ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иргэдийн үнэрхэл, төрийн назгайрал хоёр дахин төлөвлөлтийг гацаанд оруулсан уу

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-25

Жилээс жилд өндөр барилгууд сүндэрлэж, нийслэл хот өдрөөс өдөрт өнгөө засаж байна. Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хороо буюу бидний нэрлэж заншсанаар 100 айл орчим л гэхэд одоогоос хэдхэн жилийн өмнө нэлдээ гэр хороолол байсан юм. Тэгвэл эдүгээ ихэнх нь орон сууц болж, их хотын “А” зэрэглэлийн байршил гэж нүүр бардам хэлэхэд ойртож байна. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр 100 айл орчмын будаг нь ханхалсан шинэхэн орон сууцуудын дунд өнгөрөгч зууны эхэн үеийг санагдуулам эзгүйрч, хоосорсон мэт навсгар хэдэн байшин хөглийнө. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн чанх хойно буюу “Хангай” хотхоны замын эсрэг талд энэхүү үзэмж дарагч 16 айл байрладаг. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон байршилд байгаа атал яагаад өнөөдрийг хүртэл газраа чөлөөлж, дахин төлөвлөл­төд хамрагдахгүй байгааг сурвалжлахаар орон сууцанд дунд онцгойрсон тэрхүү хот айлыг зорилоо. Өглөөний 11:30 цагийн үед тус мини гэр хороололд очиход ихэнх айлууд эзгүй байж таарав. Гудамжны зүүн захаас эхлээд хаалгыг нь тогшиж явсаар дөрөв дэх айлд очиход хижээл насны эмэгтэй хаалга тайлав. Ирсэн учраа хэлж, түүнээс дахин төлөвлөлтөд хамрагдахгүй байгаа шалтгааныг тодруулахад “Хашааны эзэд нь энд байдаггүй. Би хашааг нь манадаг юм. Өөрсдөө хөдөө ажиллаж, амьдардаг. “Бэрэн” ХХК-иас хоёр өрөө байраар газраа солих санал тавьсан ч эзэд нь зөвшөөрөөгүй. Түүнээс хойш хоёр ч удаа тус компаниас хүн ирсэн ч тохирцоогүй юм шиг байна билээ. Өөр компанид зарах гэхлээр “Бэрэн” ХХК заруулдаггүй мөртлөө хэт өндөр үнэ хэллээ гээд тохиролцоонд хүрдэггүй юм гэсэн” хэмээн ярилаа.

Дараагийн айлд очиход 60 орчим насны эрэгтэй хаалга онгойлов. Түүнийг даган дотогш орвол зэвэрсэн том том төмөр, хашааны банз болов уу гэлтэй модны хог хашаагаар дүүрэн байх аж. Энэ айл банзан хашаатай бөгөөд тэр нь хар саарал өнгөтэй болж ганджээ. Гаднаас нь харахад, хүн амьдардаггүй гэмээр харагдах энэ хашааны зүүн тал нэлэнхүйдээ нурж унасан байв. н.Алтай гуай энэ хашаанд нэг настайгаасаа хойш 61 жил амьдарсан гэнэ. Хажуу хашаанд нь түүний хүүгийнх байдаг бөгөөд мөн л “Бэрэн” ХХК-тай тохиролцоонд хүрч чадалгүй өнөөдрийг хүрсэн байна. Энэ талаар түүнээс тодруулахад, “Одоогоос таван жилийн өмнө “Бэрэн” ХХК-иас хүн ирж бидэнтэй уулзсан юм. Тэр үед би хашаа, байшингаа байраар солиход татгалзах юм байхгүй гэдгээ хэлсэн. Гэтэл 18 метр квадрат нэг өрөө байр өгөөд хашаа байшинг минь авъя гэсэн санал тавьсан. Эцэг, эхээс өвлүүлж үлдээсэн эд хөрөнгөө би 18 метр квадрат, хулганын нүх шиг жижигхэн байраар солихгүй гэсэн. Тийм жижигхэн газар чихэлдэн амьдар гэж байгаагаа амьдралыг чинь сайжруулах гэж байна гэж тайлбарласанд дургүй хүрсэн. Түүнээс хойш хоёр жилийн дараа 41 метр квадрат хоёр өрөө байр өгье, газраа чөлөөлөөч гэсэн. Би байрыг нь очиж үзсэн. Баригдаж байхыг нь харсан учраас бүрэн цутгамал сайн барилга гэдгийг нь мэднэ. Гэхдээ сантехник нь авах юмгүй юм билээ. Тэгээд би хоёр өрөө байр арай бага байна гэдгийг хэлсэн. Түүнээс гадна хашаа байшингаа өгөөд байр авч байгаа хүмүүст дандаа хойшоо харсан цонхтой байруудаа өгөөд, худалдаж авч байгаа хүмүүст наран талын цонхтой байруудыг өгдөг юм билээ. Тэгэхлээр нь би өөр газар байр худалдаж авъя. Та нар мөнгийг нь өгчих гэж хэлж үзсэн.

“Бэрэн” ХХК зөвшөөрөөгүй. Манай энэ хавийн айлууд бидний хашаа, байшин нэг өрөө байранд л хүрэх юм гэнэ. Энд орон сууц биш цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаж, бид алиндаа ч үгүй болж магадгүй гэнэ гэх зэргээр ярьдаг. Миний хувьд тийм болтол нь, газрыг минь булааж автал нь энд сууна. Эд нарыг царайчлахгүй. Манай гудамжны үзүүрт сургууль барина гэж чөлөөлүүлсэн газраа солонгосчуудад маш өндөр үнээр зарсан. Одоо “СӨҮЛ” нэртэй эмнэлэг баригдчихсан байгаа. Бид яагаад өөрсдийнхөө өмч, хөрөнгийг зарж болохгүй гэж. Урд талын гудамжны үзүүрт чөлөөлсөн хэсэг газрыг өөр компанид зарах гэж байснаа үнээ тохироогүй учраас больчихсон юм шиг байна билээ. Үнэндээ дахин төлөвлөлт нэрийн дор газрын наймаа хийж байна шүү дээ. “Хангай” хотхоны байрны нэг метр квадрат нь хоёр сая төгрөгийн үнэтэй. Яагаад гэхлээр хотын “А” зэрэглэл учраас. Гэтэл хажууханд байрлах бидний хашаа байшин “А” зэрэглэлийнх биш гэсэн үг үү. Ард түмний өмч, хөрөнгийг ингэж үнэгүйдүүлж байгаатай эвлэрнэ гэж байхгүй” хэмээн ярив. Тус гудамжны 16 дугаар тоотод амьдардаг Д.Ганболд гуайнх мөн л хоёр өрөө байр хангалтгүй гэж үзсэн учраас ийнхүү хотын төвд, шинэ орон сууцнуудын дунд нүүрс түлж, ус зөөн амьдарч байгаа аж. Тэрбээр “ “Бэрэн” ХХК манай 0.5 га газрыг хоёр өрөө байраар сольё гэсэн. Манай хашааг хувийн бизнес эрхлэх гэж байгаа маш олон хүн сонирхож, өндөр үнээр авъя гэдэг. Хотын төвд байрлалтай хашаа байшингаа хоёр өрөө байраар солихгүй гэдгээ би хэлсэн. Хоёр өрөө байраар сольё. Дээр нь нэмээд машины граш өгчих гэхлээр зөвшөөрөхгүй байгаа юм. Зарим айлууд хашаагаа өгчихсөн сурагтай байна билээ.

Би хувьдаа өмч хөрөнгөө тэгж үнэгүйдүүлэхгүй” гэв. Хотын төвийн мини гэр хорооллынхон ийн ярьж байна. Тэгвэл үнэ тохирохгүй байгаа гэх “Бэрэн” ХХК-ийнхан ямар байр суурьтай байгааг тус компанийн Газрын зохицуулалт, гадаад харилцаа хариуцсан менежер н.Отгонбаатараас тодрууллаа. Тэрбээр “Иргэд зах зээлийн үнээс хэт өндөр үнэ шаардаж байгаа учраас зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа. Айл бүр өөр өөр шаардлага тавьж, зарим нь газраа өгөхгүй, хашаандаа хувийн орон сууц барина гэдэг. Эсвэл дэд бүтцийн шийдэл бүхий хувийн орон сууц барих мөнгийг өг гэж шаарддаг. Гэтэл шаардаж байгаа мөнгө нь компанид алдагдалтай байхаар, хэт өндөр дүнтэй байдаг учраас тохиролцоонд хүрч чадахгүй байна. Гэхдээ бид тохиролцоонд хүрэхгүй байна гээд орхихгүй. Газар чөлөөлөлтөө хийгээд, худалдан авалтаа үргэлжлүүлээд ажиллаж байна. Бид чөлөөлсөн газраа төлөвлөгөөний дагуу орон сууцаа барьж, дараагийн газар чөлөөлөлтийн ажилд ордог. Ингээд оршин суугаа иргэдтэй гурвалсан уулзалт хийдэг. 16 дугаар сургуулийн арын айлуудын хувьд ихэнх нь жижигхэн хашаатай. Зарим нь тохиролцоонд хүрч газраа чөлөөлөхөөр болсон. Гэтэл зарим нь хэт өндөр үнэ шаардаад байгаа учраас газар чөлөөлөлтөд саад болоод байгаа юм. Тохиролцоонд хүрч, байранд оръё гэсэн иргэдэд тэд хүлээлт үүсгээд байгаа гэсэн үг” гэв. Түүнээс “Бэрэн” ХХК 0.7 га талбайтай хашаа байшинг хамгийн ихдээ хэдэн төгрөгөөр үнэлж байгааг тодруулахад, компанийн борлуулалтын нууц учраас энэ талаар мэдээлэх боломжгүй гэв. Тэгвэл гэр хорооллыг орон сууцжуулах төрийн бодлогыг хэрэгжүүлж буй Гэр хорооллын дэд бүтцийн газрынхан гацаанд ороод буй  энэ асуудалд ямар байр суурийг илэрхийлж, ямар зохицуулалтыг хийх талаар тодруулахаар тус газрыг зорив.

Гэр хорооллын дэд бүтцийн газрын орлогч дарга Б.Азжаргалаас энэ талаар тодруулахад “Хэрэгжүүлэгч барилгын компани болон иргэн хоёр гэрээ хийж, тохиролцох ёстой. Ардчилсан нийгэмт улс учраас иргэн хувийн өмчөө өөрөө үнэлэх ёстой. Энэ үнэлгээ барилгын компанид нийцэж байна уу гэдэг нь гол асуудал. Тухайн барилгын компани газар чөлөөлж, зардал гаргаж байгаа. Дээрээс нь барилгаа барина. Иргэдэд байр өгнө. Иргэд хэт өндөр дүнтэй санал тавихад хэрэгжүүлэгч компани эрсдэлд орох магадлалтай. Энэ мэт тохиролцооны асуудал гэр хорооллын дахин төлөвлөлтөд маш их байгаа. Тиймээс иргэд ухамсартай хандмаар байгаа юм. 2015 онд Хот, суурийн газрыг дахин өөрчлөх тухай хууль батлагдсан. Үүнийг дагалдан гарсан журамд газрыг үнэлэх, хувь нийлүүлж газрыг хурааж авах журмууд гарсан. Ингэж хатуу шаардлага тавихад дахин төлөвлөлтийн ажил зогсох эрсдэлтэй юм билээ. Газрын үнийг хэт өндөр тавихад компанидаа эрсдэлтэй, бага тавихад иргэдэд хохиролтой болоод байгаа юм. Тиймээс гэр хорооллын газрыг дахин барилгажуулах ажлыг харилцан тохиролцооны гэрээгээр л явах ёстой. Олон улсын жишиг ч ийм байгаа. Гэхдээ журамд жишиг үнийг тусгасан байдаг. Хатуу тогтоосон үнэлгээ бол байхгүй. Бид хэрэгжүүлэгч компани болон иргэнтэй гурван талт уулзалтыг зохион байгуулдаг. Уулзалтаар аль болох тохиролцоонд хүрэхийг л эрмэлздэг. Иргэд миний газрыг авахаас өөр аргагүй гэсэн ташаа ойлголттой байгаа нь энэ ажилд том саад болж байна. Миний газрыг авч байж л ажил нь явах учраас миний хэлсэн мөнгийг өгөхгүй гээд яах юм бэ гэсэн хандлага иргэдэд байна. Тухайн барилгын компани графикийн дагуу барилгуудаа барьж байгаа учраас тэнд байгаа 16 айлын байршил өнөөдрийн байдлаар арай болоогүй л гэсэн үг.

Түүнээс биш тохиролцоонд хүрэхгүй байна гээд тэдгээр айлуудыг үлдээж байгаа юм биш. Дараагийн газар чөлөөлөлтөд тэдний байгаа байршил хамрагдах шаардлагатай болох үед гурван тал уулзалтыг зохион байгуулж, тухайн үед нь зохицуулаад явна. Зөвхөн барилгажуулалтын асуудал биш маш олон талт асуудал явагддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Газрын нэг метр квадратын үнийг тогтоочихоор иргэдийн газрыг үнэгүйдүүллээ гээд бөөн шуугиан болдог. Бид ийм зохицуулалтыг хийж үзсэн. Маш их эсэргүүцэлтэй тулгарсан. Иргэдээ бодоод өндөр дүнтэй  тогтооход барилгын үнэ дагаад өсчихдөг. Тиймээс харилцан тохиролцооны үндсэн дээр зохион байгуулах ёстой ажил юм” гэсэн тайлбарыг өгөв. Иргэдийн байр суурь, төрийн бодлогыг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн тайлбараас дүгнэхэд асуудал хяналтаас гарч, гацаанд оржээ гэж дүгнэхээр санагдав. Хууль, журамт улсын иргэд асуудалд ухамсартай хандаж, төр нь хариуцлагатай байхгүй бол өнгө засаж асан нийслэл хот эргээд нүүрээ дутуу угаасан хүүхэд мэт халтартаж үлдэх вий гэсэн болгоомжлол энэ байдлаас харагдах аж. Илүүг харж, үнэрхэж гүрийсэн иргэд, байдлыг харж ихэрхэж назгайрсан төрийн ажлын дунд Монгол улсын хөгжил гацаанд орж байна уу гэх хардлага төрснийг нуух юун.  Дахин төлөвлөлтийн асуудлыг эргэн нэг харж, зохион байгуулалт хийх цаг нь болсон гэдгийг үүсээд буй энэ нөхцөл байдал тод харуулж байгаа юм. Яг ийм гацаанд орсон газар нийслэл хотод тав, арваар тогтохгүй гэдгийг сануулах нь зүйтэй биз ээ.