Манай улстөрчдөд дарга, сайд, гишүүн болоод ирэхээр нь хамааралтай зүйл ширхэг ч үлддэггүй. Өөрийнхөө байгуулсан компанийг хүнд бэлэглэчихсэн гэж ярих нь холгүй. Ямар нэг сангаас зээл “туучихсан” байвал “Би тэр компанийн ажилд оролцохоо болиод удаж байна. Мэдэхгүй” гэж гүрийнэ. Төрсөн үртэйгээ хамааралгүй болж хувирна. “Миний хүүхэд насанд хүрсэн. Өөрөө л асуудлаа шийдэж байгаа. Би огт хамаагүй” гэж ярина. Төрсөн дүүгээ танихгүй болтлоо өөрчлөгдөнө. Зарим нь бүр ханилсан ханиа юу хийдгийг мартаж, ард иргэдээ сандаргана. Тиймээс ганц бие, ах, дүүгүй, хамаатан садангүй, хань ижилгүй, үр хүүхэд байхгүй, орь ганц гэдгээ баталсан улстөрчдийг л дарга болгоё.
Тийм заалт хуульд оруулж өгсөн ч яадаг юм. Тэгэхгүй бол гишүүд, дарга нарын ой санамж нь гэнэт алдагдаад, эхнэр, хүүхдээ хүртэл санахаа больж, байгуулсан компаниа мэдэхгүй ард иргэдээ айлгаад байна. Хөөрхийс, хамаатай бүхнээ мартаад, “Надад хамаагүй, би мэдээгүй” гэж ярьсаныхаа дараа гэртээ хариад яадаг ч юм билээ. Эхнэр нь гэртээ ороход нь толгой руу нь ганжиндаж, “Албан тушаал, нэр хүнд чинь авсан эхнэрээс чинь илүү байна уу” гэж байцааж, зовоодог ч юм бил үү.
Хүүхэд нь эцэг, эхээсээ “Би танд хамаагүй юм уу” гэж асууж, гомддог ч байж мэднэ. Дүү нь ахаасаа “Та намайг ингээд хаяж байгаа юм уу” гэж асуудаг ч байж болох. Бид тэднийхээ зовлонг ямар мэдэх биш. Дөрвөн жилийн хугацаатай нэр хүндээ хамгаалах гэж үйлээ үзэж, үрээ мартаж яваа амьтад. Тиймээс гон бие гозон толгойг сонговол нэрээ хамгаалахын төлөө төрөл садан, хань ижил, үр хүүхдээ мартаад байхгүй амар. Улстөрчид өө, ор ганц гэдгээ нотолж байж дараагийн сонгуульд өрсөлдөөрэй. Бид тийм л хүн сонгоно.