ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрээний “хог” ба Монгол үнэ цэн

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-01-23

Жил бүрийн сар шинийн баяраар хятадын “хог”-ноос татгалзаж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих уриалга гарч, үндэсний мөнгөн тэмдэгтээ бэлэглэх талаар санал санаачилга гардаг ч Нарантуулын хөл хөдөлгөөн жилээс жилд нэмэгдэнэ үү, гэхээс буурахгүй нь сонин. Энэ нь иргэдийн худалдан авах чадвар жилээс жилд муудаж буйг харуулах эдийн засгийн нэг үзүүлэлт болдог ч нөгөө талаас үндэсний үйлдвэрийн бараа хэтэрхий үнэтэй байдаг учраас хэмээн тайлбарлах хүн олон бий. Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд “Нэгийн үнээр хоёрыг аваарай”, “Гурван гутал багцаараа 30 мянган төгрөгт зарагдаж байна”, “Пальто хосоороо 10 мянган төгрөг” гэсэн зар сурталчилгаа зурагт, радиогоор цацагдаж, бүр гар утсанд хүртэл өдөр бүр шахуу мессеж ирэх болов. Бод доо, гурван гутлыг та ердөө л 30 мянган төгрөгөөр худалдаж авна гэсэн үг шүү дээ.

Гар утсандаа ирсэн энэ мессежийг хараад ямар “ид шидтэй” гуталнууд болоод 30 мянган төгрөгөөр зарагдаж байгааг сурвалжлах хүсэл төрөв. Ингээд олны хамгийн их цугладаг “Нарантуул” худалдааны төвөөр эхлээд орлоо. Нарантуул аанай л хөл хөдөлгөөн ихтэй байна. Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь гэдэг шиг л үүдээр эгнүүлсэн задгай талбайн худалдаачид хөлдсөн жимснээс эхлээд хүн идэхэд эрүүл эсэхэд эргэлзмээр олон зүйлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж байв. Тэд мэдээж хамгийн хямд үнэ санал болгоно. Хажуугаар нь өнгөрөх төдийд л худалдаж буй жимс нь ямар чанартай талаар сурталчилж, хамгийн хямд үнэ санал болгох аж. Хөдөө аав ээждээ бэлэг авахаар явж байгаа хэмээн учирласаар тэднийг тойрч, төв хаалгаар оров. Үүдээр орсон даруйд л өнөөх эрээний “хог”-ууд эгнүүлэн тавьсан лангуунуудаар дүүрэн харагдана. “Нарантуул” олон улсын худалдааны төвд  өнгөрсөн  жилийн сар шинийн өмнөхөн зарж байсан оймс, тирко, шилэн эдлэл, чанартай, чанаргүй фудволк, хүүхдийн эрүүл мэндэд  хортой  гэх мэргэжлийн байгууллагын “хар тамга”-тай хуванцар тоглоом, бүс тэлээ зэрэг бараанууд өнөө жил ч төрөл төрлөөрөө иржээ. Гадаад өнгө үзэмжээ илүү чамин болгосон ч дотоод чанар л бахь байдгаараа. Худалдагч нар ч үүнийгээ үгүйсгэхгүй юм.

Үнэ ханшийн  хувьд дунджаас доогуур  орлоготой айлын бэл бэнчинд  чангадахаар, дундаж айлд  боломжийн гэмээр үнэтэй хэмээн тэд тодотгов. Мэдээж чинээлэг айлын зиндаанд  хүрэхгүй учир монголчуудын дийлэнх олонх нь “Нарантуул” худалдааны төвөөс сар шинийн  бэлгээ базаадаг хэмээн лангуу бүрийн худалдагч нар тайлбар тавьж байлаа. Өмнө хэлсэнчлэн, ээж аавдаа бэлэг цуглуулах үүрэгтэй хэмээн нэлээд олон лангуугаар орлоо. Худалдан авалт хийж буй иргэдийг ажиглаж байхад зэргэлдээ хоёр лангууны нэг нь монгол оймс, нөгөө нь хятад оймс зарж байвал хямд төсөр  буюу урдаас орж ирсэн оймсыг сонгож байгаа ажиглагдах юм. Гэтэл энэ хоёр төрлийн оймсыг харьцуулаад харахад дотоодын үйлдвэрийн оймс нь материал, өнгө үзэмж гээд хүнд бэлэглэхэд ч нүүр бардам байхаар харагдсаныг нуух юун. Гэвч түрийвчиндээ тааруулж худалдан авалт хийх нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үзлээс илүү байдгийг эндээс харж болно.  

 

Эрээний оймс 650, харин үндэсний үйлдвэрийнх 2000

Нарантуул зэрэг худалдааны төвд зарагдаж буй Хятадын бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг судлав. Хамгийн  нийтлэг бэлэглэдэг оймс л гэхэд 12 ширхэгтэй нь багцаараа 7500 төгрөг гэнэ. Ширхэгийн үнээр тооцвол 650 төгрөг гэсэн үг. Харин эрчүүдэд зориулсан, монгол загвартай,  урд хөршид үйлдвэрлэсэн, хүчтэйхэн тат­вал  тасарчихмаар тэлээ 3000-4500  байгаа бол, 1500-3000  төгрөгийн үнэтэй, материал нь нимгэн,  дорхноо бөөсөрдөг чанаргүй, том хүний мөртлөө хүүхдэд таарах хэмжээтэй, “баранк”  гэмээр тирконууд лангуу бүрт байх юм. Харин жилийн  жилд лангуу бөглөдөг шилэн аяга, таваг,  стакануудыг 2000-20000 төгрөгөөр худалдаж байв. Болхидуухан хийцтэй хэтэвчнүүд 3500-8000, срочкон цамц дунджаар 7000, нелон материалтай, цоорсон эрэгтэй эмэгтэй майк, фудволк 2500-5000,  ноосон цамц 10000 төгрөгийн үнэтэй байх аж. Ийм зүйл бэлэглэж ах дүүгээ хуурч суух хэрэг байдаг ч юм уу гэж бодогдох.

Хүүхдийн бэлэг хэмээн худалдаалж буй эвлүүлдэг цаасан тоглоом  300, хүүхдийн эрүүл  мэндэд хортой хуванцар,  машин, хүүхэлдэй зэрэг тоглоомууд 4000 төгрөг хүртэлх ханштай байна. Харин гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн хувьд урд хөршид үйлдвэрлэсэн байхаас гадна Солонгос улсад үйлдвэрлэсэн хэмээн зарж байлаа. Үнийн  хувьд гарын тос бөөний үнэ нь 2000, үсний иж бүрдэл 5000 төгрөг. Хамгийн гол нь гадна талбайд борлуулж байгаа учир чанар алдагдах магадлал өндөр. Солонгос улсад үйлдвэрлэсэн нүүрний гуужуулагчийг  харахад хөлдөж,  дээд талаараа ус гүйчихсэн байлаа. Үүнийг нь худалдагчид хэлэхэд тоох шинж алга. Авбал ав, авахгүй бол дараагийн хүн авчихдаг юм гэсэн тун ч дээрэнгүй харцаар ширэв татав. Зочилж ирсэн хүмүүсийн  хэрэгцээ, шаардлагыг  хангах албагүй ч,  энэ мэтчилэн эдэлгээ даадаггүй, чанаргүй  бараануудаар хэдий болтол бид нэг нэгнээ хуурах юм бол.  

 

Үндэсний брэнд бүтээгдэхүүний төрөл нэмэгджээ 

Түм түжигнэж, бум бужигнасан Нарантуул худалдааны төвд хоёр цаг орчим саатаад дараагийн газар луу явав. Замдаа солонгос чанартай бараа гэсэн хэд хэдэн дэлгүүрээр шагайсан ч тэндээс ах дүүгийнхээ өмнө гар дэлгэн барих олигтой бараа олж чадсангүй. Цааш явсаар томоохон үзэсгэлэн худалдаануудаар орлоо. Наран­туул, Дүнжин­гаравыг бодвол тэнд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн илүү зарагдаж байгаа учраас тийн зорьсон хэрэг. Нийслэл хотын  хэмжээнд “Дүнжингарав”,  “UB palace”, “Мишээл экспо” зэрэг төвүүдэд энэ төрлийн  үзэсгэлэн худалдаа нээгджээ. Тухайлбал, “Мишээл экспо”  худалдааны төвд талбай түрээслэх,  хугацаагаа сунгуулах хүсэлтэй түрээслэгчдийн очер дараалал их  байгаа нь харагдаж байлаа. Зарим түрээслэгчид  бараагаа зараад ашгаа олсон  тул, гурав дахин  бага үнээр зарж байна гэв. “Мишээл экспо” худалдааны төвд Нарантуул захад худалдаж буй бараанаас арай чанартай, үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүн лангуу дүүрэн байлаа.

Мэдээж үнийн  хувьд  зөрүүтэй. “Нарантуул”  худалдааны төвд үндэсний үйлдвэрлэл гэж оноож тоочихмоор бэлэг оймсноос  өөр  харагдаагүй. Харин энд бол өөр. “Янмал”, “Тод”, “Илч” зэрэг монгол  үйлдвэрийн оймснууд савалгаа боодол нь илүү чамин болсон байв. Монгол оймс том хүний, хүүхдийнх  гэж ялгахгүйгээр доод тал нь 1800-5000  төгрөгөөр Нарантуул олон улсын худалдааны төвд зарагдаж байсан бол харин “Мишээл экспо”  төвд ширхэгийн үнэ дээр 200 орчим  төгрөг нэмэгд­жээ. Үзэсгэлэн худалдаагаар үндэс­ний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүд  байхаас гадна,  хувцас,  цагаан  идээ,  хүнс зэрэг цагаан  сараар хэрэглэх  бүтээгдэхүүнүүд голчилжээ. Дээр дурдсан Эрээний бүтээгдэхүүн­тэй харьцуулж  үз­вэл тэнгэр  газар шиг ялгаа­тай.  Анх үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг  иргэд болхи хэмээн голдог  байсан ч, “Яс сайт яван чангарна” гэгчээр өнгө  хийц, загвар, гоёмсог харагдаж байсныг энд зориуд онцолъё.

Тухайлбал, Монголд үйлдвэрлэсэн ширэн тэлээ зузаан, хээнцэр тоногтой, харин үнийн хувьд 20000-25000, үндэсний уламжлалыг агуулсан зурагтай фудволк 10000, эрэгтэй, эмэгтэй арьсан хатдын зурагтай дэгжин хэтэвчүүд 15000-35000, будагийн сав 20000-35000, дотооддоо үйлдвэрлэсэн сайн чанарын гарын тос 5000, үсний иж бүрдэл дунджаар 15000 төгрөгийн ханштай байх юм. Харин ноос ноолууран, өмд тирко 25000 төгрөгөөс эхэлжээ. Үнийн хувьд харьцангуй өндөр ч гэлээ жилдээ тохиох уламжлалт баяраараа ойр дотны хүмүүстээ үндэсний бэлгээ чадлаараа өгч, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гэсэн уриалгыг хоёр гараа өргөн дэмжмээр санагдсанаа нуух юун. Эцэст нь хэлэхэд, муу муухай гэж үргэлж цоллодог атлаа бэлгийн сонголтдоо үргэлж оруулсаар байдаг чанаргүй хямд бараанаас татгалзахыг дахин, дахин уриалмаар байна. Уншигч та ирсэн зочиндоо оймс бэлэглэж болохгүй гэж тулган шаардах нь учир дутагдалтай ч бэл бэнчиндээ тааруулж баярлаж суръя, монголчууд аа. Заавал гарын бэлэг өгөх бус ирсэн зочдоо хоол цайгаар дайлаад гаргах боломж бий. Гарын бэлэг байх ёстой л юм бол үндэсний брэндээ сонгоё. Эрүүл, органик гээд олон төрлийн бүтээгдэхүүн төрөл бүрээрээ байна. Сав баглаа боодлын хувьд ч өмнөх жилүүдийг бодвол сайжирсан нь ололттой тал. Юу байна  түүгээрээ дайл гэдэгчлэн ирсэн зочноо дайлж, цайлаад гаргахад юу болохгүй байх билээ. Гурван гутал 30 мянган төгрөгөөр авна гэсэн “гоё” зарны цаана ямар инээдэмтэй бас эмгэнэлтэй зүйл байсныг хоёр нүдээр харсан учраас энэхүү сурвалжилгаараа илүү эх оронч худалдан авалтад уриалахыг хүслээ. 

Үндэсний үйлдвэрлэл
Эрээнээс ирсэн чанаргүй бараа