ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

543 хүн монгол улсын иргэний харьяатаас гарчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-31

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,   Ерөнхийлөгч Х.Баттулгын сон­гогдсоноосоо хойш нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагааны тайланг сонслоо. Тайланг ЕТГ-ны дарга З.Энхболд танилцуулав. Тэрбээр “Ерөнхий­лөгчийн  жи­лийн хугацаанд хийсэн аж­лын дэлгэрэнгүй танил­цуулгыг УИХ-ын Тамгын газарт хүргүүлсэн,  гишүүд уншиж танилцсан байх. Танилцуулгад, Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээний асуудлаар  мөрийн хөтөлбөрт туссан бодлого, зорилтын хүрээний асуудлаар хийж хэрэгжүүлсэн ажлууд нэг бүрчлэн тусгасан.  Ерөнхийлөгч хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээний асуудлуудаар хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлж ажилласан. Их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд найман удаа оролцож, УИХ-ын баталсан хууль, тогтоолд дөрвөн удаа хориг тавьж, хууль, УИХ-ын шийдвэрийн гурван төсөл санаачлан өргөн барьж, зургаан албан тушаалтныг томилох асуудлаар УИХ-тай зөвшилцжээ. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүний хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг зургаан удаа хуралдуулж, 15 асуудал хэлэлцэн шийдвэрлэж, 21 зөвлөмж, 13 тэмдэглэл гарган, УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй холбогдох байгууллага, албан тушаалтнуудад зөвлөмж, үүрэг даалгавар, чиглэл хүргүүлсэн. Ерөнхийлөгчид хандан ууч­лал үзүүлэхийг хүссэн нийт 62 өргөдлийг хүлээн авч, хянаж үзлээ. Шаардлага хангаагүй 21 өргөдлийг буцааж, бусад 41 өргөдлийг судалж байгаа. Монгол Улсын иргэний харьяатаас гаргах тухай зарлигаар 543 иргэний хүсэлтийг, Монгол Улсын харьяат болгох тухай зарлигаар гурван хүний хүсэлтийг тус тус шийдвэрлэсэн. Бусад хүсэлтийг судалж байна” гэх мэтээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг товч танилцууллаа.  Түүний дараа гишүүд асуулт асууж, ЕТГ-ын даргаас хариулт авсан юм.  

УИХ-ын гишүүн О.Баасан­хүү: Ерөнхий про­ку­рор М.Энх-Амгалан зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн.  Гэвч УИХ дэмжээгүй. Яагаад үүнд хориг тавьдаггүй юм бэ.  Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй байх нь зөв гэсэн байр суурьтай байна гэсэн үг үү.  Цалин, тэтгэврийн зээлийг тэглэх үү. Энэ талаар шууд байр сууриа илэрхийлээд, чадах, чадахгүйгээ хэлчихмээр байна. Манай тойргийн сонгогчид очих болгонд асуугаад байх юм. Утаатай холбоотой асуудлыг олон ярилаа. Ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудлаар ямар нэг санаачилга гаргах уу гэдгийг асуумаар байна.  Шагналын асуудлаар ард түмнээс маш олон өргөдөл ирэх юм. Сугалаагаар шагналаа өгч болдоггүй юм уу.  23 настай хүүхэд “Алтан гадас” авчихаад, 23 жил ажилласан хүн авдаггүй. Үүнийг шударга шийдэх боломж байна уу.

ЕТГ-ын дарга З.Энхболд: О.Баасанхүү гишүүн нэг хуруу зузаан тайланг  уншилгүйгээр асууж байна.  Би тэр тайланд дурьдсан асуудлаар л хариулна. Түүнээс биш ипотекийн зээлийн асуудлаар Ерөнхийлөгч юу гэж бодож байгаа талаар хариулж чадахгүй. Дөрвөн удаа УИХ-ын шийдвэрт хориг тавьсан. Бүгдийг нь хүлээж аваагүй. Тийм болохоор бүх зүйлд хориг тавиад байх боломжгүй. О.Баасанхүү ги­шүүн Ерөнхийлөгчийг ца­лин, тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж амласан гэж цуурхал тараахаа болих хэрэгтэй. АН Ерөнхийлөгчийг дэвшүүлсний хувьд даалгавар өгсөн.  Ерөнхийлөгч гурван их наяд төгрөгийн зээлийг төлөх боломжийг судалж үзнэ гэж хэлсэн.  Үндсэн хуулийн зургаагийн нэгд “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байна” гэж заасан. Байгалийн баялгаасаа хувь хүртээх замаар иргэдийн зээлийг шийдвэрлэх боломж байгаа гэж үзэж байгаа. Тэр байр суурьтаа ч хэвээрээ байгаа шүү. Түүнээс биш өөр эх үүсвэрээр өр дарна гэж хэлээгүй. Шагналын тухайд маргаан дагуулдаг. Гишүүд иргэдээс шагнал авч гэж өргөдөл авдгаа больчих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнх­бат: Намрын чуулганы нээл­тээ Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлт, системийн гажуудлыг засах тухай үг хэлсэн. Би алга ташиж дэмжсэн. Сүүлийн үед энэ талаар ярихаа больжээ. Ерөнхийлөгч тэр байр суурьтаа хэвээрээ байгаа юу. Би бас УИХ ажлаа хийж чадахгүй бол тарах хэрэгтэй гэдэг байр суурь илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс энэ асуудлыг тавьж байсан. Ерөнхийлөгч энэ талаар ямар байр суурьтай байна вэ. ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлыг би буруутгаж байсан. Ерөнхийлөгч энэ талаар ямар байр суурьтай байна. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч  Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар тухайн үед илэрхийлж байсан байр суурь хэвээрээ байгаа.  УИХ-ыг тараах асуудлаар М.Энхболд даргатай зөвшилцөхөд зөвшөөрөөгүй учраас харзнаж байна. Шинэ даргатай энэ асуудлаар ярилцана. ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд зээл авсан асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Энэ бол буруу. Ерөнхийлөгч УИХ-ын шийдвэртэй холбоотой дөрвөн удаа хориг тавиад, хүлээж аваагүй. Тийм болохоор дахин дахин гишүүдтэй холбоотой хориг, шийдвэр гаргаад байх боломж алга байна.

УИХ-ын гишүүн М.Оюун­чимэг: Ерөнхий­лөгчийн тай­ланг яагаад өчигдөрхөн бидэнд өгсөн юм бэ. Ядаж долоо хоногийн өмнө өгөөд, сайтар уншиж судалмаар байсан юм.  Ерөнхийлөгч санаачлаад агаарын бохирдолтой хол­боо­той нээлттэй сонсголыг өчигдөр /өнгөрсөн лхагва гараг/ хийсэн. Тэр сонсголоос гарсан санал санаачилгыг үр дүнтэй болгомоор байна.  Агаарын бохирдолд зарцуулж байна гэж 700 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн гэдэг мэдээлэл гарсан. Ерөнхийлөгч Ерөнхий прокурорт агаарын бохирдолтой холбоотой мөнгө төгрөгийн асуудлаар хандсан. Цаашид агаарын бохирдолтой холбоотой асуудлаар яаж УИХ, Засгийн газартай хамтарч ажиллах вэ. Ерөнхийлөгч гадаадад ажиллаж, Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, хийн хоолой тавих, эдийн засгийн коридорыг байгуулахаас авахуулаад олон асуудлуудыг хөндөж тавьсан талаар тайланд дурьджээ. Энэ талаар ямар дорвитой бодлого баримталж байна вэ. Ерөнхийлөгчийн тайланд хүүхдийн эрхийн асуудлыг нэлээд хөндсөн. Өчигдөр Засгийн газар өвөл, хаврын морин уралдааныг хориглосон шийдвэр гаргалаа. Энэ шийдвэрийг зөрчиж, морь уралдуулж байгаа хүмүүст эрүүгийн хариуцлага тооцох асуудлаар ямар шийдэл гаргаж ажиллах вэ.

ТББХ-ны дарга Д.Лүндээ­жанцан: Манай байнгын хороонд нэгдүгээр сарын 4-ний өдөр ирсэн. Тэр дор нь гишүүдэд тараасан шүү.  Чуулган гацсан байсан болохоор та нар мэдээгүй юм байлгүй дээ.

ЕТГ-ын дарга З.Энхболд: Агаарын бохирдолтой хол­боотой нийтийн сонсгол хийсэн. Өнөөдөр /өчигдөр/ дөрвөн байнгын хорооны даргатай уулзаж, ярилцана. Маш тодорхой шийдэл гаргаж ажиллая. Утаатай үр дүнтэй тэмцэж, хэзээ хэдэн төгрөг зарцуулсан, хэдийд ямар үр дүн гарах талаар тодорхой төлөвлөгөө, зорилт гаргаж ажиллах шаардлагатай гэж байгаа юм. Дорнын эдийн засгийн чуулга уулзалт, ШХАБ-ын хуралд оролцсон, үр дүн нь гарсан. Махны экспортоос үр дүнг нь харж болно. Хөдөө аж ахуйн экспортыг Ерөнхийлөгч үргэлж дэмжиж байгаа. Гадны төрийн тэргүүнүүдтэй уулзахдаа энэ талаар байнга ярьж байгааг хэлье. Эдийн засгийн коридорын 23 ажлаас өнөөдрийг хүртэл нэг ч ажил хийгдээгүй байна. Орос, Хятадыг холбосон өндөр хурдын зам барих. Төмөр зам барих гээд ажил огт хийгдээгүй. Шийдлээ хүлээж байна.  Ерөнхийлөгч өвөл, хавар морь уралдуулахгүй байх Засгийн газрын шийдвэрийг дэмжиж байгаа. Морь уралдуулж байгаа нь Эрүүгийн хэрэг биш. Уралдааны үеэр хүүхэд бэртэж, гэмтэж, амь насаа алдвал хэрэгт татах ёстой. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэв­дорж: УИХ-ын гишүүнд шаг­налтай холбоотой гомдол гаргах юм. АН-ын гишүүд л шагнал аваад, тараагаад байна гэж яриад байгаа. Бид баахан гуйж гувшиж байгаад л хэдэн шагнал аваад, тойргоороо явахдаа өгдөг шүү. Ерөнхийлөгчийн Тамгын газраас асуулт байна. АН-аас Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхдээ нэг үүрэг даал­гавар өгсөн. Газрын доорхи баялаг ард түмнийх байх учраас баялгийн хуваарилалтыг тэгш болгох хууль санаачлаарай гэсэн.  Ерөнхийлөгч энэ талаар ямар байр суурьтай байна.

ЕТГ-ын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч “Газрын доорхи баялаг ард түмнийх байна” гэдэг Үндсэн хуулийн заалт зөрчигдөөд удаж байгаа гэдгийг яриад байгаа. Тиймээс том ордуудын баялаг лиценз хэлбэрээр нэг хэсэг хүнд биш нийт иргэдэд очих ёстой гэдэг байр суурьтай байгаа юм. Яг тэр хүрээнд Тавантолгойтой холбоотой хууль, тогтоомж гаргасан. Одоогийн хуулийн дагуу Тавантолгой нийт ашгаа ард түмэнд ногдол ашиг тараах боломж байгаа юм билээ. Засгийн газар шийдээд л явна. Харин З.Нарантуяа гишүүний санаачилсан хууль батлагдвал нийт ордуудын баялгийг тэгш хуваарилах боломж бүрдэнэ.

...Ийнхүү УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авснаар завсарласан юм. Харин өчигдөр үдээс хойш чуулган хуралдаж, Засгийн газраас өргөн барьсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж, байнгын хороонд шилжүүллээ.