Манай хөрш зэргэлдээ Казахстан улс Англи улсаас өндөр хөлсөөр шүүгч нар авч ажиллуулахаар болсон гэнэ ээ. Айл хөршүүд шударга шүүхтэй болохын тулд ийнхүү хамгийн шударга шүүхтэй хэмээгддэг улсаас шүүгч нараа хүртэл урьж, залаад эхэлж. Айлын хүүхдүүд ийм айхавтар. Бид ч гэсэн юу дутах билээ дээ. Англиас шүүгч нар авч ирж яагаад болохгүй гэж. Өндөр цалин өгөөд ч, өөдийн бараа харахаа байсан газар чинь манай шүүх биз дээ.
Хамгийн их шударга ёсоор гачигдаж, шударга бусаар цалгиж яваа улс чинь манай улс биз дээ. Тэртээ тэргүй бидэнд хийж чадах юм байхгүйгээс хойш зам тавьж, байшин барьдаг хүмүүсээ Хятадаас, багш нараа Австралиас, цагдаа нараа АНУ-аас, элдэв бусын сан байгуулбал Норвегиос хүн авч ажиллуулбал ямар вэ. Олон ангит кино хийдэг хүмүүсийг Солонгосоос, цэрэг зэвсгээ Оросоос авч ирж яагаад болохгүй гэж.
Төлөвлөлт хийх хүмүүсийг Германаас залаад, төр удирдаж, улс хөгжүүлэх хүмүүсийг Японоос урьж болно шүү дээ. Угаасаа л машин засвар ажиллуулдаг хүмүүсийг Вьетнамаас, гэрийн асрагч нарыг Филиппинээс авч болоод байгаа хойно. Бид харин өөрсдөө юу ч хийж чадахгүйгээс хойш уулаа ухаад, махаа харамлаад, морио уралдуулж, баяруудаа тэмдэглээд л байж байя, хэдүүлээ. Уул уурхайгаас орсон хэдэн төгрөгөө улс, улсаас ирсэн хүмүүст тарааж өгчихөөд, өөрсдөө өөр хоорондоо хэрүүл хийгээд сууж байвал болох юм биш үү.