ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гайхуулахыг нь тэд, дээрэлхүүлэхийг нь бид

O.Admin
2019-03-20

Сүүлийн хоёр өдөр дөрвөн эрхмийн нэр сошиалд хадаастай өнжлөө. Дөрвүүлээ мөнгөтэй, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүс. Хүүхдүүдээ улсын мөнгөөр гадаадад сургаж л дээ, тэд. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Баделхан, Ө.Энхтүвшин, “Алтжин”-гийн Г.Алтан нар гадаадын их дээд сургуулиудад хүүхдээ сургахаар төрийн сангийн 16-32 мянган ам.долларыг “туучихаад” эргэж төлөөгүй байна гэнэ. Хоёрын хооронд тав, аравхан сая төгрөгөөр Монголд сургаж байснаас “чөмөгтэй” гэдгээ харуулж, сайн боловсон хүчин болгож Монголдоо оюуны хөрөнгө оруулалт хийх гэж байгаа ч юм бил үү, яаж мэдэх вэ. Мөнгө, эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс бусдад, гадаад ертөнцөд монгол хүний хэр хэмжээг харуулж, гайхуулах гэдэг нь зөв л дөө.

Харин жирийн багшийн, жолоочийн, цэвэрлэгчийн хүүхдүүд хөрөнгө чинээндээ тааруулаад Монголдоо л сурсан нь дээр. Гадаад явлаа, харьд сурлаа гээд ямар ч нэмэргүй, гологдоно. Царай зүс, өмссөн хувцас, эдлэл хэрэглэлээрээ гологдоно. Толгойгоороо, эрдэм чадлаараа бол харин ч гайхуулна л даа, уг нь. “Томчууд”-ын хүүхдүүд гадаад ертөнцөд Монголын нэр нүүрийг тахалж, LV цүнхтэй, “бенз” унаатай гэдгээрээ гайхуулах ажлыг нь хийгээд явахад болохгүй нь юу байх билээ. Харин жинхэнэ монгол оюутан, энэ улсын “бүтээгдэхүүнүүд” нь эх орондоо боловсорч, эндээ “ихэс дээдэс”-тээ доромжлуулж, дээрэлхүүлэх ажлыг нь нөхөөд болоод л байна. Эх орондоо байгаанууд нь дэлхийн тавцанд эрдэм мэдлэг, эр чадлаараа гайхуулаад ирж очоод явж л байна, чадаж байна.  

Улсын мөнгөөр гадаадад сурснууд нь өнгөлөг мөнгөлөг байгаад болоод л байна, чадаж байна. Хар цагааныг хослуулна, дэнсэлнэ гэдэг нь энэ. Дахиад олон эрх мэдэлтнүүд хүүхдүүдээ хэд хэдээр нь улсын мөнгөөр гадаадад сурга, дэмжиж байна. Улсын мөнгө уйлах биш, барагдах биш. Өгсөн нь авахаа мэдэх биш. Арга чарга хэрэглэж, арай ядан цуглуулсан арав, хорин мянган доллараа хүүхдийнхээ сургалтын төлбөрт зориулах чинь хайран л даа. Улс бэлэн мөнгө өгч байхад хувийн зардлаар хүүхдээ сургадаг тэнэг гэж хаана байна. 

А.Одсүрэн