ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатар хотод байгаа 17 мянган гахайд хориглолт тогтоожээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-14

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанд Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга Л.Эрдэнэчулуун Булган, Төв зэрэг аймгуудад гараад буй гахайн мялзан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэхүү өвчин нийслэл хот руу орж иржээ. Л.Эрдэнэчулуун дарга “Улаанбаатар хотод мах нийлүүлж байгаа 74 цэгээс дээж авч, хариуг нь гаргана. Энэ сарын 11, 13-ны байдлаар нийтдээ 100 гаруй дээж авахад, 50 хувьд гахайн мялзан өвчний ДНХ илэрсэн. Болсон болон түүхий махнаас илэрсэн.

Рестораны хоолны үлдэгдэл дээр хийхэд ч энэ өвчний шинж тэмдэг илэрсэн. Тиймээс импортлогч аж ахуйн нэгжүүдийн агуулахад шинжилгээ хийнэ. Мөн томоохон худалдааны төв, аж ахуйн нэгжүүдэд мөн шалгалт явуулна” гэв. Монгол Улсын хэмжээнд энэ онд 31 мянган гахай тоологджээ. Үүний 17 мянга нь Улаанбаатар хотод байгаа аж.

Тиймээс 130 аж ахуйн нэгжийн 17 мянган гахайд хорио тогтоож, халдваргүйжүүлэлт хийх юм байна. Үүнээс гадна импортоор орж ирсэн гахайн мах, өөхөнд халдвар илэрсэн учраас аж ахуйн нэгжүүдэд гахайн мах, өөхөөр бүтээгдэхүүн хийхгүй байх талаар чиглэл хүргүүлж, хязгаарлалт тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, импортлогч 10 аж ахуйн нэгж түгээлтээ зогсоосон тохиололд нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ресторан, хоолны газрууд гахайн махаар хоол хийхгүй гэсэн үг юм. Импортоор орж ирсэн гахайн махыг устгалд оруулах ажлыг Мал эмнэлгийн газар хариуцах бөгөөд энд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавих аж. Энэхүү өвчин нь хүнээс мөн мал амьтанд халдварлах эрсдэлтэй гэнэ.