Явган хүний гарцаар гарах гэж ногоон гэрэл асахыг хүлээж байх зуур зарим хүмүүс хаяад явчих юм. Ногоон гэрэл асаагүй байхад шүү. Ганцаараа зогсоод үлдэхээр нэг тийм хэнээтэй, журам мөрдөх гэж оролддог “дүйнгэ” гар шиг харагдах гээд хэцүү. Хамт дагаад улаан гэрлээр дайрах гэхээр бас ч гэж хуультай, журамтай улсын иргэн шүү дээ гэж бодогдоно.
Нэрэлхүү зан л байх даа, бодвол. Бас ч гэж хэдэн жил амьдрахаа бодсон ч машинтай “алалцаж” улаан гэрлээр дайраад баймааргүй. Тиймээс хүмүүсээ нэгийгээ битгий эвгүй байдалд оруулаад байлдаа. Хамтдаа л ногоон гэрэл асахыг хүлээж байгаад гарцаар гарчихъя. Хэн ч гарцан дээр ганцаараа үлдэж, явах уу, болих уу гэж “ацан” шалаанд орохгүй.
Эсвэл бөөндөө дайрцгаая. Цөөхөн хэдэн монголчууд минь амьддаа бие биеэ хайрлаж, нэгийгээ хэцүү байдалд оруулалгүй эвтэй амьдарцгаая. Бүр гэрэл дохио зөрчиж, хамаагүй дайрахаас өөр сонголтгүй бол нэгийгээ үлдээгээд явчихдаг хувиа хичээсэн зангаа больмоор байгаа юм. Намайг ер нь машин ирж байгаа талынхаа эсрэг талд оруулаад, аваад гарч байгаарай, гуйя. Машин ирээд мөргөсөн ч аюулгүй байхаар.
Монгол Улсын хууль, журмыг зөрчвөл хамт л зөрчиж, дагавал хамт дагая. Тэртээ тэргүй бид нийтээрээ журам, дүрэм дагадаг болтол дахиад хэдэн жилийн хугацаа хэрэгтэй. Тэр болтол хэн нэг нь хэнээтэй болж харагдаад ч яахав. Та нартайгаа хамтдаа л урагшилъя. Харин аюулыг нь та нар минь үүрээрэй. Би чинь аминдаа тун ч хайртай. Гэхдээ та нараасаа хоцрохгүй, хотын нийтлэг иргэдийн дагаж мөрддөг журмыг зөрчмөөргүй байх юм. Хамтдаа шүү.