ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АТГ бол “эко” байгууллага

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-01-27

Манай Авлигатай тэмцэх газар байгуулагдсанаасаа хойш зөндөө олон “тул” барьсан байдаг юм. Тэгээд л буцаагаад тавьсан байдаг билээ. Үүгээрээ дэлхий дахинд спорт загасчлал хөгжүүлж буй “эко” байгууллага болсон гэдгээ албан ёсоор зарлаж буй хэрэг юм. Магадгүй дэлхийн спорт загасчлалын холбооноос хамгийн шилдэг байгууллага хэмээн шагнал авчихсан явж байвал гайхаад хэрэггүй болов уу, та минь. Цөөхөн хэдэн жишээ дурдахад, Ерөнхий сайд асан С.Баяр гэдэг “тулыг” барьсан. Тавьсан.

Ч.Сайханбилэг гэдэг “тулыг” барьсан. Тавьсан. "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг барьсан. Тавьсан. "Эрдэнэс-Монгол" компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайханыг барьсан. Тавьсан. "Жаст" группын Гүйцэтгэх захирал Ш.Батхүүг барьсан. Тавьсан. Одоо харин буцаагаад барьчихсан байгаа. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан С.Баярцогтыг барьсан. Тавьсан. Буцаагаад барьчихсан байна. Ийнхүү өнөөдрийг хүрлээ.

Олон нийт хүртэл нөгөө Д.Дамдин аваргын “гарлаа, давлаа” гэдэг үгийг анддаггүй шигээ АТГ-ын “барилаа, тавилаа” гэдэг үгэнд дасах шинжиндээ ороод явчихлаа. АТГ-ын сүр дуулиантай баривчилгаа, 30 хоног хорьсны дараа буцаагаад тавьдаг хэмээн найман настай балчираас, 80 настай буурай хүртэл хэлээд өгөхөөр болжээ. Эгээтэй л голоос барьсан загасандаа чип зүүгээд тавьдаг шиг барьсан сэжигтэн болгоноо АТГ-ын дарга нь өрөөндөө урьж, хоол өгдөг гээгүй л байгаа даа. Ийнхүү бид “барилаа, тавилаа” гэдэг спорт загасчлал хөгжүүлж буй нэг ширхэг “эко” байгууллагатай болжээ.