ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алмас гээд барьчих вий дээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-18

Манай хууль хүчний байгууллагынхан ажлаа ямар ч алдаа мадаггүй, маш сайн хийж байгаа. Саяхан нохойг чонотой андуураад барьчихлаа гээд шуугиад, шоолоод байсан. Юундаа шоолдог юм. Харин ч болзошгүй аюулаас сэргийллээ. Чоно шиг харагддаг нохой тэжээдэг хүмүүсийн буруу шүү. Тийм нохой тэжээдэг юм бол олигтойхон харж хандаж байхгүй хотын төвөөр явуулж байдаг.  Бүр эсрэгээрээ чоно ороод ирчихсэн явж байвал яах юм. Яаралтай арга хэмжээ авч, араатан амьтаныг аюулгүй болгоод, дараа нь учрыг нь олно гэдэг манай хууль хүчний байгууллага ямар шуурхай, ажлаа нарийн сайн хийж байгаагийн жишээ.

Бусдын ажлыг зааж, элдвээр хэлэх яах вэ. Залуучууд минь өөрсдөө л болгоомжтой, цэвэрхэн яваарай даа. Баасан гарагийн шоугаа хэтрүүлчихээд, бямба гарагийн өглөө сэгсийгээд явж байвал алмас гээд барьж аваад, хорьчих вий дээ. Болгоомжтой л яваарай даа.  Зургийг чинь аваад, цахим ертөнцид оруулаад, “Алмас барилаа” гэж мэдээлээд, “од” болгоно. Дараа нь шинжилж үзээд, хүн байсныг нь тогтоож, эцэг, эхэд чинь, эсвэл эхнэр, нөхөрт чинь аваачиж өгөхдөө дахиад зураг авч, “Алмас гэж барьсан чинь хүн байжээ” гэж мэдээлж, “мод” болгоно шүү.  Тэд ажлаа маш сайн хийж байгаа.