ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төрөх эмнэлэг бүрт баавгайн савар авч өгье

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-05

Монголын мянга мянган бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийн ажилтнууд төрийн албаныхнаа их муу хэлдэг. Тэр дундаа Мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчиддаа дургүйг яана.  Байнга шалгана, шүүнэ гэж дарамталдаг. Хээл хахуул авдаг. Хууль бус гэж хурааж авсан зүйлээ өөрсдөө хэрэглэдэг гээд л ам хуурайгүй муулахыг яана. Тэгж яривал тэд чинь хэдэн бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн ажилтан, албан хаагчид, захирлуудын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа шүү.

Жишээлбэл, гэнэтийн шалгалтыг нэг ч удаа гэнэт хийдэггүй. Заавал долоо хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг. Сүүлийн үед цахим ертөнцөөр нэмж зарладаг болсон. Бүр “Танайд ирэх долоо хоногт очиж гэнэтийн шалгалт хийнэ шүү” гэж утасдаж хэлдэг дүрэм, журамтай гэж байгаа.  Энэ чинь “Шинэ халатаа өмсөх, ширээнийхээ бүтээлгийг солих” боломж олгож байна гэсэн үг.  Хууль, журам зөрчсөн зүйл байвал засах боломж олгоно.

Нууж хаах зүйлтэй бол хурдхан нуу гэж боломж өгч байгаагаас ялгаа юу байна.  Үүнийг тэгээд бизнес эрхэлж байгаа хэдийгээ хайрлаж байгаа гэж ойлгохгүй өөр юу гэж ойлгох юм.  Гэнэтийн шалгалтаа гэнэт хийгээд, хамаг булхай, луйвар, хууль зөрчсөн байдлыг чинь илрүүлж гаргаад, иргэдийн аюулгүй байдлын төлөө утгаар нь ажиллавал бизнес эрхлэгчид яаж ажиллах болж байна. Монголд чин шударгаар бизнес эрхлэх боломжгүй гэж компанийн захирлууд өөрсдөө хэлдэг. Тэгвэл тэр шударга бусаар ажиллах боломжийг гэнэтийн шалгалтыг гэнэт хийлгүйгээр олгож байгаа юм биш үү. Тийм байхад хэдхэн байцаагчийн хэрэглээг хангачихаад элдэв юм битгий гон гон гээд бай.  Тэгээд байвал гэнэтийн шалгалтыг гэнэтхэн хийнэ шүү.