ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хоёр “Э”-гийн дэргэд шадарлаж явсан хууль хүчнийхэн хаана явна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-30

Монголын улс төрийн түүхэнд хамгийн дуулиан шуугиантай төр барьсан Ерөнхийлөгч нар бол хоёр “Э” буюу Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар. Хэн хэнийх нь хувьд өрсөлдөгчөө намнах гэсэн улс төрийн нүүдэлдээ хууль хүчний байгууллагыг ашиглаж, өнөө цагт улстөрчдийн толгойн өвчин болоод буй “шударга бусын хонгил” байгуулсан хоёр хүн. Хатуухан хэлбэл, улс төрийн бодлогодоо хууль хүчний байгууллагыг ашигладаг муу муухай зуршил, буруу тогтолцоо энэ хоёрыг төрийн тэргүүнээр ажиллаж байсан он жилүүдээс улбаатай гэвэл дэгсдүүлсэн болохгүй. Ц.Элбэгдоржийг мандаж явахад үед Н.Энхбаяр түмэн шидийн л гэмт хэрэгт холбогдсон. Бүр хоригдож байлаа. Одоо харин Ц.Элбэгдоржийн нэр холбогдсон муу, муухай бүхэн эхнээсээ ил болж эхлэв. Төрийн тэргүүний индрээс цэхэлж зогсоод амлаж байсан шиг ээ “оймсоо өмсөөд, зангиагаа засаад” очих нь дамжиггүй. Тэгвэл эрх мэдэлтэй улстөрчдийн дэмжлэг нөмөр дор шургалж, шударга бусын хонгил байгуулж, улстөрчдийн гар хөл болж бужигнуулж байсан гэх цагдаа, хүчний байгууллагын даргаар тухайн үед хэн хэн ажиллаж байсан, өдгөө хаана юу хийж яваа нь уншигч танд сонирхолтой байх биз ээ. 2005 онд Н.Энхбаярыг Ерөнхийлөгчөөр томилогдсоноос эхлээд 2017 онд Ц.Элбэгдоржийн “ноёрхол” төгсөх хүртэл хоёр “Э”-гийн дэргэд ойр шадарлаж явсан тэдгээр албан тушаалтнуудыг эргэж нэг санацгаая.  

 

Нэг прокурор нь сураг тасарч, нөгөө прокурор нь шоронд 

Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд М.Алтанхуяг 2005-2010 он хүртэл тухалжээ. Түүний бүрэн эрхийн хугацаа 2011 онд дуусах байсан ч “ажлаа өгөхгүй бол хүүг чинь оролдоно” гэсэн сүрдүүлэг ирсэн учраас хугацаанаас өмнө ажлаа өгч, улмаар Ерөнхий прокурорын ажлаа Ц.Элбэгдоржийн ойрын хүн Д.Дорлигжавт өгч байсан гэх мэдээлэл тухайн үед хэвлэлээр гарч байлаа. М.Алтанхуяг тун ажин түжин байгаа бөгөөд хамгийн сүүлд түүний хүү гэх Х.Бум-Эрдэнэтэй холбоотой оффшор дансны дуулиан дэгдсэн ч хүү нь мөн биш гэх маргаан дэгдэж байв.  Ц.Элбэгдоржийн үед ажлаа хамгийн сайн хийж, өрсөлдөгч Н.Энхбаярт тохож болох бүх л хэргийг тохож явсан УЕП Д.Дорлигжав өдгөө авлигын хэргээс болж 461 дүгээр хорих ангид хоригдож байна. Түүний ажлыг авсан М.Энх-Амгалан прокурор өдгөө “шударга бус”-ын биш харин “шударга ёс”-ны хонгил байгуулна хэмээн амлалт өгсөн атлаа УЕП-ын орлогчдоо хариуцлага тооцож чадахгүй сууж байх юм. 

 

Хамгийн их томилгоо тагнуулд хийгдэв 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Н.Энхбаяр томилогдох үед буюу 2005 онд Тагнуулын байгууллагыг Б.Билэгт удирдаж байжээ. Олноо “боевик” гэж алдаршиж байсан Бригадын генералын хувьд даргын албан тушаал дандаа хажууд нь байлаа. Ардчилал ялсан цагт тэр мандаж явсан юм. МоАХ угшилтай энэ эрхэм 2006 он хүртэл ТЕГ-ын даргын албан тушаалаа эрхэлсэн бөгөөд хожим Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж, харин Н.Алтанхуяг Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан 2012-2014 онд ЦЕГ-ын даргын албан тушаалд очсон. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед буюу 2014 оноос хойш ШШГЕГ-ын даргаар ажиллаж байв. Тэрбээр, өдгөө СЕХ-ны гишүүнээр ажиллаж байна. Ардчиллын анхдагчдын нэг, Н.Энхбаярын цонхны дор эхнэрийг нь муулж хашгирч явсан гэх мэтээр дуулиан шуугиантай явсан энэ эрхэм өдгөө тун ч даруухан амьдарч байгаа аж. Б.Билэгтийг суудлаас нь буулгасны дараа М.Энхболд Ерөнхий сайд байхдаа ТЕГ-ын даргын албан тушаалыг Н.Ганболдод даатгасан байдаг. Илчит тэрэгний засварчнаас ТЕГ-ын дарга болтлоо дэвшсэн тэрбээр 2008 оноос 2011 оныг хүртэл ОХУ-д Элчин сайдын зөвлөхөөр ажиллаж байв. Улмаар, Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялсаны дараа буюу 2011 онд АТГ-ын даргаар томилогдохоор эргэж ирсэн байдаг. АТГ-ын даргын ажлыг 2014 он хүртэл хийж, “эрүүл мэндийн шалтгаан” гэсэн үндэслэлээр ажлаа өгч байлаа. Харин өдгөө тэр ТЕГ-ын харьяа Цэргийн тагнуулын газрын даргын албан тушаалыг эрхэлж байна. Н.Энхбаярын үед хийгдсэн гуравдахь томилгоо нь Р.Болд. Энэ эрхэм Н.Энхбаярын гэхээс илүү дотны найз С.Баярын урилгаар АНУ-д Элчин сайдаар ажиллаж байгаад иржээ. Өдгөө тэр л Элчин сайдын ажилд буюу Турк улсад Элчин сайдаар ажиллаж байна. 2012 онд Солонгос улсад Элчин сайдаар ажиллаж байсан Д.Гэрэлийг ТЕГ-ын даргаар томилсон байдаг. Д.Гэрэл дарга 2013 онд Якунины захидлаас үүдэж ажлаа өгсөн бөгөөд 2017 оноос эхлэн дахиад ТЕГ-ын даргын албан тушаалаа эрхэлж байгаа. Энэ хугацаанд Н.Алтанхуяг “хүрд” эргүүлж 2013-2014 онд өөрийн найз Б.Ариунсаныг ТЕГ-ын даргаар томилсон байдаг. Түүний найз нь мэргэжлийн бус, цаашлаад хувь хүнийг тагнаж чагнасан хэрэгт холбогдож ажлаа өгч байсан юм. Хамгийн сүүлд буюу Ц.Элбэгдоржийн хүн гэгдэх Б.Хурц нь тагнуулыг удирдаж 2017 онд ажлаасаа чөлөөлөгдсөн билээ. Б.Ариунсаны хувьд одоогоор сураг тасраад байгаа бол Б.Хурц Солонгост суух элчин сайдаар дэмжлэг авсан ч томилгоо нь хийгдэхгүй явсаар нэр нь буцав. 14 жилийн хугацаанд энэ байгууллагад нийт долоон дарга солигджээ. Нэг даргынх нь бүрэн эрхийн хугацаа ердөө л хоёр жилээр хэмжигдэж байна. Уул нь хуульдаа нэг даргын томилгоо зургаан жил үргэлжлэх ёстой. Гэвч тийм байж чадсангүй. 

 

Дарга нь тогтдоггүй ЦЕГ 

Алдарт долдугаар сарын 1-ний хар хэргээс эхлээд муу муухай болгонтой нүүр тулдаг ч байгуулсан гавьяагүй хэмээн ад үзэгддэг цагдаагийн байгууллагад ч томилгоо их хийгджээ. Н.Энхбаярын өмнөх үед буюу Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед Д.Сандаг-Очир генерал 2001-2006 онд ЦЕГ-ын даргалж байлаа. Харин Н.Энхбаяр Ерөнхийлөгч болсныхоо дараа өөрийнхөө багын найз М.Ганболдыг даргаар томилсон байдаг. Спиртийн дуулианаас эхлээд эхнэрээ Москва руу зугтаалгасан гэх мэтээр хэвлэлийн баатар болж явсан энэ эрхэм өдгөө сураг алдарчээ. Харин Ц.Элбэгдорж ялалт байгуулсны дараа Цагдаагийн Ерөнхий газрын даргаар дахин Д.Сандаг-Очир ажиллаж байсан бөгөөд тухайн үед Засгийн газрын тэргүүнээр Сү.Батболд ажиллаж байв. Д.Сандаг-Очир генерал өдгөө тэтгэвэртээ гарчээ. Харин 2012 оноос буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үед, Б.Билэгт даргаар нь ажиллаж, 2014 оноос С.Баатаржав даргаар ирсэн байдаг. Тэрбээр 2017 онд дахин энэ албан тушаалд томилогдож, өнөөдрийг хүртэл ажлаа хийж байна. Харин С.Баатаржавын дараа Р.Чингис 2014 онд даргын ажлыг авсан ч 2016 онд Ө.Энхтөрд хүлээлгэн өгчээ. Ө.Энхтөр харин С.Баатаржавт ажлаа өгч, өдгөө ХСИС-ийн захирлаар ажиллаж байна. 

 

Амиа алдсан, ял авсан АТГ-ын дарга нар 

2006 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн чуулганаар АТГ-ын анхны даргаар Д.Дангаасүрэн агсан томилогдож байлаа. Гэсэн ч ажлаа аваад нэгхэн жилийн дараа тэрбээр Австралийн Сидней хотноо учир битүүлгээр амиа алдсан юм. Түүний үхлийн талаар олон янзын таамаг гарч, өдгөө ч энэ талаар тодорхой мэдээлэл гараагүй. Н.Энхбаярын үед дарга байсан хоёр хүн хоёулаа л эмгэнэлт хувь тавиланг амссан. Дараагийн дарга Ч.Сангарагчаа мөн л 2.6 жилээр хоригдох ял авч байсан бөгөөд 2017 онд АТГ-аас 36 сарын цалин буюу 43 сая төгрөгийн авч байжээ. Өдгөө тэр өндөр насны тэтгэвэртээ сууж байна. Харин Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед АТГ-ын даргаар очоод байсан Н.Ганболд өвчний улмаас гэсэн шалтгаанаар ажлаа өгч байсан бол М.Энхболдын дотны хүн гэгдэх Х.Энхжаргал энэ албан тушаалыг 2016 оноос хойш хийж байна. Хоёр “Э”-гийн үед хамгийн тогтвортой удирдлагатай ажиллаж байсан газар нь Улсын дээд шүүх. Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр С.Батдэлгэр 2005-2010 онд ажилласан албан тушаалыг нь Ц.Зориг авчээ. Харин С.Батдэлгэр нь Дээд шүүхдээ шүүгчээр ажиллаж байна.