Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтыг өмнө нь ТҮЦ машинаас үнэт цаасаар эсвэл зөвхөн Нийгмийн даатгалын ерөнхий газраас цаасан маягтаар авч иргэдэд ихээхэн хүндрэл үүсдэг байсан. Өнгөрсөн онд л гэхэд 1.9 сая удаагийн хандалтаар ажил олгогч болон даатгуулагч нар дээрх байдлаар лавлагаа авсан байна. Ингэж лавлагаа авахад хураамж төлөх, хүлээгдэл үүсэх зэргээс болж бүтэн өдрийнхөө ажлыг цалгардуулах тохиолдол ч бий.
Энэ оноос ажил олгогч, даатгуулагч нь НДЕГ-ын цахим хуудасны “Даатгуулагчид зориулсан вэб” хэсэгт нэвтрэн онлайнаар лавлагаагаа авах боломжтой болжээ. Уншигч танд интернэт болон хэвлэх төхөөрөмж байхад цаг хугацаа, орон зайг үл хамааран ШИМТГЭЛ ТӨЛӨГЧ гэсэн лавлагаагаа авч ашиглах боломжтой юм. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт нь тухайн байгууллага болон иргэний санхүүгийн чадамж, орлогыг илтгэх гол баримт болдог. Тиймээс арилжааны банк, элчин сайдын яам, хууль шүүхийн байгууллагаас ихэвчлэн ийм төрлийн лавлагааг шаарддаг. Нийгмийн даатгалын байгууллагаас дээрх байгууллагуудад албан бичгээр шинэчлэгдсэн лавлагааг хүчин төгөлдөрт тооцож хүлээн авах хүсэлт хүргүүлсэн ба лавлагааны бодит эсэхийг хянах програм хангамжаар хангасан гэдгийг албаны хүмүүс нь хэлсэн.
Уншигч та http://daatguulagch.ndaatgal.mn/ холбоосоор доорх боломжуудыг ашиглан нэвтэрч, лавлагаагаа аваарай.
Нийгмийн даатгал гар утасны аппликэйшнд нэвтрэх код
Иргэний тоон гарын үсэг (“Дан” систем)
Үүрэн телефоны операторын хэрэглэгч бол утасны дугаар болон регистрийн дугаар (“Дан” системийн нэг удаагийн нууц үг)