Одоогоос арван сарын өмнө буюу 2018 онд “МАНдуулсан 670 өдөр өнгөрлөө, МАНайхаан ажлаа хийх үү” хэмээн асууж байв. Том ордоо хөдөлгөх, ипотекийн зээлийн журмаа шинэчлэх, Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, Төв цэвэрлэх байгууламжаа шинэчлэх ажлаа хийхийг сануулж байлаа. Гэвч тэр өдрөөс хойш бүтэн 10 сарын хугацаа өнгөрчээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар бүрдсэн 2016 оны долдугаар сарын 30-наас эхэлж тоолвол 928 хоног өнгөрчихөөд байна. Дөрвөн жилийн 1460 өдрийн талаас илүү нь өнгөрчихсөн гэсэн үг. Чин үнэнийг хэлэхэд, Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэг ч том ажил эхлүүлж чадаагүй. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар том, том шийдвэрүүдийг ар араас нь гаргасан ч одоогоор тэдгээр ажлууд нь үр дүнгээ өгөөгүй байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа хүлээн авснаас хойш 100 хоногт хийсэн ажлаа тайлагнахдаа сэтгүүлчдэд “олон том ажлыг эхлүүлнэ” хэмээн мэдэгдэл хийж байсан. Тэр ч хэлсэн амандаа хүрсэн юм. Том ордуудаа хөдөлгөөнд оруулна гэж амлалт өгсөн. Мэдээж Тавантолгой ашигтай ажиллаж, өдгөө хувьцааны ногдол ашиг тараах талаар яригдаж байна. Оюутолгойд цахилгаан станц барих шийдвэр гаргав. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил эхэлсэн.
Гэвч энэ бүхэн нь дандаа эхлэл төдий явж байх юм. Хурдаа нэмэх ёстойг, цаг хугацаа бага үлдсэнийг Ерөнхий сайд ба түүний багийнханд зориуд сануулъя. Одоо улстөржиж, хэрэлдэж суух хугацаа ч үлдсэнгүй. Дараагийн сонгууль болох хүртэл нэг жил, дөрвөн сар буюу 500 гаруйхан хоног үлдчихлээ. Маш бага цаг хугацаа. Монгол Ардын намын 64 улстөрч хэрүүлээ хойш тавьж, 2016 оны сонгуулиар өгсөн “цементэн дээр цэцэг ургуулах” амлалтаа хэрэгжүүлж эхлэхгүй л бол дахин боломж олдох нь юу л бол. Шийдвэр гаргах, цаасан дээр том ажлууд бичих нь сайхан ч түүнийгээ ажил хэрэг болгоно гэдэг хамгийн чухал. Дарга нарын хайчилсан тууз нь салхинд гандаж гүйцлээ. Улс даяар сүр дуулиантай зарлаж, тууз хайчлан эхлүүлсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын үр дүнг одоо нэхэж эхэлцгээе. Тэр тусмаа газрын тосны үйлдвэрээс эхлээд том, том ажлуудыг зоригтой эхлүүлсэн Ерөнхий сайд эхлүүлсэн ажлуудаа бодит болгож чадвал “Төрийн ордонд зүгээр л зургаа өлгүүлсэн сайд биш байна” гэдгийг сануулах нь илүүц биз ээ. МАН-ын бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар том ажил эхэлж, өдгөө тэр нь ахицтай явна уу, эсвэл цаасан дээр үлдэв үү гэдгийг шүүрдэж үзье.
Налайхын автозам:
2009 оноос эхлэн яригдаж, төр хувийн хэвшлийн түншлэлээр замыг барихаар болсон ч ахиц гараагүй. Найман жил яригдсаны дараа 2017 онд Засгийн газар дахин шийдвэр гаргаж, 2018 оны гуравдугаар сард ажлыг эхлүүлэхээр болсон ч мөн л хойшилсон билээ. Тэгвэл 20.9 км замын ажил энэ оны дөрөвдүгээр сараас эхэлнэ. Харин арваннэгдүгээр сард ашиглалтад өгнө гэж товложээ.
Дархан-Эрдэнэтийн автозам:
Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгон өргөтгөж шинэчлэх шийдвэр гарсан. Энэ онд ажлаа эхэлнэ.
Баянзүрхийн гүүр:
2018 оны тавдугаар сард ажил нь эхэлсэн бөгөөд өдгөө 50 гаруй хувьтай байгаа аж. Тус гүүрийг энэ онд ашиглалтад бүрэн өгнө гэсэн амлалтыг ажлын гүйцэтгэгч “Бээжин Юни Констракшн групп Монголиа” ХХК өгсөн.
Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарц:
2017 оны зургадугаар сарын 01-нээс ажил нь эхэлсэн 42.3 сая ам.долларын өртөгтэй гүүрэн гарцыг мөн л 2019 онд ашиглалтад өгөх ёстой. Гэвч хүйтний улирал эхэлсэн учраас түр зогсоож, ирэх сараас ажил эхлэхээр болжээ. Гүүрэн гарцын ажил 43 хувьтай байна.
Сонсголонгийн гүүрийн өргөтгөл:
Хоёр жилийн өмнө буюу 2017 оны зургадугаар сард ажил нь эхэлсэн. Тус гүүрийн өргөтгөлийн ажил 40 гаруй хувьтай явж байгаа бөгөөд энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам:
2016 оны арванхоёрдугаар сарын 21-нд анхлан шийдвэр гарсан. Мөн л ажил эхлээгүй.
Төв цэвэрлэх байгууламж:
2018 оны наймдугаар сарын 27-нд лагийг цэвэрлэж, бордоо болгох ажил нь эхэлсэн. Харин шинэ цэвэрлэх байгууламж барих ажил ирэх сард эхэлж, 2020 онд ашиглалтад өгөхөөр болжээ.
Газрын тосны үйлдвэр:
Дорноговь аймгийн Алтанширээ суманд Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж, дэд бүтцийн барилгын ажлын суурийг өнгөрөгч оны зургадугаар сарын 22-нд тавьсан. Дэд бүтцийн ажлыг 2019 оны зургадугаар сард дуусгах бөгөөд 40 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна.
Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал:
2015 оноос ажил эхэлсэн бөгөөд 2018 онд ашиглалтад өгнө хэмээсэн ч амжаагүй. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын байдлаар олон улсын нисэх буудлын ажил 96 хувьтай байжээ.
Тавантолгойн IPO:
УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоол гарсан. Хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлэх бэлтгэл ажил өрнөж байна.
Эрдэнэт-Овоотын чиглэлийн төмөр зам:
Хавар ажил нь эхэлнэ. 2017 оны зургадугаар сарын 20-нд шав тавьсан ч ажил эхлээгүй.
Баруун таван аймгийн хатуу хучилттай зам:
Мянганы замын ажлыг үргэлжлүүлэх хүрээнд баруун таван аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох 1030.2 км замын ажил хэрэгжиж байгаа.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам:
Ажил нь зогссон. Арав гаруй жил яригдаж байгаа 2015 онд ажил бага зэрэг урагшилсан ч хөрөнгө хүрэлцэхгүй гэдэг үндэслэлээр зогссон. Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 08-ны хуралдаанаар төмөр замын ажлыг эрчимжүүлэх тогтоол баталсан ч ажил эхлээгүй байна.
Боловсруулсан түлшний үйлдвэр:
2018 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас шийдвэр гарсан. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард нээлтээ хийж, өдгөө үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
Богд хан төмөр зам:
2010 онд ТЭЗҮ-г боловсруулж, 2017 оны аравдугаар сард судалгааны ажлыг хийж дуусгасан ч энэ төсөл эхлээгүй. ОХУ, БНХАУ, Монгол Улсын хамтарсан “Эдийн засгийн коридор” байгуулах төслийн хүрээнд хэрэгжихээр яригдаж буй.
Нарийнсухайтын төмөр зам:
“Шивээхүрэн-Сэхэ” хилийн боомтын төмөр замыг энэ онд ашиглалтад оруулна гэсэн амлалт өгсөн.
Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам:
2008 оноос энэ замын ажил яригдаж эхэлсэн. 11 жил өнгөрсөн ч ажил эхлээгүй. Засгийн газраас энэ талаар тогтоол гарч, 2018 онд БНХАУ-ын талаас дэмжлэг хүссэн.
Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам:
2017 оны хавар ажлыг нь эхлүүлнэ гэж ярьсан ч үр дүн гараагүй.
Тавантолгойн цахилгаан станц:
2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд хоёр тал гэрээнд гарын үсэг зурсан. 2020 оны нэгдүгээр улиралд ажил нь эхэлж, 2023 оны зургадугаар сард ашиглалтад өгөхөөр тохирсон.