ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хамгийн гол нь адуу хөөх шүү, киночид оо

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-12

Монгол киног адуу­гүйгээр төсөөлөхийн аргагүй. Эмнэг унасан эрэмгий залуус, урт уураг сугсалзуулж, сүрэг адуу хөөж буй сүрлэг зураглал байхгүй бол ямар кино гэх билээ. Энэ дүр зураг бол тухайн киног монгол гэдгийг тодотгохоос гадна сүр оруулдаг чухал үүрэгтэй. Тийм ч учраас сүүлийн үед энэхүү адуу хөөх үзэгдэл монгол киноны уламжлалт зураглал болж байна. Ойрын гурван жилд гарсан ихэнх кинонуудад энэ дүрслэл бий.

Нэгэнт л энэхүү үзэгдэл монгол киноны таних тэмдэг болж байгаа учраас бүх төрлийн кинонд энэхүү адуу хөөх үзэгдлийг шигтгэж өгье. Хайр дурлал, уянгын гээд бүх кинонд адуутай дүрслэлээ хавчуулах ёстой юм. Бүр хүүхдэд зориул­сан кинонууд, анимейшнуудад хүртэл адуу хөөх зураглалыг оруулах ёстой. Ямар төрлийн кино байх нь хамаагүй хамгийн гол уламжлалт үзэгдлээр чимэглэх нь чухал. Хамгийн гол нь адуу хөөх шүү, киночид оо.

Эс тэгвээс сайн бүтээл гарахад адуу хөөх үзэгдэл байгаагүй учраас монгол хүний бүтээл биш гэж мэлзэх аюул тулгарвал яана. Үгүй гэхийн аргагүй. Тиймээс аливаа зүйлийн найдвартай нь дээр учраас бүтээл болгондоо адуу хөөх уламжлалт үзэгдлээ оруулж хэвшье. Үүнийг албажуулж нэгэн төрлийн монгол киноны шаардлага болговол, бүр л хүчээ авна. Бүр киноны шилдэг “адуу хөөх”  үзэгдэл гэх тусгай номинаци гаргаж, өрсөлдүүлэн, үндэс­ний уламжлалаа улам бүр бэхжүүлмээр юм. Тиймээс монгол киноны адуу хөөх үзэгдлийг албажуулах хэрэг­тэй байна.