Утаатай, түгжрэлтэй, зогсоолгүй, хөрсний бохирдолтой Улаанбаатар хотоо бид хэдэн дарга нарт даатгаж өгсөн юм. Тодорхой хэлбэл, МАН-ын дарга нарт. Төв аймгаас гаралтай, морь маланд дуртай нэг нөхөр дээр дурьдсан асуудлуудыг шийднэ гэж дарга болсонсон. Гэвч чадахгүй байсаар ажлаа өгсөн. Одоо хэдэн залуучууд нь хотыг удирдахаар булаацалдаж байна.
Хэн нэг нь дарга болох байх. Дарга солигдохоор дагаад орлогчууд нь ч өөрчлөгдөж таарна биз. Тэдэнд бид хотыг даатгаад, болохгүй байгаа асуудлуудыг нь шийдээч гэж дахиад хүснэ. Харин тэд хотоо Ганданд даатгаад, шавар бурханд мөргөж, Түвд ном уншуулаад явж байна. Буруутгах аргагүй алга аа. Хамгийн сайн чадах зүйлээ л хийж байгаа нь тэр юм.
Монголчууд нийтээрээ л ламаар ном уншуулаад амьдрал сайхан болно гэдэгт итгэдэг. Хотын удирдлагууд ч тэгж итгэхэд болохгүй юм юу байна. Тэгээд ч манай дарга нар ажлаа хийж хамгийн хялбар аргаар амжуулаад сурчихсан. Гадныхан шиг бодлого гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх гэж зүтгэж, биеэ зовоож, толгойгоо гашилгахгүй.
Ердөө л сар шинээр Ганданд очоод ном уншуулчихад л ганц хоёр сарын дараа гадаа дулаарч, утаа багасахыг мэдэх ухаан тэдэнд бий. Одоо харин хэдэн тарни мэддэг, хийморийн сан тавьчихдаг, уншлагатай хүнийг хотын даргаар сонгоё. Орлогч нараа ч гэсэн уншлагатай хүмүүсээр бүрдүүлчих. Тэгвэл үе үе Гандан орж, хотоо даатгаад байхгүй амар. Өөрсдөө долоо хоногтоо нэг удаа сайхан хурал хурж, хийморийн сан тавьчихгүй юу. Тэгж байтал Улаанбаатар хот утаа, түгжрэл, хөрсний бохирдлоосоо салчихна.