээд байна л гэдэг. Яг юу хийсэн гэдэг нь нарийн тодорхой биш. Үр дүн харагдахгүй л байна. Энэ асуудлыг шийдэх шаардлагатай юм.
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар гэж байгаа биз дээ. Энэ газар чухам юу хийгээд байна вэ?
-Байгуулж байгаа гэж хэлбэл онох байх. Одоохондоо тэнд төвлөрсөн хөрөнгө оруулалт гэж алга. Жилдээ нийслэлээс төсвөөс 3.4 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн ажилд зарцуулдаг. Гэр хорооллын айлуудын дулаан алдалтыг бууруулах. Дотоод орчныг агаарын бохирдлыг бууруулахаар шүүлтүүр тавих гэх мэт жижиг сажиг ажилд мөнгөө зарцуулдаг. Нийтдээ Улаанбаатар хотын хэмжээнд бүхлээр нь харж ажил хийх төсвийн боломж нийслэлд байдаггүй. Гэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлт, инженерийн дэд бүтцийн ажилд тодорхой төсөв тавьж өгдөг. Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж 2019 онд 20 тэрбумыг зарцуулахаар төсөвлөсөн. “Сервис центр” байгуулахад зориулж 20 тэрбум төгрөг мөн төсөвлөсөн байгаа. 2018 онд 10 тэрбум төгрөгөөр нэг байршилд “сервис центр” байгуулах ажил эхлүүлсэн. Энэ бүх ажлуудын аль нь илүү үр дүнтэй юм. Аль хөтөлбөрийг нь түлхүү хэрэгжүүлбэл агаарын бохирдлоос хурдан хугацаанд салж чадах юм гэсэн нэгдсэн судалгаа, шинжилгээ огт байдаггүй. Засгийн газрын дэргэдэх Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороонд байдаг юм болов уу гэж бодтол танилцуулгыг нь харахад үгүй л юм билээ. Баахан ажил хийсэн гээд л тоочсон. Ийм ажил хийлээ, тэдэн төгрөг зарцууллаа. Агаарын бохирдол тэдэн хувиар буурлаа. Ийм ажлыг эрчимжүүлбэл тэдэн он гэхэд агаарын бохирдол төчнөөн хувиар буурна гэсэн төлөвлөгөө л хэрэгтэй байна. Жишээ нь, бид агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө гэж баталсан. 2030 он хүртэл тэр төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Гэхдээ өмнөх хийж байсан бүх ажлыг тоочоод оруулчихсан. Монгол Улсын төсөв, мөнгө хязгаарлагдбал. Тэр олон ажлын алийг нь эхэлж хийх вэ гэдэг эрэмбэ, дараа чухал. Тиймээс алийг нь эхэлж хийвэл богино хугацаанд агаарын бохирдлоос салж чадах вэ гэдгийг судалж, шинжилгээ хийдэг баг нийслэлд ч, Засгийн газрын түвшинд ч хэрэгтэй байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрдэмтэд нь судалгаа хийдэг. Тэрийг нь аваад эдийн засагчид нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг гаргадаг бол энэ ажил бодитой болно.
-Агаарын бохирдол нийслэлийн хамгийн тулгамдсан асуудал. Тийм болохоор нийслэлийн удирдлагууд энэ чиглэлд хамгийн их анхаарах ёстой. Тэгвэл нийслэл аль чиглэлээр түлхүү ажиллавал зүгээр юм бол?
-Нийслэл суурь судалгаа, шинжилгээгээ л авбал зүгээр байх. Бидэнд ийм ийм ажлуудыг агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийхэд тийм хугацаанд тэдэн төгрөг шаардлагатай гээд л дунд, богино хугацаанд гаргаж, Засгийн газар, УИХ-д танилцуулж, шийдвэрээ гаргуулдаг болчихож байгаа юм. Түүнээс биш нийслэл дангаараа, өөрийнхөө төсвөөр агаарын бохирдолтой тэмцвэл чадахгүй. Гадны зээл, тусламж, концесс гэх мэт бусад эх үүсвэрийн шийдвэрийг нийслэлийн Иргэдийн хурал ч юм уу, Засаг дарга гаргах эрх зүйн боломж байхгүй. Бүх зүйл Засгийн газар, УИХ-аар шийдэгддэг. Тэгэхээр суурь судалгаа юм уу, бэлтгэл ажил, зураг төсөл гэх мэт ажлаа нийслэл хариуцдаг байя, Төсвийн шийдвэр гаргах, хэрэгжүүлэх ажлаа Засгийн газар нийслэлтэйгээ хувааж аваад явбал болно. Шийдвэр гарчих юм бол нийслэл бие даагаад хэрэгжүүлэх боломж байгаа. Яамдууд болон нийслэлийн харьяа байгууллагын уялдаа холбоо л маш чухал. Нийслэлийн байгууллагууд хоорондоо уялдаад ажлаа хийчих боломжтой. Харин яамдууд хоорондоо уялдаа холбоотой ажиллахад учир дутагдалтай харагддаг. Ажлын хэсэгт ороод ажиллахад хоёр яамны хоорондох уялдаа холбоо муу байдаг нь харагддаг.
-Утаа гамшгийн хэмжээнд хүрч, агаарын бохирдол хэрээс хэтрээд олон жил болж байна. Энэ хугацаанд нийслэлийнхэн судалгаагаа хийгээд, Засгийн газар, УИХ-д саналаа байнга оруулж өгч байсан гэж боддог байлаа. Тэгж ажиллаж байгаа юм уу?
-Саяхан л Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө гэж гаргалаа шүү дээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт буюу орон сууцжуулах хөтөлбөрөөрөө дамжуулаад нийслэл Засгийн газарт саналаа өгч байсан байх. УИХ, Засгийн газар шийдэхдээ зөвхөн Улаанбаатар хотыг анхаарах биш 21 аймаг руу төсвөө хуваарилаад явчихдаг. Тийм болохоор Улаанбаатар хотод оногдох хэсэг нь бага байсан юм болов уу гэж би боддог. 2013 оноос хойш Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалт нь нэмэгдсэн юм байна гэж харж байгаа.
-Судалгаа, шинжилгээ хийх бага хэрэгтэй байна гэсэн. Тэр багийг яаж бүрдүүлэх юм бэ. Хуралд оролцоод, илтгэл тавьж байгаа эрдэмтэд, багш нар нийлж баг болох юм уу?
-Нийслэлийн иргэдийн хурлын дэргэд судалгааны институт шинээр байгуулъя гэж ярьж байгаа. Төлөөлөгчийн хувьд дэвшүүлж байгаа миний санал бол тэр институтад эрдэмтдийн багийг түлхүү ажиллуулдаг байх ёстой. Тэр хүмүүс өөр өөрийн чиглэлээр ажиллаж, судалгаагаа хийдэг нь тодорхой. Тийм болохоор нэлээд сайн уялдуулж өгч, чиглүүлэгч хийх баг ч бас хэрэгтэй. Эрдэмтэд болохоор судалгаагаа л хийнэ. Тэгэхгүй төр захиргааны байгууллагын ажилтнууд дангаараа шийдвэр гаргаж, шийдэл тулгаад явбал буруу гэдэг нь олон жилийн туршлагаас харагдлаа шүү дээ.
-Өнгөрсөн хугацаанд олон эрдэмтэн судалгаа хийсэн, үр дүнгээ ч гаргаж тавьж, мэдээлсэн. Одоо дахиад агаарын бохирдлыг судлаад, шинжлээд байх шаардлага байна уу?
-Шинээр судалгаа, шинжилгээ хийе гэж байгаа юм биш. Өөр өөрийнхөө хүрээнд, хэмжээнд, өнцгөөр судалгаа, шинжилгээ хийсэн эрдэмтдийн судалгааг нийлүүлээд харъя л гэж байгаа хэрэг. Жишээлбэл, н.Энхцолмон гэдэг судлаач гэр хорооллыг 2024 он хүртэл яаж орон сууцжуулах вэ, дэд бүтцэд хэрхэн холбох уу гэдэг судалгааг хийсэн байна. Энэ санааг яаж бодит амьдралд хэрэгжүүлэх вэ гэдгийг өөр нэг баг хийдэг л байх ёстой. Өөрөө хэлбэл, эрдэмтэд, судлаачид, эдийн засагчдын багийг бүрдүүлж, нэг баг болгоод ажилуулъя л гэж байна. Түүнээс биш янз бүрийн хурал байнга л болдог. Тал талдаа л хуралдаад, нэг нэг судалгаа танилцуулаад байдаг. Тэр бүхэн одоо уялдах цаг болсон.
-Утааг бууруулах ганц үр дүнтэй арга нь гал түлэхгүй байх. Тэгвэл “Сервис центр” утааг бууруулахад чиглэсэн гол ажлуудын нэг. Гурван газар сервис центр байгуулаад дуусахад утаа хэдэн хувиар буурах боломжтой вэ. Энэ талаар хийсэн судалгаа, төсөөлөл байна уу?
-Ямар ч судалгаа байхгүй. Би энэ талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж, ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах, төвлөрсөн шугамд холбох ажлынхаа бодит судалгааг хийгээч. Аль нь илүү үр дүнтэй юм. Жишээлбэл, “Сервис центр” бол 10 тэрбум төгрөгөөр 200 айлыг л нэгдсэн шугамд холбох ажил. Нэг айлд оногдох хөрөнгө оруулалт нь хэд юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхээр өртөг ямар ялгаатай байна. Алсдаа бид алийг нь илүү түлхүү хэрэгжүүлбэл зүгээр байна. “Сервис центр”-ийнхээ өртгийг цаашид яаж бууруулах юм гэдгийг судлаач. Хаана, хэн судлаад байгаа юм гэж асуухаар одоогоор хариулт алга. Дээрээс нь тэр төслийн дөнгө 50 хувь нь хэрэгжиж байна. Одоогоор ямар үр дүнд хүрэх талаар хэлэх боломж алга. Гэхдээ ямар ч төслийг хэрэгжүүлэхдээ урьдчилаад судалгааг хийдэг болмоор байгаа юм. Ингэвэл ямар нэг төсөл бодитой хэрэгжих, эдийн засгийн үр өгөөжөө өгөх, төсвийн үргүй зарцуулалт гарахгүй, цаг хугацаа алдахгүй байх давуу талтай гэж боддог.