ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

У.Хүрэлсүх: Ахмад үедээ бид хүндэтгэлтэй хандах ёстой

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж дууссаны дараа УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлж эхэллээ. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Ч.Улаан гишүүн ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшиж байна. Өмнө нь олон сайд хийсэн гэдгээрээ шижигнүүлнэ гэж итгэхгүй байна. Гэхдээ ажил амьдралын туршлагаар явах байх аа. Малын хулгай найгүй байна аа. Хөдөө хээр нядалгааны цех ажиллуулж байна гэж байна. Шинэ хуулиар хэдэн толгойгоос доош хэрэгсэхгүй болдог гэнэ вэ. Энэ асуудлыг шийдэж өгөөч гэж малчид их хэлж байгаа шүү. Энэ талаар ямар бодолтой байна. Ногоон тэжээл гэдгийг Б.Батзориг сайдын үед нэлээд анхааралтай ажиглаж, идэвхтэй ажиллаж байсан. Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулагдсан. Шинэ хууль батлагдсан. Малын эмчийн орон тоо, малын эм тарианы асуудал байгаа юм билээ.

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Ч.Улаан: Малын хулгайг онцгой анхаарна аа. Ногоон тэжээлийн ажлыг онцгой анхаарч явна. Сайд болоод шинээр юм бодож олохгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн асуудлыг л үргэлжлүүлнэ. Мал эмнэлгийн тухайд шинэ хууль батлагдсан ч дарга цэргийн асуудал гээд бэрхшээл байгаа түүнийг шийднэ. Төсөв хөрөнгөд тааруулаад ажлаа хийнэ.

УИХ-ын гишүүн О.Батнасан: Б.Батзориг гишүүний үед олон шинэчлэл хийгдсэн. Хоёр ч том хууль батлагдсан. Хоёрхон хүн хөдөөд малын эрүүл мэндийг хариуцаж байна. Миний өргөн барих төслөөр 12 хүнтэй ажиллаасай гэж бодсон. Ядахдаа зургаан хүн ажиллаж болно. Энэ салбар бол өөрийгөө аваад явчихна. Мал аж ахуйд анхааръя гэж хэлээд байгаа нь гадаад зах зээлээ бодоод байгаа юм. Малын арьс нь өөрөө цоохор болчихсон.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: ЕБС-ийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар би ажиллаж байна. Энэ хуулийн төсөл дээр маргаантай нэг асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, ханган нийлүүлэгчийн асуудал юм. Одоогоор дөрвөн компани байгаа. Энэ асуудлыг та анхаарч үзээч. Ханган нийлүүлэгч дээр дотоодын компаниуд байх уу гэх мэт асуудал байна. Мөн 29 санг шилэн болгоно гэж яриад байна. Үүнийг арилжааны банк дээр шилжүүлээд, хүүг нэмэхгүйгээр явах боломж байна уу. 2009 оноос хойш бүгдийг нь шалгаад, юун дээр алдсаныг нь эргээд яримаар байна.  

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Ахмад үедээ бид хүндэтгэлтэй хандах ёстой. Энэ хүмүүсийн ажлын туршлага чухал юм. Монгол хүмүүсийн аж амьдрал хоёрхон зүйл дээр тогтож байна. Мах гурил хоёр бол чухал. Монгол Улсыг хүнс экспортлогч орон болгохын төлөө явж байна. Энэ бүхнийг нэг өдөр хийх боломжгүй. Ноос, ноолуур арьс ширээ өөрсдөө боловсруулж, гуравдагч зах зээлд гарах боломж бидэнд байгаа. Тиймээс миний дэмжсэн сайдыг дэмжинэ гэдэгт итгэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Би гишүүний эрх үүргээ эдлээд гурван асуулт асууя. Хөдөө аж ахуйн салбарт 160 мянган малчин өрх буюу 320 гаруй мянган малчид байна. Малын эрүүл мэндийн чиглэлээр Б.Батзориг гишүүн маш сайн ажилласан. Одоо харин малчдынхаа эрүүл мэндийн асуудлыг ярих цаг болсон. Эрүүл мэндийн даатгалын хууль батлагдлаа.

Энд хамгийн их хохирч байгаа хүмүүс бол малчид юм. Малчдын эрүүл мэндийн даатгалд хамрагдах асуудлыг хэрхэн анхаарах вэ. Хөдөө аж ахуйн биржийн хууль батлагдсан ч өнөөдрийг хүртэл амь ороогүй. Хөдөө амьдарч буй малчид махаа үнэд оруулахыг бодно, харин хотын иргэд хямд мах идэхийг зорино. Үүнийг хэрхэн анхаарах вэ. Мөн үйлдвэр худалдааны салбарт ажиллаж буй иргэдээ хэрхэх вэ. 572 мянган сурагчдын формыг сум, аймагтаа үйлдвэрлэхэд болохгүй зүйл алга.

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Ч.Улаан: Малчдын эрүүл мэндийг хамгаалах, даатгалын шинэ хуулийг хэрэгжүүлэх талаар Д.Сарангэрэл сайдтай ойр хамтарч ажиллана. Малчдын эрүүл мэндийг хамгаалах талаар анхаарч ажиллана. Мал аж ахуй эрхэлдэг аймгаас сонгогдсон учраас малчдын зовлонг мэднэ. Тэтгэврийн насыг наашлуулсан шийдвэрийг малчид маш их дэмжсэн. Махны хангамжийн асуудал дээр ул суурьтай хандана аа. Хэд хэдэн гишүүд хэллээ. Мах экспортлох болон дотоодын хэрэгцээг хооронд нь сөргөлдүүлж болохгүй.

Б.Тогтох