ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүнийх л бол хүнийх

Ц.ЭНХТҮВШИН
2019-03-13

Урд минь тодоос тод улаан өнгөтэй томоос том хэтэвч хэвтэнэ. Би тэр хэтэвчийг авсангүй. Яагаад гээч. Хэдэн жилийн өмнө бичиг баримт дүүрэн тийм нэгэн хэтэвч олоод  дотор байсан үнэмлэхийн хаягаар хэрэг болгон хайсаар хүргэж өгтөл өөдөөс мөнгө нэхээд, хүнд тус болох гэсэн биш харин ч “хулгайч”-аараа дуудуулаад ёстой нэг ууцаа хугалсан мэт бөхийхөөрөө бөхийж буцсансан. Түүнээс хойш дахиж ингэхгүй хэмээн бодсон юм. Гэхдээ миний тэр бодолтой зэрэгцээд “Хэн нэгэн яарч яваад эд зүйлээ гээсэн бол яана вэ. Түрийвчин доторх баримт бичиг нь нэн чухал байгаа бол...” гэх мэт олон бодол уралдсаар өнөөх хэтэвчийг авлаа. Түүн дотор юу байх нь чухал биш.

Гол нь хүний хаясан гээснийг олоод эзэнд нь өгөх хэрэгтэй гэсэн буурлуудын үг үнэнд илүү ойр санагдсаных. Өөрөө биеэрээ хүргэхээ байг гэхэд хүний хаясан гээснийг хүргээд өгдөг газар бий. Тэнд хүргээд өгчихье. Ингэж бодлоо. Сая гаруй хүн амтай энэ том хотод  ядаж л хүний хаясныг олоод өгдөг хүмүүсийн тоо олон байгаасай. Манайхны ихэнх нь “Олсон хүний олз...”гэсэн хандлагатай. Хүний хаясан гээснийг олчихоод өгөхгүй бол Эрүүгийн хариуцлагад татагддаг гэдгийг мэддэггүй юм билээ. Тэгвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 1-д “Алдуул мал, гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заажээ.  

Энэ заалтыг зөрчсөн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгддэг. Гээгдэл эд хөрөнгө, алдуул мал, дарагдмал үнэт зүйлсийг олсон иргэн Монгол Улсын Иргэний хуулийн 116, 117, 118 дугаар зүйлд заасны дагуу холбогдох төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх, хүлээлгэн өгөх үүрэгтэй ба эд зүйлийн тодорхой хувийг урамшуулал, шагнал болгон авах, хуульд заасан хугацаанд эзэмшигч нь тогтоогдоогүй тохиолдолд өөрийн эзэмшлийн болгох эрхтэй байдаг гээд албаны юм бичээд явчихвал байна, байна. Гэхдээ  энгийн бөгөөд хамгийн чухал зүйл бол хүний юмыг эзэнд нь буцаагаад өгчихдөг соёл. Хүний юм хүнийх л байдаг.