НИТХ-ын ээлжит XXI хуралдаанд Нийслэлийн хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай хил дамжин халдварладаг гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хязгаарыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албан дарга Т.Гантөмөр танилцууллаа.
Тус бүсэд Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэрт 4306.6 га газар /Мал бордох, Төмөр замын 384 дүгээр гарам, Баруун турууны хэсэг/, мөн дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар цэцэгт орчмын газар, Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4493.8 га газар /Малчин, Өлийн ам, Таван толгой, Цоохор, Цагаан эргээс бусад газар/, Баянзүрх дүүргийн 11 дугаар хорооны нутаг дэвсгэр 1488.7 га газар /Баянзүрхийн товчоо, Ногоон зоорь, Туул зөрлөг, Ургах наран хороолол/ зэрэг газрууд хамрагдаж байгааг мэдээллээ.
Эдгээр нэр дурьдагдсан газруудад мал аж ахуй эрхэлж байгаа иргэдийг 2019 оны III улиралд багтаан нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.