ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хэрэлддэг хаягууд

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-02-10

Хуучин бид нийгэмд амьдардаг байлаа. Одоо харин дээрээс нь нэмээд нийгмийн сүлжээнд амьдардаг болсон байна. Өдөр ирэх тусам нийгмийн сүлжээнээс хамааралтай болж, нийгмийн сүлжээгүйгээр ажил амьдрал явахыг больжээ. Төрийн удирдлагууд, дарга нар хүртэл нийгмийн сүлжээний байр байц, хандлагыг харж байж шийдвэрээ гаргадаг цаг үе ирж. Албан байгууллага бүр нийгмийн сүлжээнд өөр өөрийн гэсэн хаягтай болж албан ёсны мэдээллээ байршуулж байна. Түүгээрээ дамжуулж, иргэдтэй шууд харилцдаг болж л дээ.

Гэтэл харин сүүлийн үед төрийн болон бизнесийн байгууллагын албан ёсны хаягууд санал шүүмж хэлсэн хүмүүсийг толгой түрүүгүй загнадаг болж. Хэдийгээр байгууллагын нэртэй хаяг ч цаана нь байгууллага нь биш хувь хүн л сууж буй хойно уурлаж бухимдах зүйл бишгүй дээ гардаг байж таараа, хөөрхий. Тэдний зөв биз. Байгууллагад санал хэлж, харилцсан хүмүүстэй гахай нохойдоо тултал нь хэрэлдэх нь энүүхэнд. Дээхэн ТВ4 телевизийн хаягаас “гөлөг минь чи юундаа гөвөн гөвөн гээд байгаа юм ацаа” гэж үзэгчээ загнаж байсан удаа бий.

Мөн манай нэг өдөр тутмын сонины албан ёсны хаягаас гарчгийг нь шүүмжилсэн хүнийг “зарагч лам гуай дуугүй бай” гэж ирээд загнав. Саяхан хамгийн сүүлд л гэхэд цагаан сараар амралтгүй ажилтай байсан цагдаа нартаа баярлалаа хэмээн соошл аян өрнөхөд өнөөх л албан ёсны хаягаас нь “Бидэнд баярлалаа, талархлаа хэрэггүй. Түүнийхээ оронд замын хөдөлгөөний дүрмээ зөрчихгүй яв” хэмээн үүрэгдэв.

Доор нь сэтгэгдэл бичсэн хүмүүст “Төрийн хувцас өмссөн бид яах вэ. Төрийн ордонд ажиллаж буй хүмүүстээ анхаараарай” хэмээн даажигнав. Сүүлдээ өнөөх алдарт төрийн байгууллагын албан ёсны хаяг чинь сэтгэгдэл бичсэн хүмүүсийг элдэв бусаар хэлж, “самар сайн ид” гэж  хүртэл загнав. Ер нь бол нийгмийн сүлжээнд буй байгууллагын албан ёсны хаягуудын зөв л дөө. Тэр хаягийн цаана сууж буй хүн л байгууллагаа нийгмийн сүлжээнд өмөөрөхгүй юм бол хэн өмөөрөх билээ. Тиймээс тэдний зөв.