Төв аймгийн Борнуур суманд тун удахгүй төмөрлөгийн үйлдвэр үүд хаалгаа нээх гэж байна. Тус үйлдвэрийн Ерөнхий менежер Б.Мөнхбулагийг “Би Монгол ингэж хөгжүүлнэ” буланд урьж ярилцлаа. Тус үйлдвэрийн залуус дотооддоо дэлхийн стандартад нийцсэн төмөр үйлдвэрлэх том зорилго тавьж, монгол хүний гараар бүтсэн арматур төмөр зах зээлд гаргахаар ажиллаж байгаа юм.
-Төв аймгийн Борнуур суманд төмөрлөгийн үйлдвэр нээгдэж байгаа юм байна. Та бүхэн ажлаа хэзээнээс эхлэв, нутгийн иргэд хэрхэн хүлээв авсан бэ?
-2016 оноос эхлээд Төв аймгийн Борнуур суманд хаягдал төмөр дахин боловсруулах үйлдвэр барихаар очсон. Тухайн үед ажиллаж байсан Засаг даргатай уулзаж, төслөө танилцуулж, улмаар ажлын хэсэг гарган газрын зөвшөөрөл авсан юм. Мэдээж орон нутагт ажил эхлүүлэх гэж байгаа учраас нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа. Тодорхой хэмжээнд ажилгүй иргэдийг ажлын байртай болгох талаар илүү анхаарч, 34 ажлын байр бий болгох талаар санал тавьж, харилцан тохирсон. Борнуур сум 6000 гаруй хүн амтай. Тэдний 20 гаруй хувь нь тогтсон ажлын байртай. Бусад нь мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг. Мэдээж сургуулиа төгсөөд ирсэн ч ажил олдохгүй байгаа залуус олон бий. Энэ бэрхшээлээс болж төрөлх нутагтаа ажиллаж чадахгүй, хот хүрээ рүү шилжих зэрэг бэрхшээл ч байсан. Төвлөрөл нийслэл хот руу ихэсч байсан учраас ажлын байр бий болгох зорилго өмнөө тавьж, гэрээ байгуулсан хэрэг. Хоёр жилийн хугацаанд угсралт, бүтээн байгуулалтын ажил хийлээ. Арав гаруй хоногийн дараа үйлдвэр бүрэн ашиглалтад орчих болов уу. Аймаг, сумын Халамж үйлчилгээний байгууллагуудтай хамтран судалгаа хийж, мөн гэрээ байгуулснаар ажилчдаа авахад бэлэн болчихоод байна.
-Орон нутгийн иргэдийг сургаж авсан гэж ойлгож болох уу?
-Монгол Улсын жижиг дунд үйлдвэрийн салбар дотроо төмөрлөгийн үйлдвэр их онцгой. Мал аж ахуй, газар тариалангаас шал өөр юм. Бид мал аж ахуйн салбараа олон зуун жилийн өмнөөс мэднэ. Өөрсдөө хийж, бүтээж ирсэн ард түмэн. Харин төмөрлөгийн салбарын тухайд боловсон хүчний хүрэлцээ хангамж төдийлөн хангалттай биш. Монгол Улсын хэмжээнд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр хамгийн том нь байна. Бусад үйлдвэрийн тухайд дандаа гадны эзэнтэй, урд хөршөөс ажиллах хүчнээ оруулж ирсэн байдаг. Нэг ёсондоо үндэсний баялаг бүтээгч энэ салбарт цөөхөн бий. Урд хөршөөс барилгын салбарт зээл тусламж, хандив, хөрөнгө оруулалт их хийгдсэн. Тэр хэрээр ажиллах хүчин нь мөн гадных байдаг. Монгол Улсын барилгын салбар дандаа урд хөршөөс хамааралтай явж ирлээ. Цемент, барилгын арматур төмрөө хүртэл гаднаас худалдаж авдаг. Ингэхээр нөгөө барилгын салбарт орж ирсэн бүх мөнгө буцаад хилээр гараад явчихаж байгаа биз. Энэ урсгалыг багасгах үүднээс зориглож ажлаа эхлүүлсэн юм. Би өмнө нь барилгын салбарт ажиллаж байсан. Энэ хугацаанд нэг ч болов төмрийн үйлдвэр нээж, гадагшаа урсаж буй энэ их мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх юмсан гэсэн бодол байсан. Төмөрлөгийн үйлдвэрийн зах зээлд боловсон хүчин хангалттай биш. Энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг тусгайлсан газар ч олон биш. Тэр утгаараа ажилчдаа сургах чиглэлд илүү ажиллана даа. Мэргэжлийн сургуулиудад өөрсдийн боловсон хүчнээ бэлтгэх чиглэлд ажиллана. Эхний хоёр жил төлбөрийг нь 50 хувиар төлдөг ч юм уу, эргэж үйлдвэртээ ажиллах гэрээ байгуулан нарийн мэргэжлийн боловсон хүчнээ бэлтгэнэ. Гадны боловсон хүчин манайд өндөр өртөгтэй ажилладаг. Тэр цалинг нь нэг ч гэсэн монгол залуу авч байх талаар илүү анхаарна гэж бодож байгаа. Манайх баяжмалын үйлдвэргүй учраас баяжмал боловсруулж мэдэхгүй. Хаягдал төмрөө л дахин ашиглаж байгаа шүү дээ.
-Ямар нэг хөрөнгө оруулагч байхгүй, бор зүрхээрээ л ажлаа эхэлжээ дээ. Зах зээлийн судалгааг хийж чадав уу?
-Бүтээгдэхүүний зах зээлийн судалгааг хоёр жилийн хугацаанд хийлээ. Барилгын салбар түр хугацаанд зогсонги байдалд орсон. Одоо эргээд сэргэж байна. Энэ хэрээр ч худалдан авалт нэмэгдэнэ гэж бодож байна. Барилгын салбарт нийлүүлэгдэж байгаа арматурын зах зээлийн 93-95 хувийг Хятадын арматур эзэлдэг. Үлдсэнийг нь Дархан төмөрлөг болон жижиг үйлдвэрүүд хангадаг. Мөн ОХУ-аас орж ирж байгаа. Бидий зорилго бол монгол хүний гараар, Монголдоо үйлдвэр байгуулах явдал. “Борнуурын төмөрлөг” гэсэн брэнд бий болгоно. Зах зээлд таниулаад эхлэхээр дэмжих хүн олон бий. Чанартай бүтээгдэхүүн гаргаад эхлэхээр аяндаа худалдан авагчид ихэснэ гэж бодож байгаа. Урагшаа гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх ажлыг маань дэмжих байх. Хөрөнгө оруулагч байхгүй ээ. Төслөө бичээд л банк, санхүүгийн байгууллагаас зээл авч, мөн өөрсдийн нөөц хөрөнгөөр ажлаа эхлүүлсэн. Үүнээс гадна “Ди Би Энд Лизинг” ББСБ бидний ажилд маш их тус дэм болж, зээл олгосон.
-Үйлдвэрийн тоног төхөөрөмжөө хаанаас оруулж ирэв. Олон улсын стандарт, норм нормативыг хангасан бүтээгдэхүүн гаргах зорилго тавьсан байх?
-Үйлдвэрийн ажлаа эхлүүлэхийн тулд маш их судалгаа хийсэн. Гадаад дотоодоор явж олон ч төмөрлөгийн үйлдвэрээр орлоо. Дотоодын зах зээлд өрсөлдөж буй компаниудаас давуу талтай, илүү чанартай бүтээгдэхүүн гаргахын тулд судалгаа их хийсэн. Урд, хойд хөршийнхөө стандартыг судалсан. Энэ дундаас харьцуулалт хийж байгаад, зах зээлд гологдохгүй, олон улсын стандартад нийцсэн төмөр гаргахаар хичээлээ. Ажлын гүйцэтгэл 95 хувьтай, ажлаа эхлэхэд бэлэн болчихоод байна даа. Эхний ээлжинд зөвхөн барилгын арматур үйлдвэрлэнэ. Төмрөө хайлуулчихсан тохиолдолд жижиг туслах цехүүд баригдаад явна. Турбо, уголик төмөр зэргийг хийх боломж бий.
-ЖДҮ-ийг дэмжих сангаас дэмжлэг авав уу. Төрийн дэмжлэг авч чадсан уу?
-Биднийг төслөө анх эхэлж байхад л үйлдвэрлэлийг дэмжинэ гэсэн уриа байсан. Гэвч хангалттай байгаагүй л дээ. Өнгөрсөн онд Төв аймгийн хэмжээнд Жижиг дунд үйлдвэрээ дэмжинэ гэсэн чиглэл барьсан. Гэхдээ тэндээс ч дэмжлэг төдийлөн байгаагүй дээ. Уриалга гаргах сайхан ч оролцоо тун хангалтгүй гэж боддог юм. Харин Борнуур сумын нутгийн иргэд маш сайн дэмжсэн шүү. Хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан гэдэг шиг эхэндээ эсэргүүцэл байсныг нуугаад яахав. Төмөрлөгийн үйлдвэр гэж Борнуур суманд байгаагүй учраас эхэндээ үл итгэсэн байдлаар хандсан. Бид хүн бүрт, айл бүрээр орж төслөө танилцуулсан. Сум, багийн өдөрлөгт очлоо. Үр ашиг нь юу байх юм, эндээс Борнуурчууд юу хожих талаар танилцуулга хийлээ. Шаардлагатай бүх бичиг баримтаа тэдэнд үзүүлсэн. Хуулийн хүрээнд ажлаа хийж байгаа гэдгээ ойлгуулсан юм. Хүн нэг бүртэй уулзсан гэх үү дээ. Нутгийн маш сайхан дэмжиж, бүр энэ үйлдвэр бидэнд ашигтай шүү хэмээн гарын үсэг хүртэл цуглуулж байсан шүү. Борнуурчууддаа болон Засаг дарга Ууганбаяр, тэдний баг бүрэлдэхүүн бидний ажилд их тус дэм болж байгаа. Энэ дашрамд баярласнаа илэрхийлье.
-Нөхөн сэргээлт ч гэдэг юм уу, агаар хөрсний бохирдол гэдэг утгаараа эсэргүүцэл илэрхийлдэг зүйл байдаг шүү дээ?
-Мэдээж шүү дээ. Байгаль орчныг нь сүйдлээд байвал хэн нааштай хандах билээ. Гэхдээ зөв технологийн дагуу ажиллаж байгаа бол дэмжлэг байх ёстой юм. Тэр ч утгаараа бид үйлдвэрлэлдээ цоо шинэ технологийг захиалж хийлгэсэн. Бид нүүрс түлэхгүй. 100 хувь цахилгаанаар төмөр үйлдвэрлэнэ. Ингэснээр агаарт нүүрсний хар тортог, утаа гарахгүй. Манай үйлдвэр өдөрт 80-100 тонн, сард 2400-3000 тонн арматур гаргах хүчин чадалтай. Манайхан бол БНХАУ-д 50, 60-аад оны үед хэрэглэж байсан тоног төхөөрөмжийг өөрсдөө монголчлоод ашиглаж байгаа. Энэ бол байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Уяраах зууханд асар их нүүрс ашигладаг. Манайд бол тийм зүйл байхгүй, 100 хувь автомат. Байгаль орчин яам, агентлагаас албан ёсны зөвшөөрөл авчихсан. Нарийвчилсан үнэлгээ, дүгнэлт бүгд гарчихсан. Хүн хөдөлж, машин техник явж байгаа болохоор мэдээж байгаль орчны асуудал яригдана. Гэхдээ хортой юу, хоргүй юу гэдэг нь асуудал юм.
-Монгол Улсад дэд бүтэц сул хөгжсөн. Тэр ч утгаараа дотоодын үйлдвэрүүд тээвэрлэлтийн зардлаа илүү өндөр тусгаснаас үнэтэй байдаг юм болов уу гэж боддог. Харин урд хөршөөс вагоноор орж ирдэг учраас өртөг бага, хямд байгаа нь барилгын эздэд давуу тал болдог байх. Танайх тухайлбал үнээ ямар ханшаар тогтоох вэ?
-Миний бодлоор бол жижиг үйлдвэрүүд үнэ ханшийн хувьд Хятад төмрөөс хямд байдаг. Яахав стандарт гэдэг утгаараа өөр байх. Есөн давхраас дээш барилгад стандарт яригдаад эхэлдэг. Тэгэхээр нөгөө жижиг үйлдвэрүүд маань стандартыг хангадаггүй. Дахиж уярааж цувдаг учраас төмрийн нягтрал доторх хийн бөмбөлгөө шахаж чаддаггүй юм байна. Тиймээс стандартад нийцэхгүй гэж үзээд барилгын том компаниуд авдаггүй. Ингэхээр жижиг орон сууц зэрэгт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Өнгөрсөн жил гэхэд л урд хөршөөс орж ирж байгаа төмөр тонн нь 1.7 сая төгрөгт хүрсэн. Манайх дотооддоо 1.4 сая төгрөгөөр үнэлж байсан. Дотоодын томоохон барилгын компаниуд кг, тонн, ширхэгээ яг таг барьдаг гэдэг утгаараа ОХУ-аас авах нь бас элбэг. Тэгэхээр зах зээлд БНХАУ, ОХУ болон дотоодын төмрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд өрсөлдөж байгаа биз. Монгол арматур гэхээр чанаргүй гэж шүүмжилдэг. Бид хувьдаа санал нийлэхгүй. Учир нь бидний хувьд хамгийн сүүлийн үеийн дэлхийн стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр “монгол арматур” буюу олон улсын стандартад нийцсэн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн зорилго тавьсан. Өөрөөр хэлбэл, энэ гурван зах зээлээс нийлүүлж байгаа төмрийн шалгуурт тэнцсэн бүтээгдэхүүн нийлүүлнэ. Тонн жиндээ, тоо ширхэгтээ ч хүрдэг монгол хүний гараар үйлдвэрлэсэн арматур үйлдвэрлэнэ.
-Өөрөөр хэлбэл, есөөс дээш барилгад ашиглах стандартын арматур үйлдвэрлэнэ гэсэн үг биз дээ?
-Том зорилгоороо болж тэгж хэлж болно. Эхний жилүүдэд мэдээж зах зээлд танигдах, сурталчилгаа явуулах, үйлчлэгчээ олж авах чиглэлээр ажиллана. Гаднаас ажиллаж байгаа мэргэжлийн боловсон хүчнээ дагалдуулж дотоодын ажиллах хүчнээ бэлтгэнэ. Эхний хэдэн жил яах аргагүй гаднаас мэргэжлийн боловсон хүчин урьж ажиллахаас өөр аргагүй болж байна. Таны сууж байгаа сандал, ширээний хөл хоёрыг холиод дундаас нь юу гаргах вэ гэдгийг маш олон жил ажилласан, мэргэжлийн хүмүүс л мэднэ. Түүнтэй адил олон төмрийг холиод тэндээс ямар бүтээгдэхүүн гаргах вэ гэдгээ мэддэг ажилтнуудыг эхний хэдэн жил гаднаас урьж ажиллуулахаас өөр аргагүй юм. Явцын дундаа төмөр найруулж байгаа нэг гадны мэргэжилтэнд нэг монгол хүн дагуулж тавиад, дадлагажуулаад боловсон хүчнээ бэлтгэнэ. Чин үнэнийг хэлэхэд энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа Их дээд сургуулийн тоо цөөхөн, чанар ч хангалтгүй байгаа.
-Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс гадна хэчнээн үйлдвэр яг энэ чиглэлд ажиллаж байна вэ. Эдгээр үйлдвэрүүдээс технологийн хувьд ялгарч чадлаа гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Төмөрлөгийн салбарт 12 үйлдвэр байсан. Тэдгээр үйлдвэрүүд ихэвчлэн яг адилхан тоног төхөөрөмж ашигладаг. Манайх цуваа. Тэдгээр үйлдвэрүүд зэрэгцээ байдаг юм. Зэрэгцээ нь уяраах зуухтай, цуваа нь болохоор босоо хэвтэй байдаг. Дарханы Төмөрлөгийн үйлдвэрээс бусад нь зэрэгцээ машинтай. Энэ нь өндөр барилгын стандартад нийцэх төмөр гаргадаггүй гэсэн үг. Налайх дүүрэгт нэлээд хэдэн жилийн өмнө төмөрлөгийн үйлдвэр байсан. Тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа нь цөөхөн байх аа. Ер нь нийслэлийн гурван ч дүүрэгт төмрийн үйлдвэр байгаа шүү дээ. Айлын гэртээ зэрэгцээд л шахуу үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл төмрийн үйлдвэр чинь суурьшлын бүсээс 1.5-2 км-ын зайд байх ёстой гэсэн шаардлага байдаг.
-Энэ жил Засгийн газар төр хувийн хэвшлийн бүх шатанд дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг дэмжих жил болголоо. Энэ уриалга үр дүнгээ өгөх болов уу?
-Бид үйлдвэрээ дөнгөж ашиглалтад оруулж байгаа учраас сурталчилгаа, маркетинг хараахан хийж эхлээгүй. Ажлаа жигдрүүлээд эхэлчихсэний дараа олон хүнд сурталчилна. Соошл ертөнц, хэвлэл мэдээллээр таниулах ажлаа хийнэ. Тэр цагт олон хүн бидэнтэй хамтарна гэж итгэж байгаа. Төр засаг жил бүр л үйлдвэрлэгчдээ дэмжинэ гэдэг. Гэхдээ уриа төдий л өнгөрдөг шүү дээ, нуугаад яахав. Үзүүлсэн үед нь үзүүллээ гэж хэлэхгүй бол уриа бүрт итгээд байх хэцүү шүү дээ. Төдийгөөс өдий хүртэл бор зүрхээрээ зүтгэлээ. Тэр ЖДҮХС-гийн зээл зэрэг нь ч олдоогүй. Хоёр жилийн өмнө барилгын салбар уналтад орсон. Улсын хэмжээнд бүр нэг ч барилгын ажил яваагүй. Яг тэр хүнд цагт бид үйлдвэр барих ажлаа эхэлсэн. Тун ч хэцүү цаг үеийг даваад гараад ирлээ. Одоо гайгүй болох байх. Ажлаа зориглоод эхлүүлчихлээ, үйлдвэрлэлээ дэмжинэ гэж итгэж байна. Төрд гарч байгаа хүмүүс арай өөр сэтгэлгээ, сэтгэхүйгээр юм хийх гэж үзэж байна. Тэд хийгээсэй гэж хүсэж байна. Заавал би ч биш олон мянган залуус шинийг сэтгэж, хийх гэж тэмүүлж байна. Тэднээс нэг ч болтугай том үйлдвэр босгочихвол баярлана.