ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Үгээ нуухгүй бол чихээ нуухгүй

Ц.ЭНХТҮВШИН
2019-03-19

Энэ монголчууд чинь бүх зүйл нь ил задгайгаараа бүр цууд гарах нь. Ялангуяа нийслэлийн нийтийн тээвэрт зорчигч хэн гуай ч гэсэн автобус унаан дотор нэг байтугай хэд хэдэн хүний амьдралын сайн муутай нь нэлээд сайн танилцаад бууна. Энд тэндгүй чихэн дээрээ утсаа тавиад чинээний чангаар хашхиралдах тэдний амьдралыг сонсохгүй гээд яанам бэ.

Үгээ нуухгүй бол чихээ нуултай биш. “За, танайхан сайн уу? Эхнэр хөдөө хэдэн малтай үлдсэн. Би түрүү булчирхай өвдөөд, шээс чивчрээд хотод ирээд байна...” хэмээн хажуугийн суудалд нэгэн өвгөжөөр эр чанга чангаар хашхичиж суухад архан талд залуухан бүсгүй “Хайр аа, би тэгээд яг одоо 450 мянгатай л яваа шүү дээ.

Хадгаламжны хугацаа арай болоогүй ээ. Тэнд бас 500 мянга л байгаа” гэсээр гонгинох. Тэгтэл тэр урдаас нэг эмэгтэй “Хүүр ээ, чи яахаараа дандаа гударч байдаг хүүр вэ? Одоо дахиад эхнэр чинь хаяад явбал хохь чинь шүү” гэсээр хэн нэгнийг дарамтлангаа автобусанд явуу бүгдийг бас нам болгоод орхив.

Тэр гуайтай уралдах мэт автобусны жолооч гуай дуу нь өндөрсөж “Өчигдөр шөнөжин уулаа. Өнөөдөр сонгино, сонингийн цаас зажиллаж байж ажилд гарлаа. Дотор гэж авах юм алга....” гээд л ярихыг сонсмогц бушуухан буумаар санагдах. Таны эрх ашиг миний эрх ашгаар хязгаарлагддаг гэдгийг огтоос мартсан “гар утастангуудын”омгийнхон  сая гаруй хүн амтай хотод толгой хоргодож буйгаа үргэлж санах хэрэгтэй. Утсаар ярьж буй нь энэ гээд гэрийн хаяг, дансны дугаар, хүүхдийн сургууль гээд ярихгүй юм ер алга. Энэ нь нөгөө талаар өөрсдийнх нь аюулгүй байдалд ч халтай байж мэдэхээр. Наанадаж өөрийгөө, цаанадаж түмэн олноо бодож нийтийн тээврээр нэг хамаг байдагаа дэлгэхээ болиоч ээ, метрополитан хотынхоон.