ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Би өөрөө бүх зүйл юм байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-24

Би “би” байна гэдэг нь дуулмаар үедээ дуулж, уйлмаар үедээ уйлахын нэр юм байна. Би “би” байна гэдэг хэнээс ч хамааралгүйгээр санаснаа хэлэхийн нэрсэнж. Би “би“ байна гэдэг “бусдад хэн байхын” хүлээснээс алдуурч, эрх дураараа амьдрах юм байна. Өөрийнхөө эрэлд өөрөө гарах юм байна. Би байна гэдэг дураараа дурлах юм байна. Дурласнаа тоохгүй байхын нэр юм байна. Өөрийгөө өөртөө л хамаатуулж, бусдаас алдуурах юм байна. Би “би” байна гэдэг өөч харц өөнтөгч нэгнээс ангижрах хүч юм байна. Би “би” байна гэдэг дураараа хашгирах юм байна. Дуугүй сууснаа гэнэт инээд алдах юм байна. Халаасандаа гараа хийж, исгэчих юм байна.

Би “би” байна гэдэг толинд харж суугаад дотроо уудлахын нэр юм байна. “Би” байна гэдэг сайхан залуу зөрж өнгөрөхөд жуумалзаад үлддэг мөртлөө, хөөрхөн бүсгүй хажуугаар өнгөрөхөд ширэв татахын нэр юм байна. “Би” байна гэдэг өөрөөсөө илүү нэгэнд дургүй байгаагаа дураараа илэрхийлэхийн нэр юм байна. Тэвчихгүй байхыг хэлэх юм байна. “Би” байна гэдэг бусдаас өөрийгөө нуухгүй байхын нэр юм байна. Өөрийг минь халхалсан багийг хуу татахыг хэлэх юм байна. “Би” байна гэдэг омголон, зоригтой байхын нэр юм байна. Бас дорой хүлцэнгүй байхыг ч хэлэх юм байна. Би “би” байна гэдэг толинд өөрийгөө хараад “болж байна” гэж ганцаараа ярихын нэр юм байна. “Биш ээ” гэж үглэн толиндоо бурууг өгөхийн нэр юм байна. 

Би өөрөө эрх чөлөө юм байна. Би өөрөө жаргал бас гуниг юм байна. Бүхэл ертөнц би өөрөө л юм байна. Би өөрөө бүх зүйл юм байна.