ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эх орондоо хайргүй япончууд

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-03

Улс орон хэт хөгжих дэмий юм байна. Японд засмал замын хажуугийн нуух таван см-ийн зөрүүтэй байснаас болж дугуйтай хүн унаж бэртжээ. Энэ осолд тухайн орон нутгийн удирдлагууд хариуцлага хүлээж, 1.3 сая иен төлөхөөр болсон байгаа юм. Дугуйтай хүн замын нуухны зөрүүнээс болоод унаж бэртсэн гэдгийг хэн, яаж ч тогтоогоод байгаа юм. Өөрөө дугуйгаа олигтойхон унаад явчихаж чадалгүй унасан ч юм бил үү.

 Тэгээд ч замын хажуугийн нуух таван см зөрүүтэй байна гэдэг тийм ч их асуудал биш.  Гэтэл нэг иргэн өөрийнхөө ч буруугаас болсон байж магадгүй осолд дулдуйдаад, төр засгаасаа мөнгө нэхэж л байдаг. Манай улсад бол ард түмэн нь эх орондоо хайртай. Замын нуухны таван см зөрүү битгий эвдрэл, гэмтлээс шалтгаалаад осол гараад, бэртэж гэмтсэн байсан ч төр засгийнхан, албаны хүмүүсээс хариуцлага нэхэхгүй. Мөнгө төгрөг авахын төлөө явах ч үгүй.

Харин “Өөрсдөө хурдаа тааруулж явах нь яасан юм. Зам эвдрэлтэй гээд самбар дээр бичээд, анхааруулчихсан байгаа биз дээ” гэж нэгийгээ загнана. Зам барихдаа стандарт мөрдөж, зузаан, өргөнөөс “идэхгүй” байна ч гэж үгүй.  Угаасаа манай эрх мэдэлтэн, албан тушаалтнуудын баяжих арга тэр учраас хэн ч хэл ам хийхгүй. Тэр дундаа ард иргэд замын стандарт гэдгийг мэдэхгүй. Замын хажуугийн нуух таван см зөрсөн үү гэдгийг мэдэх нь битгий хэл нуух байгаа эсэхийг ч анхаардаггүй.  

Манай улсад зам дээр нэг л дүрэм үйлчилнэ. Хурдаа хас, замын эвдрэлтэй хэсгээр анхаарал болгоомжтой яв. Тэгээд л гүйцээ. Бид чинь эвдрэлтэй, стандартын биш  замаар “Хайртай Монгол орноо мандуулъя” гэж дуулаад, хурд хэтрүүлж давхидаг хийморьтой ард түмэн.  Осолдсон байлаа ч төр засгаасаа юу ч нэхэхгүй. Учир нь монголчууд эх орондоо хайртай.