ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ардчилалгүй Солонгос

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-24

Өмнөд Солонгос улс дэлхий нийтэд ардчиллаараа гайхуулдаг.  Саяхан л Солонгосын ардчилал шинэ шатанд гарлаа, иргэд жинхэнэ утгаараа эрх чөлөөтэй болж байна гээд байсан. Гэтэл иргэдийг гарцаар гарах үед нь утасны сүлжээ унагадаг болсон гэнэ ээ.  Ингэж иргэдийнхээ эрхийг зөрчиж болох уу. Яг тэр үед нь чухал дуудлага ирвэл яана.  Хэрэгтэй бичлэг үзэж байтал тасалдаж ч болох нь. Эсвэл чухал хүнтэй утсаар яриад явж байхад нь гэнэт тасарна гэсэн үг.

Ийм ардчилал хаана байна. Манай улсад тэр жинхэнэ ардчилал чинь утгаараа байгаа. Иргэд заавал гэрэл дохиогоор, гарцаар гарна гэж байхгүй. Хаа дуртай газраараа гарч, хүссэн газартаа бие засаж, шүлсээ хаяж, нусаа нийнэ. Гарцгүй газраар ганган хүүхнүүд загварын тайзнаа алхаж байгаа юм шиг гунхаж гарч, хэдэн жолооч нарынхаа нүдийг баясгаж, сэтгэлийг хөглөнө. Юун утасны сүлжээ унагах. Харин ч гарц дээр утасны сүлжээ улам сайн барина. Иргэд утсаар ярингаа гэрэл дохио ч тоохгүй алхана.

Явганы зорчигч гарцтай, гарцгүй хаана ч байсан давуу эрхтэй. Жолооч нар зогсч өгөх үүрэгтэй. Утсаар ярьж яваа иргэн бүр ч давуу эрхтэй, манай улсад. Тэгэхээр жинхэнэ ардчилал Монголд л байна. Манай улс явган зорчигийн эрхийг хамгийн дээд зэргээр хүндэлдэг. Утсаар ярих эрхийг нь бүр ч их хүндэтгэнэ.  Угаасаа явган явж байгаа хүн анхаарал болгоомжоор яадаг юм. Машинтай хүмүүс нь л ногоон гэрэл асчихсан байхад гэнэт утсаар ярьсан хүн гараад ирэх вий дээ гэж болгоомжлоод, хурдаа тохируулаад явбал л барав.  Харин машинтай хүн бүрийн машинд сүлжээ унагагч байршуулмаар байна.