Учраа олоогүй улстөржилт хэрээс хэтэрч, наймхан настай хүүхэд хүртэл улстөржиж төрийн өмнөөс “гар зангидах” болсон цөвүүн цаг иржээ. Тэглээ гээд хүүхдийг буруутгах хэцүү. Хүүхэд гэдэг томчуудын толь байдаг гэдэг. Яг л энэ жамаар тэд өдөр бүр, алхам тутамдаа улстөржилт дунд өсөн хүмүүжиж байгаа учраас ийн “пээдэгнэх” нь зүйн хэрэг гэлтэй. Аав, өвөө, эмээ нь бүр ах эгч, найз нь хүртэл улс төр ярьж, хэлбэрдэхэд хүүхэд хэн болж, ямар ойлголт түүний дотор төлөвших нь тодорхой юм. “Ийм л зүйл ярих ёстой юм байна” гэх сэтгэлгээ хүүхдийн дөнгөж бойжин бүрэлдэж буй нялх ухамсарт шургаж, чихэр жимс, мөрөөдөл ярих насандаа улстөржсөн элдэв эсэргүүцэл ярьж байгаа нь гашуудмаар хайран. Түүнийг нь бид “хэгжүүн”, “хөөрхөн” гэх тодотголтойгоор хөхиүлэн дэмжиж, хүүхдийнхээ хүүхэд насыг хулгайлсаар байна.
Хүүхэд нас гэдэг хүний амьдралын хамгийн жаргалтай, гэнэн цагаахан үе байдаг. Гэтэл бид ганцхан олдох тэр үлгэрийн насыг нь улстөржсөн эрх ашиг, учраа олоогүй хэлбэрдэлтээр сольж, үгүй хийх юм гэж үү. Цахим орчинд дунд сургуулийн охид улс төр ярьж, төрийн түшээдийг элдвээр хэлэх нь энгийн үзэгдэл болоод уджээ. Аравхан настай бяцхан хүү телевизээр “Би бүхэл бүтэн арван жил амьдарлаа. Мэдэлгүй яахав. Та нар миний зангидсан гарыг хар” гэхчилэн “томорч”, түүнийг цахим орчноор хэрсүү, хөөрхнөөр тодорхойлон өөгшүүлж байх юм. Найман настай охин “Би МАН-д захидал бичсэн. Хэн ч тоогоогүй. Хүүхдийн мөнгийг өгөхгүй байна. МАН-ынхан хүнийг ялгаварлан гадуурхахаа боль” хэмээн ярьж, сүүлдээ цурхиран уйлж байх аж. Түүний насан дээр намын бодлого, талцал бүү хэл ээжийнхээ хаанаас гарсныгаа ч ойлгоогүй явах үе. Энэ юу ч биш. Сүүлийн үед УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулъя гэсэн давалгаанд найман настай балчраас наян настай буурай хүртэл нэгдээд байгаа.
Бүр цэцэрлэгийн наснаас эхлээд дунд сургуулийн гэмээр дэрсхэн хэдэн хүүхдүүдэд “М.Энхболд огцор”, “Эрүүл нийгмийг бий болгоё”, “Шударга нийгмийг цогцлооё” гэсэн уриа, лоозон барьж, зургийг нь дарж, цахим орчинд нийтэлж байх юм. М.Энхболд гэж хэн болох, ямар учраас тэр огцрох ёстой, огцорно гэж юу байдаг гэдгийг тэр жаахан охин ойлгосон бололтой юм. Хүүхэд хүүхдээрээ л байх ёстой. Тэднийхээ жаргал дүүрэн насыг томчуудын бохир ертөнцөд хүчээр татан оруулж, энхрий үрийнхээ хүүхэд насыг өөрийн гараар, хайр найргүй устгаж байгаагийн захын жишээ энэ мөн. Хатуухан хэлэхэд энэ бол нэгэн төрлийн хүчирхийлэл гэхэд хилсдэхгүй. Бид хүүхдийн биед хүрэх, алгадах, зодохыг л хүчирхийлэл хэмээн ядуухан сэтгэж хүүхдийн эрхийг “дээдэлж” байна. Гэтэл хамгийн нандин хүүхэд насыг нь хулгайлахыг хүчирхийлэл биш гэх арга байна уу. Энэ бүгд улс төрийн зорилготой нэгэн төрлийн жүжиг байж болох ч дуулсан дуундаа өөрөө уярна гэдэг шиг улстөржсөн ярианыхаа төгсгөлд нүдээ дараад цурхиран уйлах тийм л сэтгэхүйтэй ирээдүй бэлтгэгдэж байх юм. Хүүхдүүдийг реклам сурталчилгааны зорилгоор “ашиглах” явдал манайд нутагшаад удсан. Гэтэл одоо улс төрийн зорилгоор хүүхдээ ашиглаж эхэллээ. Хүүхэд ашиг сонирхлоо биелүүлэх хэрэгсэл биш. Хүүхдийнхээ хүүхэд насыг хулгайлахаа зогсооё. Энэ үг улстөрчдөд ч бас хамаатай шүү.