Цагаан сарын урт амралт дуусаж, байгууллагууд энэ долоо хоногийн даваа гарагаас ажилдаа орсон. Монголчууд долоо хоног сайхан л амарч, золголт хийж, хөдөө гадаа явлаа. Бид чинь баярлахыг харин ч нэг сурсан ард түмэн. Үндэсний томоохон баяруудаа бүр ч даацтай тэмдэглэнэ. Улс орны ажил яах вэ, баярлахын хажуугаар амжуулаад сурчихсан хойно. Цагаан сарын дараа байгууллагууд ажилдаа ороод, албан тушаалтнууд, яам, тамгын газрынхан багахан золголт хийлээ.
Ердөө ганцхан л өдрийн золголт хийсэн. Гэтэл нийтээрээ л шүүмжлээд, өмнө нь уулзаад золгочихгүй гэх мэтээр чичиллээ. Төрийн албан хаагчид цалинтай золголт хийж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байна гэж сүржигнэх хүмүүс ч цөөнгүй байна. Сүүлийн 20 гаруй жил ийм л байгаа, тогтсон жишиг. Гэнэт л энэ жил олж мэдсэн юм шиг шуугиад яана.
Тэгээд ч төрийн байгууллагад ажиллаж байгаа хэдийгээ ойлгох хэрэгтэй. Цагаан сарын дараа ажилдаа очих эхний өдөр дарга нартай золголт хийнэ гэдэг чинь ажлаас хавь илүү чухал. Даргадаа хэдэн төгрөг барьж, ямар байдлаар золгох, хаанаа үнсүүлэх гээд нарийн дэг жаяг байгаа. Цаашдын ажлын замналд нь ч маш чухал нөлөө үзүүлэх жилдээ нэг л тохиолдох завшаан. Тийм өдөр төрийн албаныхан иргэдэд үйлчлэх гээд ажлаа хийгээд, даргаа умартаад сууж байж таарахгүй.
Дээрээс нь даргадаа ахиухан мөнгө барьж золгох гэж “шатаж” байгаа жирийн албан хаагчдын цалинг цагаан сарын дараах золголтын өдөр нэмэх хэрэгтэй. Ажлаа хийсэнгүй гэж иргэдэд хараалгаж, албан тушаалтнууддаа таалагдах гэж түрүүвчээ дундалж, даргатайгаа түрүүлж золгохын тулд дугаарлаж л яваа хүмүүс. Хараахын оронд өрөвдөцгөө. Тэр улсын ажил яах вэ, цайны цагийн хажуугаар зав гарвал цаадуул чинь хийчихнэ.