ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Г.Занданшатар: Ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллана

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-31

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэвшүүлэх санал дүгнэлт болон бүлгийн байр суурийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж эхэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Нэр дэвшиж байгаа журмын нөхөрт баяр хүргэе. Мөн өмнөх УИХ-ын дарга М.Энхболдод нийт гишүүдийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд ажиллаж чадсан гэж боддог. Намын талцал хуваагдал, эвдрэлийг арилгах чиглэлд бодитой анхаарч, зөвшилцөлд хүргэхийн төлөө ажиллаасай гэж хүсье. Энэ талаар санаачлагч, манлайлагч байгаасай. УИХ-ын дарга болсны дараа төрийн ажил бүү гацаасай. Энэ талаар юу хийх талаар хариулт өгөөч. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Төрийн гурван өндөрлөг нь хуваагддаг талцдаг, ард түмэн нь дагаж хуваагддаг байдлыг хэрхэн засах вэ. Мөн Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлоготой болсон. Үүнийг хэрхэн яаж хэрэгжүүлж ажиллах вэ. Талцал хуваагдлыг хэрхэн яаж өөрчлөх вэ. Ард түмэн улстөржилтөөс залхаж байна.

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Г.Занданшатар: Нийгмийн шударга ёсны хүсэмжлэл, шаардлагыг ард түмний элч төлөөлөгч болсон гишүүд бид хийх ёстой. Шийдлийн төлөө би ажиллана. Эв нэгдэл бол чухал. Парламент цаашдаа улс төрийн тогтвортой байдал, улстөржилт талцал хуваагдлаас ангид ажиллана. Ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавьж, хоёрдугаарт улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлд ажиллана. Талцал хуваагдал, намын хагарал бол дараагийн асуудал. Өөрчлөлтийн төлөө нэгдэж явна. Өнгөрсөн хугацаанд олон сорилтыг давлаа. Нийгэм, цаг үеийн энэ бүх өөрчлөлтөд нийцүүлж, Үндсэн хуулиа өөрчлөх ёстой. Үүнийг анхаарч ажиллана. Хамгийн чухал ажил ч байх ёстой юм. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлагдсан. Маш том дэвшил. Засгийн газар гурван тулгуурт хөгжлийн бодлого дэвшүүлсэн. Энэ ажлуудыг эрчимжүүлнэ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Шинэ даргатай болгох гэж монголын парламент хоёр сар гацлаа. Миний хувьд УИХ-ын даргаар Ц.Нямдорж гэж хүн орж ирэх болов уу гэтэл унагачихлаа. Хоёр номерт Т.Аюурсайхан орж ирэх болов уу гэтэл орж ирсэнгүй. Шинэ цагийн улстөрч гэдгээр нь би Г.Занданшатарыг дэмжинэ. Залуу үе орж ирлээ. Уг нь сайн залуу. Гэхдээ Т.Бадамжунай, Б.Хурц хоёртой дэндүү ойр шүү. Эндээс хол байгаарай. МАНАН бүлэглэлээс хол байгаарай. Эрхэм журмын нөхөр минь битгий ийм зүйл хийгээрэй. МАНАН бүлэглэлийг эсрэг тэмцэх үеэр жагсагчдын аюулгүй байдлыг хангах талаар та үнэхээр сайн ажилласан явдалд талархаж байгаа. Иргэд олон түмэн биднээс эрс өөрчлөлт хүсэж байна. Бүх баялаг ордуудаа хулгайд алдчихаад байна. Монголын төрд маш сайн Их хурлын дарга байна гэж итгэж дэмжинэ. “Эрдэнэт”-ийн 51 хувиа алдчихлаа. 49 хувиа бас алдах нь ээ. Баялагтаа эзэн байлгаасай гэж үзсэн учраас Засгийн газар таныг дэмжсэн гэж бодож байгаа. Салхитын мөнгөний ордыг авч чадсан шигээ шударгаар ажиллаарай. Шударга бусын хонгил бий болгосон хүмүүсийг үтэр түргэн зайлуулахын төлөө ажиллаарай. Чадахгүй бол би бас тэмцэнэ шүү.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: Монгол Улсын хууль эрхзүйн орчин доголдож байна. Энэ талаар ямар бодит ажил хийх вэ. Та ЗГХЭГ-ын дарга байхдаа төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах талаар сайн ажилласан. УИХ бол хууль гаргаад суух ёсгүй. Иргэдийн амьдралыг сайжруулах, эдийн засгийг өргөх талаар та ямар хичээл зүтгэл гаргамаар байна. Ажлын байрны тоо нэмэгдэх ёстой байна. Ажиллах боловсон хүчнээ гадаадад алдаж байна. Үүнтэй холбоотойгоор аж үйлдвэржилтийн бодлогоо хэрхэн дэмжмээр байна.

УИХ-ын гишүүн, нэр дэвшигч Г.Занданшатар: Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулсан. Зөвлөлдөж, ярилцдаг, гэнэтийн бэлэг барихгүй. Хувийн хэвшлээсээ ч бид үүнийг хүсэж байна. Төртэйгөө ярилцаж, аливаа шийдвэр, шийдлээ гаргамаар байгаа юм. Мөн Аж үйлдвэрийн үндэсний зөвлөл байгуулсан. Энэ жилийг эх оронч худалдан авалтыг дэмжих жил болгосон. Төр хувийн хэвшлийн түвшинд хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа.

Санхүү, татвар, хөрөнгө оруулалт, зээл санхүүгийн бодлого гээд багц асуудал яригдаж байна. Мэргэжлийн холбоодын саналыг тусгасан байна. Сар шинээр ч гэсэн төр, хувийн хэвшил, иргэд бүгдээрээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжих ёстой юм. Татварын хуулийг удаа дараа хэлэлцэж байна. ЖДҮ эрхлэгчдээ дэмжих маш чухал заалтууд орсон. Энэ хуулийг батлуулахын төлөө ажиллана.