Монголын Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 2018 онд нэг хүнд 40 хайрцаг тамхи, 41.4 литр архи, пиво, дарс буюу согтууруулах ундаа ногдсон. Монголчууд бид архи, тамхиныхаа хэрэглээгээр дэлхийд тэргүүлнэ үү л гэхээс хоцрохгүй. Эдийн засаг, мөнгө төгрөг, дундаж амьдралтай хүмүүсийн тоо гээд олон зүйлээрээ бид дэлхийгээс хоцорч байгаа.
Тиймээс зарим нэг, тэр дундаа архи, тамхи, фэйсбүүк хэрэглээгээрээ тэргүүлэгчдийн эгнээнд явахгүй бол ёстой хэний үр сад болох бол доо. Ямар нэг үзүүлэлтээрээ заавал дэлхийд тэргүүлэх нь чухал. Тиймээс дотооддоо янз бүрийн архи, шар айраг, дарс үйлдвэрлэж байгаа ч гаднаас оруулж ирэхгүй бол хүрэхгүй. Тамхины үйлдвэрлэл тэгтлээ хөгжөөгүй болохоор гадаадаас янз бүрээр нь оруулж ирэх нь ч бас зөв.
Тэгж байж дэлхийд тэргүүлэхээр хэмжээнд буюу жилдээ нэг хүнд жилдээ 40 хайрцаг тамхи, 41.4 литр архи ногдоно. Харин нэг хүнд жилд ногдож байгаа энэ их архи, тамхиа хаанаас авах юм бэ. Манай гэрт гэхэд дөрвөн хүн амьдарч байна. Бүгдээрээ тамхи татдаггүй. Гэхдээ бидэнд ногдсон 160 хайрцаг тамхиа аваад, зарчихъя. Сарын орлогод хэдэн төгрөг нэмэгдэнэ.
Мөн манайд ногдох 170 литр архиа ч авмаар байна. Баяраар хэрэглэхээ цааш нь далд хийгээд, үлдсэнийг зарж хэдэн төгрөг болгоё. Гурил, будаа, гоймон авсан ч аятай юу. Харин өнөөдрийг хүртэл надад оногдох ёстой байсан 40 хайрцаг тамхи, 41.4 литр архийг хэн шамшигдуулсан бэ. Өнгөрсөн онуудад надад ногдох ёстой архи, тамхийг шамшигдуулсан хүмүүстэй хөлөө хүрэх газар явж, хэлээ хүрэх газар заргалдаж байж олж авна аа. Заргалдах хүмүүс байвал нэгдээрэй.