Манай улс чинь мал аж ахуйн орон. Сүлдэндээ хүртэл малтай. Бишээ морьтой. Гэхдээ л малтай. За тэгээд таван хошуу бүхий 68 сая толгой малтай шүү дээ. Хүнээ оруулах юм бол бараг л 70 сая гэсэн үг. Нэгэнт мал аж ахуйн орон учраас малаа бид хүндлэхгүй бол өөр хэн хүндлэх билээ. Тэр бүү хэл манай малыг биднээс өөр хүн хэрэглэж болохгүй.
Уржнан жил яасан, манай адууг муу хятадууд аваад байхаар нь “бид болиулсан”. Бид ч юу байх вэ дээ. Манай эх оронч, эрэлхэг зоригтой шадар сайд асан. За тэгээд одоо бас хятадууд манай малын махыг их хэмжээгээр аваад байгаа учраас бид өгөхгүй гэж тууштай тэмцэж байгаа. Монгол малыг монгол хүн л идэх ёстой. Гэхдээ бас бид малд хайртай ч монгол малаас өөр малыг бол бас үзэхгүй. Эрлийз морийг монгол морьтой уралдуулахгүй.
Тэд чинь монгол мориноос хурдан учраас тэр. Яг л үндэсний бөхөөр маань гадны бөх барилдаж болдоггүй шиг үндэсний малтай маань гадны мал ч уралдаж болохгүй гэсэн хачин тэнгэрлэг сайхан санаа яваа юм, цаана нь. Юм учиртай. Тэр бүү хэл саяхан хэсэг задарсан “топ моделиуд” манай мал болсон сарлаг гэдэг үхэртэй цуг зургаа авахуулжээ. Энэ бол гутамшиг. Зүй нь тэд малтай зургаа даруулж, сүргийн маань нэр сүрийг гутаах ёсгүй байсан юм. Тэр задарсан гадаад хүүхнүүд л шалдан нүцгэн морьтой зургаа даруулж, олны таашаал хүртдэг юм байгаа биз. Бид бол ондоо. Тиймээс манай малнууд биднээс өөр хүнд идүүлж, эдлүүлж болохгүй. Зургаа ч хамт даруулж болохгүй нандин амьтан. Худлаа гэвэл төрийн маань сүлд хүртэл малтай. Бишээ морьтой.