Бид хаана нь ч баавартай Монгол л доо. Хаа явсан газраа нүүдэлчид гэдгээ мэдрүүлж, эзэн Чингисийн үр сад гэдгээ харуулж явдаг, цогтой хүмүүс. Гудманд, гадаадад, зах дээр, Засгийн газрын ордонд ч явсан монголчууд гэсэн шиг авирладаг ард түмэн. Тэр бүү хэл нийтийн газар, нийгмийн сүлжээнд ч тэр баавартай. Жишээлбэл, уржигдархан болсон Н.Төгсцогтын тоглолт эхлэхэд монголчуудыг хар л даа. Өрсөлдөгч тамирчин үүдээр орж ирэхэд нь хаалганы хажуу шатан дээр зогсож байсан монгол эр эрхий хураагаа доош нь харуулаад толгойд нь хүрч хийморийг нь үхүүлж байгааг хар. Энэ бол жинхэнэ монгол хөгжөөн дэмжигчээс л гарч болох зан.
Даанч харамсалтай нь тэмцээнээ үзэж чадахгүй, спорт ордноос хөөгдчихсөн гэнэ лээ. За тэгээд эл тоглолтын шууд бичлэгийн доор монголчууд л бичиж чадах сэтгэгдэл үлджээ. Тухайлбал, “Алаад өг”, “Энэ бөхийн өргөөнд болж байгаа юм уу”, “Айраг зарна”, “Аль нь монгол юм”, “Бадар-Ууган бол зүгээр зайл. Намаа хөөгөөд яв”, “Марреро ямар жудаггүй юм бэ. Олон улсын хэмжээний тамирчин байж”, “Өшиглөж болдоггүй юм уу. Өмнөөс нь өшиглөмөөр санагдаад байх юм”, “Тэр хар одоо яасан гээд гараа өргөөд байгаан. Манай хүн илүү байсан за”, “Яасан ядаргаатай унаж өгдөггүй халтар золиг вэ? Унаач чи”, “Нохойн гөлөг зуураад салахаараа шаачих гээд байх юм”, “ Ангуучийг бодохоор л инээд хүрээд байх юм”, “Аав ээж хоёр үзэж байгаа гэнэ.
Хайртай шүү та хоёртоо”, “Бууз өрнө”, “ЖДҮ-чдэд хариуцлага тооц”, “Жоохон тойрч хуураад гэнэт дайр”, “Энколд огцор, Боов хийнэ, Ууц чанана”, “Алаад өг хонгор минь”, “Энэ хар нь ямар муухай хулгайч шиг урт гартай юм бэ”, “Бүр зүрх салгалчихлаа байна”, “Шалан дээр тэрийлгэ”, “Төмөрөө сар шинэ боллоо. Өрөө төл л дөө”, “Sub zero шиг өлгөөд цохь. Нам унана” гэх мэтээр сэтгэгдэл үлдээжээ. Энэ бол биднээс гардаг, биднээс л гарч болох авир. Нийгмийн сүлжээнд ч, нийтийн газар ч, хаана ч байсан бид Монгол.