ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ-ын гишүүд ба Ерөнхий прокурор

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-01-13

УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд өөрсдийнхөө эрх мэдлийг ашиглан ЖДҮХС-гаас зээл авсан хэрэг өнгөрсөн намар, өнөө өвлийн гол сэдвийн нэг нь болоод байна. Энэ асуудалтай холбогдуулан хоёр ч сайд суудлаасаа буусан бол эдүгээ нэлээд олон УИХ-ын гишүүд хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа билээ. Өмнө нь ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийг албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг оруулж ирж, УИХ олонхоороо хамгаалж үлдэж байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэхээр Улсын ерөнхий прокурор санал оруулсан боловч мөн л УИХ олонхоороо хамгаалан үлдсэн юм. Эл үеэр УИХ-ын гишүүд болон Улсын Ерөнхий прокурорын хооронд болсон яриаг тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн: Эдгээр дөрвөн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэхээр оруулж ирэх үндэслэл нь юу вэ?

Улсын Ерөнхий прокурор: Бүх зээл барьцаатай гарсан байхад ганцхан УИХ-ын гишүүн  Д.Дамба-Очир гуай барьцаагүй зээл авсан байна. Д.Дамба-Очир гишүүн өөрийн компаниа дүүгийнхээ нэр дээр шилжүүлж, дүү М гэгч иргэнтэй нийлээд уул уурхайн хайгуул хийх зориулалтаар зээл авсан. Гөлтгөний үйлдвэр барина, үйлдвэрийн тоног төхөөрөмж авна гэсэн нэрийн дор зээл аваад тал мөнгийг нь уурхайн ажил руу хийсэн, талыг нь зээл авсан хүмүүс хуваагаад авчихсан байгаа юм.

Зээлийн материалын бүрдүүлэлт, төсөл бодит байх ёстой. Г.Солтан гишүүний хүүгийн компани зээлийн материал бүрдүүлж өгөх хугацаанд жижиг дунд үйлдвэрээр бүртгэгдээгүй байсан. Тэгэхээр зээл авах шаардлагыг хангаагүй байжээ гэсэн үг. Зээлийн материалд бүрдүүлж өгсөн бичиг баримтыг нотариатаар батлуулж өгөх ёстой байсан. Гэтэл зүгээр хуулбарлаад өгсөн байна. Ингээд зээлийн мөнгө гишүүний эхнэрийн данс руу ороод банканд хүүлэгдсэн.

Л.Энхболд гишүүний хувьд албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад нөлөөлж зээл авсан байна. Авахдаа төсөл хэрэгжүүлье гэж бодоогүй юм байна. Харин өөрийнхөө бусдаас авсан зээлийг буцааж төлөх зориулалтаар авч, үйл ажиллагаа өрнөжээ гэдэг нь мөрдөн байцаалтын явцад шалгагдаж нотлогдоод байна. 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь ЖДҮХС-гаас 2018 оны наймдугаар сарын 14-нд урьд нь сонгон шалгаруулалтаас хасагдсан байсан “Доктор МЭИК” ХХК-д 800 сая төгрөгийн санхүүжилт олгох шийдвэр гаргаж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгоход нь хамтран оролцсон”

УИХ-ын гишүүн: Яагаад ЖДҮХС-тай олон гишүүн холбогдож байхад дөрөвхөн гишүүнийг бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал орж ирж байгаа юм бэ. Алагчилж үзээд байгаа юм уу?

Улсын Ерөнхий прокурор: Алагчилж үзэж байгаа зүйл байхгүй. Мөрдөх байгууллага мөрдөх ажиллагаагаа хийж прокурор хянадаг. Энэ удаа мөрдөх байгууллаагаас энэ дөрвөн гишүүний асуудлыг оруулж ирсэн. Бид хянаж үзээл үндэслэлтэй байна гэж үзсэн учраас асуудлыг оруулж ирж байна. Цаана нь шалгагдаж байгаа гишүүдийн асуудал байгаа. Саналаа оруулж ирэх үндэслэлтэй байвал дахиж нэмж, оруулж ирнэ.

УИХ-ын гишүүн: Шударга бусын хонгил гэж зүйл ярих боллоо. Үнэхээр манай улсад тийм хонгил бий юу ?

Улсын Ерөнхий прокурор: Шударга бусын хонгил гэдгийг мэдэхгүй. Сүүлийн дөрвөн жил би прокурорын байгууллагыг толгойлж байна. Намайг байхад лав тийм зүйл байхгүй. Хууль хяналтын байгууллагад хууль бус зүйл хийдэг хүмүүс байсан. Тэрийг хэлээд байгаа бол одоо тийм зүйл байхгүй. Тэр хүмүүс нь шалгагдаад явж байгаа.

УИХ-ын гишүүн: Манай улсад мафи бий юу?

Улсын Ерөнхий прокурор: Монгол Улсад мафи байхгүй ээ. 1990-ээд оны дундуур гарч ирэхээ алдсан. Хуулийн байгууллагынхан таслан зогсоосон.

УИХ-ын гишүүн: Энэ дөрвөн гишүүнээс өөр шалгуулж буй гишүүд бий юу. УИХ-аар хэзээ оруулж ирэх вэ?

Улсын Ерөнхий прокурор: Байгаа. Мөрдөн шалгаж буй байгууллага саналаа оруулж ирвэл тун удахгүй оруулж ирнэ.

УИХ-ын гишүүн: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэхгүйгээр шалгаж болохгүй байгаа юм уу? 

Улсын Ерөнхий прокурор: Шалгалт бол явагдаж байгаа. Гэхдээ хууль шүүхийн өмнө бүх хүн тэгш эрхтэй атал УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байхад нь шалгахад хүндрэл үүсэж байна. Тухайлбал, хүмүүс мэдүүлэг өгөхгүй байна. Би мэдүүлэг өгчихдөг. Наад хүн чинь гишүүнээрээ үлдээд би буруутан болоод хоцорно гэдэг ч юм уу. Ийм асуудлууд бол үүсэж байгаа.

УИХ-ын гишүүн: ЖДҮХС-г бүхлээр нь шалгаж байгаа юу?

Улсын Ерөнхий прокурор: Маш их ажил хийгдэж байгаа. Удахгүй бас сайдаар ажиллаж байсан УИХ-ын гишүүдийн асуудлыг оруулж ирнэ. Асар их хүрээтэй шалгалт болж байгаа шүү. Зээлтэй холбоотой асуудлыг бүгдийг нь үзэж байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ гэсэн гишүүний хэлсэнчлэн Т.Бадамжунай гэдэг хүнээс эхлэлтэй гэдгээс эхлээд шалгаад явж байна. Бүгдийг нь шалгаж байгаа. Хүн хүчний хувьд хүндрэлтэй байгаа. 25 хүн бүх зээлийг шалгаж байна. Гишүүдтэй холбоотой асуудал дээр АТГ-ынхан шалгаж байна. Аж ахуйн нэгжүүдэд ч хүнд тусаж байгаа байхаа. Журмынхаа дагуу авчихсан аж ахуйн нэгжүүд зөндөө байдаг. Гэтэл гэмт хэрэгтэн юм шиг дуудаж авч ирээд асууж байгаа. Ер нь бол ЖДҮ болон бусад сангуудтай холбоотой тамтаггүй асуудал байгаа. Бүгдийг шалгаж байгаа.

УИХ-ын гишүүн: УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэхгүй байвал хүндрэл учрах уу. Гишүүдийн асуудлыг шүүхэд шилжүүлэх үү?

Улсын Ерөнхий прокурор: Гишүүдийн асуудлыг түтгэл­зүүлэхгүй аваад үлдэж байгаа нь хууль хяналтын байгууллага бодит үнэнийг  тодруулахад саад учруулж буй үйлдэл юм. Бүрэн эрхтэй хүн, жирийн иргэн хоёр өөр өөр эрх эдэлж, өөр өөр хязгаарлалттай мөрдөн байцаалтын шатанд шалгагдах учраас яах аргагүй тэр хүний талаарх гарах шийдвэр учир дутагдалтай гарна. Цаашдаа эндээс бүрэн эрхийг нь түтгэлзүүлээгүй ч хуулийнхаа дагуу боломжтой хүрээнд шалгаад, шүүхэд шилжүүлэх шаардлагатай, боломжтой гэж үзвэл шүүхэд шилжүүлнэ.

УИХ-ын гишүүн: 60 тэрбумын хэрэг шалгагдаж байгаа юу?   

Улсын Ерөнхий прокурор: 60 тэрбумыг хэрэг гэдгийг эвлүүлэг гэж хаагаагүй. 2000 гаруй хүнээс байцаалт авахад би ийм мөнгө өгсөн гэдэг баримт гарч ирээгүй учраас хаасан юм. Ийм яриа болсон байна. Үйлдэгдсэн нь тогтоогдоогүй учраас хаасан юм. Харин саяхан тагнуулын байгууллагаас манай дээр тодорхой мэдээлэл байна гэсний улмаас шалгах шаардлагатай гээд 60 тэрбумын хэрэг дахин сэргээгээд, шалгагдаж байгаа.

УИХ-ын гишүүн: Т.Ганболдын Д.Дорлигжавын талаар ярьсан зүйлийг шалгаж байгаа юу?     

Улсын Ерөнхий прокурор: Шалгаж байгаа. Шалгалт хэвийн явагдаж байгаа.

УИХ-ын гишүүн: Олонхын гишүүд ЖДҮХС-гийн асуудалд холбогдсон гишүүдээ хамгаалаад аваад үлдэх юм байна. Тэртээ тэргүй хамгаалаад үлдэх юм бол дахин гишүүний эрхийг түтгэлзүүлэх асуудлыг оруулж ирэх хэрэг байна уу?             

Улсын Ерөнхий прокурор: УИХ-ын гишүүн эрүүгийн хэрэгт холбогдвол УИХ-д дахин оруулж ирнэ. Та нарын түтгэлзүүлсэн ч бай, түтгэлзүүлээгүй ч бай оруулж ирж байх болно.