ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гэрлэн дохио хүн дайрахгүй, битгий хар

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-17

Иргэдийг хотын соёлд суралцуулж, ногоон гэрэл, цагаан шугамаар гарахыг уриалаад хэрэг байна уу даа. Жолооч нар гэрлээрээ явахгүй байхад явган зорчигч нар дүрэм мөрдөх гээд яах вэ дээ. Дуртай газраараа зам хөндлөн гар, ямар хамаатай юм.  Жолооч нар дураараа яваад байхад явган зорчигч дүрэмд баригдана гэж юу байхав.  

Эцсийн эцэст дүрэм баримталсан нь л хохирдог, манай улсад.  Гарц дээр зогсоод, ногоон гэрэл хүлээж байгаа хүмүүст ганц л үнэн үг хэлье. Гэрэл биш машин харж байгаад л зам хөндлөн гар. Одоохондоо гарцаар гарч байгаа хүн дайрсан гэрэл дохио нэг ч байхгүй байна. Харин ногоон гэрлээр, гарцаар гарч байгаа бага насны хүүхэд мөргөж унагасан, дайрсан жолооч зөндөө бий.  Бүр урсгал сөрж давхиж байгаад өсвөр насны хүүхэд дайраад алчихсан тохиолдол ч бий. Тэгэхээр цагаан шугам, ногоон гэрэлд итгээд хэрэггүй. Бас айх хэрэг алга.

Цагаан шугам босч ирээд цохихгүй, ногоон гэрэл хурдаа нэмээд дайрахгүй. Манай жолооч нар дүрэм мөрдөнө гэхээр тэнгэр заяа нь бодогдоод, журамд баригдаж чаддаггүй хүмүүс.  

Ихэнх нь шүү.  Монголчуудын довтолгоог дэлхий зогсоож чадаагүй юм чинь монгол жолоочийг улаан гэрэл, явган хүний гарцны цагаан шугам зогсоодоггүй л байхгүй юу. Тийм болохоор машинаа хараад, гэрэл дохиогоо хаяад, замаар шууд л гар.  Бас машины урдуур хурдан гарахын тулд гүйж сурах хэрэгтэй байна.  Явган хүний гарцаар гарах гээд алхах үед чинь 100 метрийн цаанаас ирж яваа машины жолооч хурдаа огцом нэмнэ. Яг тэр үед нь өмнүүр нь амжиж гүйж гарахын тулд хурдан гүйх бэлтгэл хийхээ мартав аа.  Цаашид замын хөдөлгөөний дүрэмдээ явган хүнийг хурц хараатай, машин хэдэн км/ц-ийн хурдтай ирж байгааг мэдэрч чаддаг байх хэрэгтэй гэсэн заалт оруулсан нь дээр дээ.