ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бараашигны чавга түүж явсан бага насны минь цагаан сар

Ц.ЭНХТҮВШИН
2019-02-03

Сар шинийн баяр ойртохоор л хүүхэд нас, хөгшчүүдээ эргэн санах юм. Нас ахиж яваа нь тэр юм байлгүй. Бараг 60-аад жилийн өмнө тэмдэглэж байсан цагаан сар мартагдашгүй дурсамжийг үлдээсэн байдаг юм. Аав минь айлын ууган хүү. 30 гаруйхан настай залуу хэдэн өнчин дүү нараа золгох хүнтэй байлгах гэж наснаасаа эрт цагаан сар хийсэн гэдэг. Гэхдээ тэр үед цагаан сар гэдэг хотынхны тэмдэглэдэг баяр биш байлаа. “Сайн малчны баяр” гээд хөдөөгийнхөн тэмдэглэдэг байв.

Хотынхны хувьд Гандан хавиар амьдардаг айлууд, гэр хорооллын настнууд тэмдэглэдэг байсан юм. Ээж битүүний өдөр хамаг л гэр орноо цэвэрлэж, идээ будаагаа засаад аавыг хүлээнэ. Нар тонгойход битүүний идээ будаа бэлэн. Тагтан дээрээ гурван хэсэг хөлдсөн  мөс тавиад “ Лхам бурхны морийг ундаална...” гэж хэлнэ. “Лхам бурхан нь ямар морьтой хаанаас ирдэг юм бол. Манай тагт гурван давхарт атал тэнд ирж мөсөөр унд хийхийг бодоход Лхам бурхны морь нь далавчтай юм болов уу” хэмээн сэтгэлдээ төсөөлөн бодоод л цонхоор харуулдаж хүлээх хүүхэд насны минь цагаан сар хөөр баяраар дүүрэн байдагсан.

Битүүний өдрийн их үд өнгөрөөд шугамын радиогоор бөхийн барилдаан эхэлнэ. н.Бадамсэрээжид гэж хүн нүдэнд харагдтал бөхийн барилдааныг тайлбарлана даа. Гэтэл цагаан сарын гол хүн аав л ирэхгүй. Хүлээлгэж, хүлээлгэж  бүр орой ирнэ. Тэр үед хотын бүхий л албан газрууд битүүний орой лекцтэй, шинийн нэгний өглөө сонин уншлагатай байдаг байсан нь хотынхныг цагаан сар тэмдэглүүлэхгүй гэсэн тодорхой  бодлогынх байсан гэлцдэг. Гэхдээ яах вэ, болдог юм болдгоороо гэдэг шиг цагаан сар хамгийн сайхнаараа болдог байлаа.

Нагац талын хэдэн буурлууд Гандангийн дэнжид хоёр хашаа дамнаад амьдарна. Тэдний гэр бүлүүд л цагаан сар гээчийг ёстой жинхэнэ утгаар нь хийнэ. Лувсаншарав, Хад, Бэгз, Гаваа, Долгорсүрэн /одоогийн манлай заан/ гээд хүргэчүүлийнх Гандангийн тэр хашаанд айлсана. Идээ будааны өнгөлөг, хоол цай нь амттай, дээр нь өгөх бэлэгний гоё гэж яана.

Шөнө оройтсон ч гэхгүй манайхан Ганданд очиж хөгшчүүлтэйгээ битүүрцгээнэ. Эргээд маргааш нь өглөө нар ургахад очиж шинэлнэ. Таван гэрээр тойроод ээжийн талын ахан дүүс шинэлцгээчихнэ. Гэрт ирсэн хойно аавын дүү нар ирж аав, ээжтэй золгоно. Учрахын баяр, уулзахын ерөөлтэй сайхан баяр юм даа, монгол зоны минь баяр. Манайх тавгийн идээнд тавих ааруул, хурууд, өрөм тосыг бараг л бүтэн жилийн турш бөөгнүүлдэг байсан санагдана. Хэвийн боовыг аав өөрөө гэртээ хийдэг.

Бэмбий нухна гэдэг том ажил. Алгаа хорстол нухсаар арайхийж аавын шалгуурыг давж хэвэнд хүрнэ. Манайх хэд, хэдэн хэвтэй. Бас дугариг хоёр ч хэв байх. Цагаан сараас өмнө өнөөх хэвийг нь хүмүүс авч явна. Хоёр дугуй хэвээр нь баахан боов хийгээд багачууд хүүхдүүдэд хэдэн ёотон, бас чихрийн хамт боож өгдөгсөн. Тэр дугуй боовыг нь “гавжийн дугуй” гэж хэлэхээр л би баахан инээнэ.

Яагаад ч юм сонсохоор инээд хүрдэг байсан хэрэг л дээ. Хэвийн боов чанах үед амт, чанах тосны халуун, бүлээн гээд мөн ч их ажилтай. Өнөө цагийнхтай адил дэлгүүр болгоны лангуунд төрөл төрлөөрөө өрөөтэй байсан ч биш. Өрсөн хэвийн боовныхоо дээгүүр ааруул, ёотонхон тавьж нэмэгдэнэ. Ер нь бидний багад еэвэн гээчийг тавгийн идээн дээрээ засдаггүй байсан юм. Тавгийн идээ дээр еэвэн тавьдаг “ёс” 1990-ээд оноос л хойш гарсан. Цагаан сарын дараа тавгийн идээгээ их л удаан иднэ дээ гэж бодож байхад ээж минь хэдэн дүү нарт, тэрэнд энэнд гээд л  баахан айлуудад сонинд боогоод тарааж орхино.

Зөрөөд бас ахмадуудаас сар шинийн идээний хувь гэж бөөн юм ирнэ. Манайх хонины ууц гэхээсээ үхрийн өвчүү чанаж тавьдаг айл байсан юм. Аав минь галыг нь хачин сайхан тааруулж чанадаг байж билээ. Ууц, өвчүү чануулахаар бужигнаж буй энэ өдрүүдэд аавын минь тэр төрх нүдэнд харагдаж, аньсага чийгтэж суудаг юм. Мах нь зумраад уначихгүй, гэхдээ нэг л сайхан, шүүс нь махандаа шингэсэн, зөөлхөн чанана, миний аав.

Сүүлд нэлээд томорсон хойно ууц чанах үедээ цагаан сарын шүүсэнд ямар, ямар мах ордог, их бүхэл, бага бүхэл гэж ямар шүүсийг нэрлэдэг гээд  нэг ёсны гэр хичээл заадаг байлаа.

Махаа хэрхэн эвдэх гэх мэт олон зүйлийг цагаан сарын бэлтгэл хийж байхдаа л үрсдээ заадаг монгол аав, ээжүүдийн ухаан юм биз ээ. Өрөм хайлж, хайлмаг хийнэ. Хөдөөний мал хуйтай айлуудад энэ бол тийм ч сонин биш байх. Хотын бидэнд сайхан мэдрэмж. Өрөм хайлах үеийн тэр сайхан үнэр. Орцоор ороход л ханхийнэ. Ховрын юмны үнэр амт гэж тэгж сэтгэлд үлддэг юм болов уу даа. 

Цагаан сарын хамгийн том бэлэг нь гавжийн дугуй, ёотон хоёр 

Цагаан сараар сайхан идээний зэрэгцээ сайхан цай, айраг уудаг байж. Айл болгон айрагтай биш л дээ. Гэхдээ заан ахынх Өвөрхангайгаас ирсэн сайхан айрагтай. Томчууд л уухаас багачууд тэгтэл айраг уугаад байхгүй.

Цагаан сарын сонин идээ, ундааны нэг нь бараашиг. Тэр үед сар шинэ тэмдэглэдэг байсан айл бүр түүнийг хийнэ. Хар чавга, хатсан алим, үзэм гээд байж л болох жимсийг исгэж хийдэг нэгэн төрлийн гар аргаар хийсэн шар айраг юм даа. Буцалсан усанд жимсээ хийгээд жаахан дрож /хөөлгөгч/ нэмээд сахар хийгээд л дулаан газар тавьчихдагсан. Хааяа аав хутгаж үзээд “ Жаахан сахар нэмчихвэл болчихлоо” гэж  суух. Хар чавгаар хийх үед нэлээд асуудалтай. Өнөө чавгыг нь хөөгөөд пэлцийгээд ирэхээр мань мэт нь чимээгүйхэн шиг түүж идчихдээд исэлтийн явцыг удаашруулсан хэрэгт унана.

Бараашигны амт нь чихэрлэг, ундаа шиг санагдаж, багачууд томчуудаас нууж ганц нэг залгилж, зарим нь өөрөө ч мэдэхгүй “агсам тавьсан” сураг дуулддагсан. Тэр үед чимээгүйхэн тэмдэглэдэг байдлаасаа болдог уу, гудамж талбайд архи уусан халамцуу хүмүүс бараг л харагддаггүй байсан юм. Сар шинийн хамгийн гоё хэсэг нь айл, айлаар хэсэж бууз идэх. Бүх л айлын бууз, баншны амт өөр, өөр. Буузандаа азын мөнгө хийнэ. Бор гурилаар бууз хийсэн айл ч олон байдаг байв.

Ээж, аав хоёр орой ажлаа тарж ирээд л цөөн цөөнөөр хийж, тагтан дээрээ гаргаж хөлдөөсөөр цагаан сарынхаа бууз баншийг хийчихнэ. Бууз баншны хачир болгож байцаа, төмсний салат л хийдэг байсан санагдана. Хүүхдүүд бидний хувьд олон айлаар зочилж, томчууд шиг тухлан суугаад байх биш бэлгээ авчихвал нар гарна даа. Өмнө хэлсэнчлэн хотын хүмүүс сар шинийн баяр хийх нь ховор учраас хүүхдээ дагуулж айл хэсэх нь одоогийнх шиг элбэг биш.

Автобус унаа ч ховор. Харин аав, ээж хоёр хэдий нас залуу ч найз нөхөд нь олноороо ирж шинэлцгээнэ. Хүүхэд юм болохоор хөршийн айлуудаар бас орно. Нарийн сайн учир жанцанг мэдэхгүй ч алгаа дэлгээд ахмад хүний гар доогуур, тохойг нь түшиж мэндлэх гээд аав ээжийн зааснаар золгочихоод бэлэг л авахын бөөн хүслэн. Айлууд янз бүрийн бэлэг өгнө. Голдуу л “гавжийн дугуй”, хэдэн ёотон. Зарим айл нимгэн дэвтэр, балын харандаа бэлэглэнэ. Цөөхөн айл нэг төгрөг дээр атга чихэр тавиад өгчихвөл ёстой бөөн баяр. Тухайн үедээ бэлтэйхэн л айл байсан юм болов уу даа.

Ёстой гарч өглөө гэдэг шиг тэр айлд хойтон жил заавал орж золгох юм шүү гэсээр л гэртээ ордогсон. Хүүхэд насны минь цагаан сарын баярын бэлэг нэг иймэрхүү байлаа. Ээж минь энэ жилийн цагаан сар дүүрэхэд, дараа жилийн цагаан сарынхаа бэлгийг бага багаар бэлдэж эхэлдэг байж билээ. Том эгч нарт хошуу хоргой өгнө. Тэр нь 25 төгрөг. Нэлээд ахмад, онцгой хүндтэй хүндээ орой хоргой бэлэглэнэ. Ээж нар нь охиддоо, бэрдээ дээлийн торго барина. Эрчүүдийн бэлэг цомхон. Пуушиг /Беломорканал гэх хөх цаасан хайрцагтай/, соруулгүй тамхи, солнце /сонцэ гэж нэрлэнэ/ шар шүүлтүүртэй тамхи, арай ахмаддаа дүнсэн тамхи, бүсний дурдан бэлэглэнэ.

Бүр сүүл хэрдээ ВТ гэж хатуу хайрцагтай тамхи өгнө. Нийтлэг бэлэг нь хэвийн боов, гавжийн дугуй, ёотон, чихрийг сонинд боогоод л өгнө. Нэлээд томорсон хойно нусны алчуур өгдөг байж билээ. 12 мөнгөний нимгэн дэвтэр өгөхөөр бас дургүй ээ. Үүдэнд нь үлдээчихээд явсан хэргээр ээж ааваас зэмлэл хүртэнэ. Одооны залуус сонсвол инээдтэй л сонсогдох биз. Гэвч бидний хувьд хүүхэд насны хамгийн гэгээн дурсамж, цагаан сарын баярын энэ өдрүүдэд өнгөрдөг байж, одоо бодоход. Сар шинийн баяраар хачин дэгжин ах эгч нарыг харж бушуухан тэдэн шиг болчихоод эгч нар шиг “Духи”, “Может быть” гэсэн үнэртэй ус түрхэх юмсан гэж мөрөөднө.

Нимгэн тэрлэг өмсөж, дугуй малгай тавьчихсан ганган эгч нар жигтэйхэн гоё харагддаг байж. Золголт хийж буй хүмүүс хадаг намируулж, золгох нь бараг л үгүй. Ганц нэг хөгшчүүд хоёр төө гарантай өнгө нь их гандмал хадаг барьж, золгоно. Угаас тэр үед хадаг гэж жинхэнэ хүр хорхойн шүлсээр нэхсэн “нүдний гэм” байж билээ. Цагаан сарын дараагаар хичээл дээрээ хэвийн боов идсэн хэргээр энгэртээ хэвийн боовоо уячихаад анги хэсэж шийтгүүлсэн хүүхдүүд олон байдаг. Өөрсдөө цүнхэндээ боов боорцог хийчихсэн атлаа анги хэсэж яваа хүүхдийг битүүхэн шоолно оо.

Тэгсэн атлаа л цүнх рүүгээ сэм, сэмхэн гар нь явчихна. Хүүхэд л юм хойно бас ангийн найз нөхөддөө тараана. Зарим нэг жаахан “дэггүй” нөхөд цүнх шүүрч  гүйгээд хамаг сайхан боов чихрийг булаачихна. Бөөн хов дуулгасаар гэртээ харина даа. Ээ мөн ч сайхан байжээ. Нас ахисан хойноо энэ бүх дурсамжаа эргэн дурсаж суух юутай сайхан юм бэ. Ижий, аавтайгаа тэмдэглэж байсан сар шинийн баяр бүр хэчнээн аз жаргалтай байсан юм бэ. Хэдэн охиддоо бэлэг боож “түжигнэх” ээжийн минь төрх, өвчүүний махаа шүүслэг болгох гэж зогсох аавын минь төрх одоо ч нүдэнд харагдаж байна. Хотол олны минь уулзан золгодог сар шинийн баяр улам л өргөн дэлгэр болжээ.

Хожмоо үр хүүхэддээ ийм сайхан дурсамж үлдээхийн тулд аав, ээж бүхэн л хичээж байна. Гэвч өнгө мөнгөндөө илүү ач холбогдол өгч, үр хүүхэддээ үлдээх өв соёл, нандин дурсамж нь илүү алсарч байна уу хэмээн сэтгэл зовних л юм. Ирж буй шороон гахай жилдээ та бүхэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй. Дурсамжаа нэгээр нэмж, аав, ээж ахан дүүстэйгээ мэнд амраа мэдэлцэж, ирж буй гахай жилдээ эрүүл энх, аз жаргалтай байгаарай.