Академич Д.Цэвээндоржоор удирдуулсан судалгааны багийнхан “Монголын эртний түүхийг хүн, малын ясны судалгаагаар тодруулах нь” сэдэвт суурь судалгааны ажлын хүрээнд Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн 16 сумын 10 гаруй багийн нутаг дэвсгэрт хайгуулын ажил хийжээ. Улмаар Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг Майхан уулын шинэ чулуун зэвсгийн дурсгалт газарт бэсрэг хэмжээний малтлага явуулж, түүвэр олдвор цуглуулжээ.
Хүрэл зэвсгийн үеийн дурсгал болох хиргисүүрийн тархалтын хүрээг судлаачид Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Дэлгэрхаан уул хэмээн тэмдэглэснийг тус судалгааны ангийн хайгуул судалгааны ажлын үр дүнд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг Гүрэмийн нуурын хойно орших Дэлгэр-Овоо уул гэдгийг тогтоожээ. Мөн Дорнод аймгийн Баян-Уул сумын нутаг дэвсгэрт хийсэн хайгуул судалгааны үр дүнд өмнө тэмдэглэгдээгүй зургаан дөрвөлжин булш, нэг чулуун байгууламж илрүүлэн олж баримтжуулсан байна.
Дээрх сэдэвт ажлын хүрээнд хийгдсэн хайгуул судалгаа нь цаашид Монголын зүүн бүс нутагт явагдах шинэ чулуун зэвсгээс хүрэл, төмрийн түрүү үеийн судалгааны ажлын үндсэн эх хэрэглэгдэхүүн болж байгаагаараа чухал ач холбогдолтой ажээ.