ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хохь чинь муу хятадууд

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-01-22

Муу хятадууд газраар байдаг замыг уулын оройгоор тавьсан байна. Тэгж л байг. Харин бидний сайн монголчууд бол зам тавих ч шаардлагагүй. Өргөн уудам нутгийнхаа хаана ч хамаагүй шороон замаар л явчих нь. Тэд тэнгэрт тулсан барилга барьж байна гэнэ. Тэгж төвөг удаад яадаг юм. Бид бол гэр хорооллоо тэлээд л боллоо. Хятадууд хурдан галт тэрэг, онгоц, машин, пуужин үйлдвэрлэж байна гэнэ.

Хэнд хэрэгтэй юм. Бид морио уралдуулаад, бөхөө барилдуулаад л болж л байна. Тэд цөмийн зэвсэг үйлдвэрлэж байна. Бид нум сумаар эрхий мэргэнээ сорьж байна. Тэд саран дээр бууж байна. Бүүр цаад талд буусан гэнэ үү. Тэгж тэнэгтэж яадаг юм. Бид бол уул овоон дээр гарч, сүү өргөөд л гүйцээ. Муу хятадууд ядуурлаас ангижирч, дэлхийд эдийн засгаараа тэргүүлж байна гэнэ.

Бидний сайн монголчууд болохоороо түрийвчээ нар зөв хэд даллаад, чоно алж хийморио сэргээгээд, арай илүү боловсорсон нь сүлжээнд элсээд л боллоо. Тэд ган хайлуулж байна. Бид ган хайлуулах нүүрсийг нь ухаж байна. Манай нүүрс мандтугай. Тэд шинжлэх ухаан технологийн ололтыг хамгийн хурдтай нэвтрүүлж байгаа аж. Бид олон шашны урсгалыг хамгийн ихээр нэвтрүүлж байгаа юм. Тэд авлигачидтайгаа тэмцэж байна. Бид харин авлигчдаа дэмжиж байна.

Тэд улстөрчдөө муу монгол гэж дуудахгүй байна. Бид харин улстөрчдөө муу хятад гэж нэрлэж байна. Муу сайн хятадууд хурдтай хөгжлөөрөө гайхагдаж байна. Аан харин сайн муу монголчууд удаан хөгжлөөрөө шагшигдаж байна. Тэд цэвэр агаартай болж буй бол бид бохир агаартай хэвээрээ байна. Тэд номын сан орж байна. Бид бөө, удган залж, ламд очин ном уншуулж байна. Тэд газар тариалан эрхэлж, мод тарьж байна. Бид тэнгэрлиг ард түмэн учир малаа маллаад, модоо хөрөөдөөд сууж байна. Тэгээд ч тэдэн шиг тийм хогийн газарлиг зүйл хийхгүй. Хохь чинь муу хятадууд. Заяа чинь тэр.