ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дэвүүр биш саке тараахгүй дээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-29

Японы Хууль зүйн сайд  Мидори Мацушима иргэдэд өөрийн зурагтай дэвүүр тараасан шалтгаанаар албан тушаалаасаа огцорсон байна. Иргэдэд дэвүүр тараалаа гэж парламентын гишүүд нь буруутгаж, ямар зорилготой тэгснээ тайлбарлахыг шаардсан юм билээ. Тэгээд л өндөр албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрохгүй юу.  

Угаасаа дэвүүр тараахаар хэн ч уурлана биз дээ. Парламентын гишүүд ч гэсэн.  Манай улсад оймс, бээлий тараасан бол иргэдээс гадна шударга гишүүд ч дургүйцэж, чуулганы үеэр тийм сайд, даргыг нүүрийг нь улалзтал шүүмжилнэ.  Түүнийгээ ч мэддэг болохоор манай дарга нар хэзээ ч хүнд хэрэггүй зүйл тараахгүй. 

Цагаан сар дөхөхийг хүлээж байгаад ул боов, цаг тооны бичиг, “алтан цом”, өөрийнхөө зурагтай календарь өгнө. Хотынхонд нүүрс, гурил тараана. Хөдөөнийхөнд сав суулга, данх, шанага өгнө. Иргэдэд тун хэрэгтэй зүйлс. Монголчууд аргагүй л ухаанаараа дэлхийд тэргүүлдэг болохоор дарга нар нь ард иргэдийнхээ, нэг нэгнийхээ дургүйг хүргэх бэлэг сэлт тараана гэж байхгүй.  

Зарим ухаантай нь эхнэргүй залууст эхнэр, нөхөргүй бүсгүйчүүдэд нөхөр “бэлэглэж” ч магадгүй, ухаантай, цаг үеэ, нөхцөл байдлаа мэддэг хүмүүс.  Гэтэл Японы сайдууд яаж байна, дэвүүр тарааж тэнэгтэж л байдаг.  Ядаж л саке, суши тараачихгүй дээ.  Дээрээс нь түүнийхээ төлөө огцордог нь ч бас юу билээ. Манай дарга нар юу өгөхөө мэднэ. Þу хамаагүй өгсөн ч гэсэн тиймхэн зүйлийн төлөө огцрох тэнэг биш ээ.  Тэр битгий хэл гэмт хэрэг үйлдсэн байсан ч шүүхээр нотолтол хэнийг ч хэрэгтэн гэж хэлэх ёсгүй гээд л гүрийчихнэ.  Японы сайд, дарга нар манайд ирж туршлага судалмаар юм.