ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Учрал: Ажилласан жил бус салбартаа маргэшсэн байдлыг гол шалгуур болгох ёстой

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-23

Чуулганы хуралдаанаар “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.  Хэлэлцүүлж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.  

Д.Лүндээжанцан: 2012 оноос хойш төрийн албан хаагчийн маргаантай холбоотой 2282 өргөдөл гомдол ирсэн. Энэ тоо цаашид улам ихэснэ. Энэ бүхнийг тооцоолж, төрийн албан тушаалтай холбоотой маргааныг шийдвэрлээд явах боломжтой гэж үзсэн.

Н.Учрал: Энэ хуулийг хувь хүнийхээ хувьд дэмжихгүй байгаа. Салбарын агентлагууд бодлогын газар байх ёстой. Тиймээс салбарын хөгжлийн чиг хандлагыг мэдэрдэг хүн орж ирж байж хөгжинө. Хийдэг бичиг цаасныхаа ажлыг л хийхээс биш, дэлхийн чиг хандлагыг мэдрэхгүй бол хэцүү. Төрийн албанд найман жил ажилласан гэдэг шалгуурыг тухайн салбартаа мэргэшсэн гэсэн шаардлагаар солимоор юм. Ажлын гүйцэтгэлийн үнэлгээний системийг төрийн албанд бий болгох ёстой. Заавал найман жил болж байж зэрэг ахих бус салбартаа ямар амжилт гаргасныг нь харж зэрэг ахих ёстой. Оруулж байгаа хувь нэмэр, авч байгаа цалин хоёр тэнцэж байж шударга болно.

Т.Тогтохсүрэн: Өндөр чадавхитай хүмүүсийг төрийн албанд орох боломжыг хязгаарласан юм байхгүй. Үнэхээр өндөр чадавхитай ажилтан байвал шалгуурт тавигдсан хугацааг багасгах боломжтой. Салбарын мэргэшсэн байх тухай асуудлыг салбарын хуулинд зохицуулсан учраас үүнд асуудал гарахгүй байх.

Б.Баттөмөр: Төрийн албаны хууль шинэчлэгдэж байгааг дэмжиж байна. Монголчууд 30 жил хямрал дунд амьдарч ирлээ. Энэ хямрал зах зээлээс бус улс төрөөс угшилтай. Улс төрийн томилгооны асуулаас болоод хөгжил уягдаж байна. Аливаа ажлын хувь заяа хүнтэй холбоотой. Төрийн албанд үнэнчээр зүтгэдэг хүмүүс олон бий. Тэднийг урамшуулах ажид дутагдалтай байгаа. Тиймээс төрийн албаа дагасан хууль журмыг маш сайн боловсруулах ёстой. 30 жилийн турш Монгол улс нэг байрандаа байлаа. Худалдаа зохицуулсан хууль алга.

Д.Лүндээжанцан: Хоёр жил шахам төрийн албаны тухай ярилаа. Бид төгс төгөлдөр зүйл хийгээгүй. Төрийн албаны шинэчлэл 2020, 2021 онуудад гарах байх гэж найдаж байгаа. Үр дүн өнөө маргааш харагдахгүй байгаа ч хэдэн жилийн дараа харагдах болно. Хувьсгал яригдаж байгаа ч гэсэн эцсийн дүндээ хүнээс л шалтгаална. Бодлогын хувь заяа хүнээс шалтгаалж, тэр нь байнга солигдоод байна. Яамны зарим хэсэг нь сайн ажиллаад, зарим нь муу ажилладаг байж болохгүй.

Б.Баттөмөр: Төрийн албаны хуулийн зорилго төрд ажиллаж байгаа хүний бүтээмжийг нэмэгдүүлэх юм. Бүтцийг боловсронгуй болгох хэрэгтэй.

Ийнхүү УИХ-ын чуулган үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.