ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Мягмардорж:  Найман хувийн зээлийг банкаар биш барилгын компаниудаар дамжуулмаар байна

O.Admin
2019-01-09

Зарим барилгын компаниудын хөрөнгө оруулалт  зогссоноос гэр  хорооллын дахин төлөвлөлтийн  ажил удааширч  байгаа. Харин энэ ажлыг зогсоохгүйн  тулд Нийслэлийн орон нутгийн  төсвөөс 2019  онд 20 тэрбум төгрөгийг  төсөвлөж,  дэд бүтцийн  ажлыг  санхүүжүүлэхээр төлөвлөөд  байна. Нөгөө талаас  барилгын  компаниудаа санхүүжүүлэх шаардлага тулгарсан. Энэ хүрээнд 2016  онд Нийслэлийн засаг  дарга бөгөөд  Улаанбаатар хотын  захирагч , Монгол Улсын  хөгжлийн банкны захирлууд ажлын  хэсэг байгуулж  гэрээ хэлэлцээр  байгуулсны үндсэн  дээр дахин  төлөвлөлтийн ажлыг санхүүжүүлхээр  болжээ. Харин гэр  хорооллын  дахин  төлөвлөлтийн  барилгын  ажлыг гүйцэтгэж буй Пример Инвест” компанийн гүйцэтгэх захирал  Н.Мягмардоржтой зарим асуудлаар ярилцлаа.

-Гэр  хорооллын дахин төлөвлөлтийг эрчимчүүлэхэд ямар  хүндрэлтэй асуудлууд гарч байна вэ?

-Гэр хорооллын  дахин  төлөвлөлтөө  анхнаасаа  зохион  байгуулалттай хийгээгүй учраас  дахин  нарийвчилсан  төлөвлөгөө шаардлагатай байгаа. Тухайлбал,  иргэдтэй хийдэг гэрээ,  газар,  хөрөнгө, ипотекийн найман  хувийн зээл гэх  мэтчилэн өргөн хүрээтэй асуудлууд  бий. Эндээс нэн  яаралтай шийдэгдэх  шаардлагатай асуудал  бол газрын маргаантай  холбоотой гэрээний асуудал  болоод  байна. Мөн дэд бүтцийн  асуудлыг  улсаас үе шаттайгаар  дэмжих шаардлагатай.  Гол  нь улсаас хөрөнгө санхүүгийн  асуудал дээр, ялангуяа дахин  төлөвлөлийн компаниудыг найман хувийн борлуулт дээр  дэмжвэл энэ  ажил  илүү  хүртээмжтэй болох боломжтой. Өөрөөр  хэлбэл,  найман хувийн зээл  арилжааны банкуудаар  биш,  барилга барьж буй компаниудаар  дамжих  шаардлагатай байна.  Цаашаа  арилжааны банкаар  дамжиж,  олон  жил  хамтарч ажиллсан монополь компаниудтайгаа харьцдаг  нь шударга бус. Тэрнээс биш  дахин төлөвлөлт рүү  чиглэсэн зүйл одоогоор  байхгүй.

-Ипотекийн  зээлийг барилгын компаниудаар олгох гарц гаргалгааг хайж  үзсэн үү?

-Манай компанийн хувьд  хотын төвийн А бүс буюу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд  барилга барьдаг. Ипотекийн 8 найман хувийн зээлийн зөвшөөрлийг авах гэж удаа дараа хүсэлт өгсөн.  Монголын Ипотекийн корпорацийн  дүгнэлт гарсан  боловч арилжааны банкууд эх үүсвэргүй гэдэг шалтгаанаар хүлээж авдаггүй. Гэтэл улсаас олон орчим тэрбум төгрөг  төсөвлөсөн гэдэг боловч бидэнд  хүрэхгүй байгаа. Яагаад гэвэл улсаас дахин төлөвлөлтийн компаниуд руу чиглүүлэхгүй байгаа учраас урсгал  нь  арилжааны банкууд буюу өөр тийшээ яваад байдаг.

-Гэр хорооллын дахин  төлөвлөлийн ажлыг  хэрэгжүүлэхэд  иргэдийн зүгээс тулгардаг асуудлууд олон  байдаг уу?

-Айлуудын хувьд  янз янз  байдаг. Төсөл хэрэгжүүлэх  явцад  айлууд  өндөр  үнэ хэлэх,  газраа чөлөөлж өгөхгүй  гэх  мэтчилэн асуудал  гаргадаг. Гэхдээ ихэнхи айлууд төдийлөн цааргалаад  байдаггүй,  тохиролцоод газраа чөлөөлөөд  өгчихдөг. Гол  нь  зарим нэг  аж ахуйн  нэгж,  хувиараа  бизнес эрхэлдэг хүмүүс  дахин төлөвлөлтийн газрыг  хэт өндрөөр үнэлж,  тухайн газрыг  зориулалтын бусаар  ашигладаг. Улмаар ажлын  явц  удаашрахаас гадна, хөрс,  агаарын  бохирдлыг  бууруулах,  төсөл хэрэгжүүлэх  явцад  хүндрэл  гаргадаг. Энэ  асуудлыг зохицуулдаг  дүрэм  журам гаргаж өгөх хүсэлтийг  Нийслэлийн холбогдох  байгууллагуудад гаргаад  байгаа. Цаашид ч энэ  чиглэлээр  үйл  ажиллагаа явуулдөг төрийн  болон  хувийн байгууллагуудтай  уялдаа холбоогоо  сайжруулж ажиллах  шаардлага их байна.

-Танай компани тухайн айлын  газар,  үл  хөдлөх  хөрөнгийг хэдэн  төгрөгөөр үнэлдэг вэ?

-Манай компани нэг ам.метр газрыг 250 мянган төгрөгөөр үнэлж авдаг. Харин үл хөдлөх  хөрөнгө буюу хашаа байшинг 200 мянган төгрөгөөр үнэлдэг. Ингээд  нийлбэр үнийн дүнг өөрсдийн зарж буй байрны метр квадратын үнийн дүнд хуваагаад, талбайн хэмжээгээ гаргаж ирдэг.  Жишээ нь 300 метр квадрат  хашаатай, 10х8 хэмжээтэй байшинтай айлын газар ойролцоогоор 120 сая орчим  төгрөгөөр үнэлэгддэг. Зах зээлийн ханшаар хоёр  өрөө байр авах  болзол хангаад  явж байгаа гэсэн үг. Энэ нь 50-60 сая орчим төгрөгтэй тэнцдэг.

-Барилгын компаниуд  ихэвчлэн  эрсдлээ өөрсдөө үүрээд  гардаг байх. Харин  дахин төлөвлөлийг  хэрэгжүүлж буй компаниуд санхүүгийн болон  бусад эрсдлүүдээ хэрхэн  шийддэг вэ?

-Эрсдэлгүй компани  гэж хаа ч  байхгүй. Ялангуяа барилгын  компаниуд эрсдэлтэй маш их  тулгардаг.  Жишээ нь Улсаас дэд бүтцийн  ажлыг шийдэж өгснй дараа  батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга  байгууламжийн  ажлаа эхлүүлдэг. Барих  явцад нийслэлээс тухайн газар дээр  барилга барих  зөвшөөрлийг давхардуулан олгодог, дэд  бүтцийн  магистрал  шугамнуудаас дулааныг нь давхардуулсан зөвшөөрлүүдийг нэмээд олгочихдог асуудал  цөөнгүй гарсан. Дээрээс нь газар худалдаж авах ажиллагаа  арилжааны зарчмаар явагддаг учраас хувь  хүн, ченжүүд өндөр үнээр худалдаж авч барилга байгууламж барихад  саад учруулдаг  томоохон  эрсдлүүд их бий. Санхүүгийн эрсдлийн  тухайд худалдан  авах  бараа бүтээгдэхүүний үнэ ханш,  юан,  долларын  хэлбэлзэл  их нөлөөлдөг. Үүнээс гадна дахин төлөвлөлтөөр олгогдож байгаа  газар  өөрөө найман  хувийн  зээл  болон бусад  санхүүгийн  эх үүсвэргүй учраас компаниуд  төсөл  хэрэгжүүлж  байгаа газар  дээрээ хөрөнгөө оруулдаг. Гэтэл  эргээд  хөрөнгө оруулах урсгалгүй болчихдог  учраас дампуурах эрсдэл өндөр  байдаг.

Д.Оюун-Эрдэнэ